Цар тахлын үед мөнгөөр тасрахгүй яваад байгаа нь сар болгон сая саяар урамшуулал авдаг Олимпийн медальтнуудаас гадна урлагийнхан аж. Тэд тамирчид шиг тогтмол авахгүй ч тэмдэглэлт баяр бүрээр подхийсэн мөнгө “цохиод” л байна. Урлагийхныг төсвийн мөнгөөр байнга баярлуулдаг “буянтан” нь Нийслэлийн Соёр урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн юм. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолчийн хүү энэ ажлаа алдсан, шүүхдэн барин эргэж ирсэн нь учиртай, нэлээн “унацтай” ажил бололтой.
Нийслэлийн соёл урлагийн газар Цагаан сарын баярт зориулсан “Монголын их билэгшээл” нэвтрүүлэгт 55 сая төгрөг гаргасан аж. Тэр мөнгөнөөс урлагийн томчууд ихийг, хөөрхий тоглогч хүүхдүүд өчүүхнийг хүртсэн байдаг. Эх зохиогч найруулагчид багтан продюссерээр ажилласан МУГЖ Б.Жаргалсайханд 15 сая, харин ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарт бүр 20 сая төгрөг ноогдсон. Тэдний дэргэд зохиогчоор ажилласан Соёлын гавьяат зүтгэлэн, сэтгүүлч Г.Золжаргалд хамаагүй бага буюу 3,5 сая төгрөг авчээ. Тэгвэл “Монголын их билэгшээл”-ээс гадна цагаан сард зориулсан бас нэгэн нэвтрүүлгийг Нийслэлийн соёл урлагийн газар бэлтгэн явуулж зардлыг нь Хотын захиргаанаас гаргуулсан байна. Сар шинийн баяр зориулсан энэ нэвтрүүлэгт уран бүтээлчид болон хамба лам Чойжамц, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Долгорсүрэн нарын “өв тээгчид” оролцжээ. Ж.Дамдинцэрэн уран бүтээлчдэд гар татаагүй нь ханшнаас илт харагдана.
Хамгийн их мөнгө буюу 10 саяыг дэлхийд алдартай гэх “The Hu” хамтлаг авчээ. Тэд цар тахлын үед ч ядарсан төсвөө бодоод үнээ буулгадаггүй аж. Хажууд нь “Хөсөгтөн” хамтлаг даруухан загнасан байна. Алдарт “Киви”-гийн Ука бүжигчдийн хамт 4,5 саяар дуулж бүжсэн бол нийтийн дуучдын “гайхамшигт” гурвал болох Мөнхбат, Банзрагч Бурмаа нар тус бүр нэг сая төгрөг авчээ. Урлагийн томчуудад энэ мэтээр сая саяар өгсөн атлаа 11 дүгээр цэцэрлэгийн 10 гаруй хүүхдэд нэг саяыг “хялайлгасан” аж. Сайн дурынхнаас “Авьяаслаг монголчууд”-ын Шижирбат бүр МУСТА нараас их мөнгө авсан байна. Өв тээгчид “дэндүү том” зиндааныхан тул нэр хааж 200-300 мянгыг өгөөд салжээ. Ер нь Нийслэлийн соёл урлагийн газрын дарга залуу хотын даргаас хүссэн мөнгөө авч чаддаг гэдгийг энэ мэт үйл явдал болон “Ковидгүй зуны төлөө” хэмээх уриат 358 саяын төсөвтэй “Хотын соёл” аянаас улам бүр харагдах боллоо.
Discussion about this post