Хот, дүүргийн Засаг даргын орлогч гэж байдаг болохоос дүүргийн ИТХ-ын дэд дарга гэж сонсогдсонгүй. Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нэг дор гурвын гурван дэд даргатай болжээ. Дэд дарга нар нь “гоё” үүрэгтэй. ИТХ-ын Санхүү, эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан, Газар, хот байгуулалт, дэд бүтцийн болон Нийгмийн хөгжлийн асуудал хариуцан ажиллаж байгаа аж. Мөн тэдний цалинг дүүргийн Засаг даргын орлогчийн цалинтай адилтган тогтоосноор сар бүр бараг сая орчим төгрөг өгч байгаа гэнэ. Дэд дарга нарын цалинг тогтоосон тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай болон Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэжээ. Гайхалтай нь дээрх хуулийн тодорхой заалтуудад дүүргийн ИТХ нь дэд даргатай байна гэсэн үг өгүүлбэр алга. Дэд дарга нарын ажил үүргийн хуваарь ч маргаантай. ИТХ-д өөрт нь хурлын өдөр тутмын үйл ажиллагаа явуулах, хурлын шийдвэрийн биелэлтийг хангах үүрэгтэй нарийн бичгийн даргаар удирдуулсан хурлын ажлын алба байдаг. Дээр нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар мөн л гурван орлогчтой. Тэд бас л дэд бүтэц, нийгмийн асуудал, хот байгуулалт зэрэг асуудлаа хуваан авч хариуцсан. Засаг даргын тамгын газарт нь Санхүүгийн, Нийгмийн хөгжлийн гээд бүхэл бүтэн хэлтэс ажиллаж байна. Гэтэл тэдэн дээр Б.Сэмжидмаагийн гурван дэд дарга нэмэгдээд иржээ. Естой “зуун ямаанд жаран ухна” гэгчийн үлгэр болжээ. УИХ-ын дарга л доороо дэд даргатай байдаг. Гэхдээ хоёр л бий. Харин гурвын гурван дэд даргатай Б.Сэмжидмаа өөрийгөө Баянгол дүүргийн “УИХ”-ын дарга гэж бодсон юм болов уу…
Эх сурвалж: Alim.mn
Discussion about this post