Коронавирусийн халдвар өргөн хүрээнд тархаж байгаа энэ хүнд цагт эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийг сэвтүүлж байгаа асуудлыг эсэргүүцэж, ЭМ-ийн сайдад хугацаатай шаардлага хүргүүлж байгаа талаараа Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэл, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Үйлдвэрчний хороотой хамтран мэдээдэл хийлээ.
-Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа: Өнөөдөр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан руу маш их дайрч байна. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад эрүүл мэндийн ажилчдын нэр хүндэд халдаж, сэтгэл санаагаар унагах маш зохисгүй үйлдэл гаргаж байгаа учраас Монгол Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо мянга, мянган эрүүл мэндийн ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалах үүднээс сайдад шаардлага хүргүүлж, мэдээлэл хийж байна. Ер нь цар тахлын хүнд цаг үед ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагах, үнэн худал нь батлагдаагүй мэдээллийг түгээх нь зөв үү. Хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гарах хүртэл хүлээцтэй хандахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсье.
Монголын 3.3 сая хүний амь насыг хамгаалах ажлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар хийхгүй шүү. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид цар тахлын өмнө сөхөрч байгаа ард түмнийхээ амийг аварна. Ард түмэн минь эрүүл мэндийн салбартаа баяр талархал илэрхийлдэггүй юмаа гэхэд ажлыг нь тайван хийлгээч гэж хүсмээр байна.
Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн 500 гаруй ажилтан коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зургаахан тархвар судлаач ХӨСҮТ-д ажиллаж байна. Энэ хүмүүс өвдчихвөл яах вэ, хэн оронд нь ажиллах вэ. Тиймээс энэ хүмүүсээ хамгаалж, цалин хөлс, хангамжийг өгмөөр байна.
-ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга О.Баатарчулуун: ХӨСҮТ дээр ТЕГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Шалгалт үргэлжилж, ажиллаж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа liveTV.mn цахим хаягаар шалгалттай холбоотой мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэлд “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэдэг тусгай бэлтгэсэн зохиолтой мэдээлэл гаргасан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийнхнийг илтээр буруутгасан. Энэ нь голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад маш хүнд цохилт боллоо. Ард иргэдэд ч хүнд цохилт болсон. Бодит байдлаас илт гуйвуулсан, шууд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг буруутгаснаараа тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд ажиллах урам зориггүй болголоо. Өчигдөр миний бие тухайн нэвтрүүлэгт нэр дурдагдсан эмч нар, ажилчидтай уулзсан. Тэд энэ хоёр хоногийн хугацаанд сэтгэлийн маш том дарамтад орж, ажлаа хийх тэнхэлгүй болсон байна. “Нойргүй хонож, хоёр жил шахам уйгагүй зүтгэчихээд өнөөдөр яагаад хийсэн ажлынхаа төлөө буруутгагдаж байгаа юм бэ. Бид өргөсөн тангаргийнхаа эсрэг ийм буруу зүйл хийхгүй ” гээд уйлж байна.
ХӨСҮТ-ийн хамт олон цар тахлын голомтод 1.5 жил тасралтгүй ажиллаж ирлээ. Энэ хугацаанд энэ төр засгийн шийдвэр үнэхээр зөв байсан уу. Өдөрт илрэх тохиолдлын тоо 1000-1500-д хүрч, 5-6 хүн нас барах эрсдэл үүснэ шүү гэдгийг ХӨСҮТ, ялангуяа тархвар судлаачаар мэргэшсэн докторууд Засгийн газар, УОК-т байнга хэлж байсан. “Нөхцөл байдал ингэж хүндрэх нь байна шүү, хөл хориогоо маш хатуу чанд сахиулаач” гэдгийг манай мэргэжилтнүүд хэлсээр ирсэн. Харин энэ төр засаг, УОК үнэхээр мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, гаргаж байгаа зөвлөмжийг бодитой хэрэгжүүлж байсан уу гэдэгт эргэлзэж байгаа. Сайд дарга нарын дэргэд байдаг олон зөвлөх, эрдэмтдийн баг юу хийв ээ. Өнөөдрийн нөхцөл байдлыг та нар урьдчилж хараагүй гэж үү.
Эрдэмтдийн баг Засгийн газрын хурал дээр очоод “хөл хорио тогтоох шаардлагагүй” гэж хэлээд сууж байхад ХӨСҮТ-ийн хашаанд ажиллаж байгаа бид, голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Яагаад хөл хорих шаардлагагүй гэж ард иргэдийг төөрөгдүүлэв ээ. Тэрнээс хойш яг сарын дараа халдварын тархалт эрчимжиж, Монгол Улсын хэмжээнд аюултай түвшинд ирлээ. Шийдвэрийг эмч нар биш дарга нар гаргадаг. Дарга нарын шийдвэр оновчтой байсан уу гэвэл тийм биш. Өнөөдөр халдварын тархалтыг хар. Том дарга нарын зөвлөх, эрдэмтдийн баг өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгуулж, урьдчилан харж, Засгийн газрын шийдвэрт тусгуулж чадахгүй юм бол та нар ажил хийгээд яадаг юм бэ. Тэр зөвлөх, эрдэмтдийн баг одоо болио. Ард түмнийг битгий хуур. Эцсийн дүнд халдварын тоо, нас баралт нэмэгдээд ирэхэд ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж, ажлаасаа өөр зүйлд сатаарахгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа эмнэлгийн ажилчдыг буруутгах ийм амархан аргыг та нар олсон юм уу. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Сайд дарга нар, эрдэмтдийн баг, УОК-ын явуулж байгаа хариу арга хэмжээ буруу байсан гэдгийг шууд хэлье.
Өнөөдөр бид улс төр хийж, Ерөнхийлөгч, эрх баригч нам нь маргалдаж байх цаг биш ээ. Өнөөдөр цах тахал улсын хэмжээнд эрчээ авлаа. Хөдөөгийн сумдад ард иргэд маань энэ халдвараар нас барлаа, цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийн байгууллагын ажилчд маш олноор өвдөж байна. Тиймээс өнөөдөр бид бие биенийгээ чичлэхгүйгээр цар тахлын дэгдэлтийн эсрэг хамтдаа ажиллаж, даван туулмаар байна. Эмч мэргэжилтнүүдэд маань улс төр, гүтгэлэг бус, итгэл, урам хэрэгтэй байна. Асуудал байгаа бол Хууль хяналтын байгууллага нь шалгаж, тогтооно.
ХӨСҮТ-ийн эмч ажилчны төлөөлөл Энхцэцэг: Би ХӨСҮТ-д лаборантаар 16 жил ажиллаж байна. Өнгөрсөн тав дахьд гарсан мэдээлэлд залруулга хийх нь зөв гэж бодож байна. Миний бие коронавирусийн шинжилгээнд ажиллаад 1.5 жил болж байна. Шинжилгээнд явахдаа хавьтал болон голомтын шинжилгээг авч сорьцын лабораторидоо хүргэж өгдөг. Сорьц цаашаа PCR-ийн лабораторид хүргэгдэж 8-10 цагийн дараа хариу гарахад лабораторийн эмч нар шинжилгээний хариуг дүгнэдэг болохоос биш шинжилгээ авчихаад өөрөө хариуг нь гаргадаг эрх бүхий хүн нь би биш гэдгийг хэлье.
Монголын Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооноос дараах дөрвөн шаардлагыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Нэгд, салбарын ажилтнууд холбогдоод байгаа асуудлын үнэн мөнийг олж тогтоож, эрүүл мэндийн салбар болон ажилтнуудын нэр хүндийг сэргээх.
Хоёрт, салбарын ажилтнуудын цалин хөлс, илүү цаг, нөхөн олговор, урамшуулал зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэгт бүр хөдөлмөрийн маргаан үүсгэх.
Гуравт, дээрх асуудлууд шийдвэрлэгдэхгүй хэвээр үргэлжилбэл нийслэл болон орон нутгийн эмнэлгийн эмч ажилтнууд улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлүүлж өгөхийг хүсье.
Мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ирүүлэхийг хүслээ.