Сэлэнгэ аймгийн Мандал суманд 22-46 насны зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Мандал сумын Түнхэл багийн иргэн Т, Г, Ү, О, Х, М нар нь хулгайн замаар нууцаар самарт явж байхдаа бүхээгтэй битүү машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан байна. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Мөн дөрөвдүгээр сарын 2-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын уулнаас шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн шарил олджээ. Талийгаач Налайх дүүргийн харъяат иргэн байсан бөгөөд самар түүхээр тус аймагт очсон байжээ. Хамт явсан хүмүүс нь гуравдугаар сарын 31-нд талийгаач эмэгтэйг урцандаа шатсан байсныг нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа. Дөрөвдүгээр сар гарсаар самарт явсан долоон иргэн амь насаа алджээ.
Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирохоос гадна байгаль орчинд ч асар хор хөнөөлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Цагдаагийн байгууллагаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед дүрэм журмыг мөрдөхийг иргэдэд санууллаа.