-Сонгуулийн тухай таны хувьд яригдаж байгаа хувилбаруудын аль нь дээр, зөв гэж үзэж байгаа вэ?
-Надад аль нь ч ялгаагүй л дээ. Томсгосон тойрог байна уу, аль эсвэл жижиг тойрог болох нь уу, намын нэрээр явуулах, аль нь ч байсан, миний хувьд танигдсан улстөрч болохоор гайгүй л дээ, болох байх гэж бодож байна. Хамгийн гол нь улс орны хувьд аль нь илүү тустай вэ гэдэг нь чухал. Миний бодлоор намын нэрээр сонгодог нь арай илүү тогтолцоо. Тэгэхгүй бол аль болох их мөнгө тараагаад сонгогддог, мөнгөтэй хүн, компани, аль эсвэл олигархууд, хэдэн хүн л Монголын улс төр, төр засгийг мөнгөөр барьчих боломж байна. Одоо хэмжээ хязгааргүй их мөнгөтэй хүмүүс олон боллоо. Тэр хүмүүст Монголын улс төрийг худалдаж авахад амархан болчихож. Нэг компани 10 гишүүн гаргачихсан байна гэж бодъё л доо. Тэр компани нэг гишүүндээ таван тэрбум төгрөг зарцуулъя гэж бодъё, 50-хан тэрбум төгрөг. Тэр 50 тэрбум төгрөг гэдэг тэр компанийн хувьд юу ч биш болчихсон байна шүү дээ. Миний хувьд бол том тоо л доо. Бусад хүмүүсийн хувьд юу ч биш болчихсон байна шүү дээ.
-Гэхдээ та урьд нь бизнес хийж байсан хүн шүү дээ. Мөнгөгүй хүн лав биш байх?
-Тийм ээ. Сонгуульд орлоо гэхэд би хоосон царайлаад явж болохгүй ш дээ. Машин унаа, штабт ажиллах хүмүүс, хэвлэх материал гээд дор хаяж 100 сая төгрөг болно. Тэр хэмжээндээ мөнгө төгрөгөө гаргачихна. Тэрнээс дээшээ тэрбум, таван тэрбум төгрөгийг гаргаж чадахгүй, тэгэх сонирхол ч байхгүй. Тийм байлдаан, тийм сонгууль руу орох сонирхол надад алга. Нэгдүгээрт мөнгө алга, хоёрт сонирхол алга. Өөрийнхөө хэмжээнд сонгуулийн анхан шатны материалд хэрэгтэй мөнгөө бол гаргачихна. Би олигархи биш юм чинь.
-Олигархи гээд их ярьдаг болчихож. Монголд байдаг юм уу?
-Төрд өндөр алба хашиж байснаа гэнэт их баяжсан этгээдүүд байна. Насаараа төрийн алба хашаад айхтар мөнгөжчихсөн чинээлэг нөхөд байна. Энэ бол яах аргагүй олигархи. Үгүй бол төртэй хамтарч бизнес хийдэг, бүх л тендерийг хамж байдаг компанийн захирлуудыг олигархи гэнэ ш дээ. Өөрөө мөнчгөрөөрөө зах зээл дээр цэвэр өрсөлдөөд, мөнгө олж байгаа хүнийг олигархи гэж нэрлэхгүй. Сүүлийн 10-20 жил улс төрөөр дагнаад, томчуудын гар хөл нь болчихсон, хамтарч ажилладаг бизнесмэнүүд манайд зөндөө байна.
-Нэрлэвэл?
-Яах юм бэ. Хүмүүс харж байгаа, бүгд мэдэж байгаа ш дээ. Манай том компаниудын эзэд ихэнх нь олигархи шүү дээ.
-Сонгуулийн хуулийн тухайд АН-ын барьж байгаа байр суурийг юу гэж үздэг вэ. Хэт аядуу байна гэсэн шүүмжлэл танай намын гишүүдийн зүгээс гардаг?
-Ардчилсан нам монголын ардчиллын талаар дуугарах цаг нь болчихсон байхаа. Сонгуулийн хуулийн шинэчлэл Монголын ард түмний, Монголын тусгаар тогтнолын төлөө хийж байгаа бас нэг чухам алхам гэж үзэж байгаа. Үүнийгээ өөрчлөх ёстой. Оюутолгойг бид хямдхан алдчихсан. Одоо Тавантолгойгоо олигархуудад өгчихмөөргүй байна. Нэг хэсгийг нь, Ухаа худагийг олигархууд авчихсан л байгаа. Гэтэл энэ чинь ард түмний хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газар. Хуулинд ард түмний хөрөнгөөр нээсэн стратегийн ач холбогдолтой орд газруудын 51 хувийг төр эзэмшинэ гэж заасан. Ухаа худаг чинь Тавантолгойн нөөцийн 20 хувь ш дээ. Тэр 20 хувийн 51 хувь болох 11 хувийг нь бид эзэмших ёстой. Хууль олигархуудад нөлөөлөхгүй, хэрэгжихгүй байна. Энэ талаар АН зоригтой дуугармаар байна. Болъё оо, арай хэтэрлээ, ард түмэнд баялгийг нь өгье, хуулиа хэрэгжүүлье, хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй, олигархи ч гэсэн ард түмэн ч гэсэн, төр засаг ч гэсэн адилхан байх ёстой. Иймэрхүү зүйлийг анхааралдаа аваасай гэж ард түмэн Ардчилсан намаас хүсч байгаа байх. Монголын баялгийг дандаа үнэгүйдүүлж байна. Ард түмний амьдрал, ард түмний баялгаар арай хэтэрхий гомдмоор тоглож байна. Төр засаг, манай улс төрийнхөн хэтэрхий хариуцлагагүй байна. Би атаа жөтөө гэж мэдэхгүй, атаархал шунал багатай хүн. Надад хамаа алга. Би ямар тэр Тавантолгойгоос нь тасалж авах гээд байгаа биш. Тэндээс 20 мянган төгрөг өгнө үү, 200 мянган төгрөг өгнө үү тэртээ тэргүй миний амьдралд нөлөөлөх ч үгүй. Өдөр тутам амьдралын хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж, өнөөдрийн мах гурилаа яах вэ гэж зүдэрч яваа ард түмнээ харахад өмнөөс нь гомдмоор байдаг юм. Би яах вэ, өөрийгөө үр хүүхдээ аваад явчихдаг, амьдрал нь хүнд байгаа айл цаана чинь олон байна. Тэднийгээ жаахан бодмоор байна.
-Таны хувийн бизнес ямархуу байдаг юм бол? 2000 оноос хойш УИХ-д сонгогдлоо. Хувийнхаа компанид анхаарал тавьж чаддаг уу?
-Би 2000 оны сонгуульд 54 сая төгрөг зарцуулсан байна лээ. Би хоёр удаа нисдэг тэргээр Хөвсгөл явсан, зөвхөн дуучин Сараад 4 сая төгрөг өгч байсан. Тэгэхэд манай ах дүү нар нийлж 100 мянган төгрөг хандивласан байх. Тэгж сонгогдож байсан. Харин 2004 оны сонгуулиар хүүхдийн мөнгийг санаачилж, тэгээд ч би 2000-2004 онд тойрогтоо нэлээн ажиллачихсан миний нэр хүнд сайн байсан. Аяга хөзөр энэ тэр хийж зараад 20 гаруй сая төгрөг олчихсон юм. Тэр 20 сая төгрөгөө 2004 оны сонгуульд зараад сонгогдчихсон. 2008 онд том тойрог болсон, бараг мөнгө заралгүй сонгогдчих байсан л даа. Гэхдээ гурван шинэ хүн дагуулж явсан болохоор тэднийхээ нисдэг тэрэгний мөнгийг төлөөд, хамтдаа сонин гаргаад 60-аад сая төгрөг гарчихсан. Би УИХ-д мөнгө заралгүй сонгогддог гишүүний нэг л дээ. Гэтэл хүмүүс 2-3 тэрбумаар нь зарж байж УИХ-д сонгогдож байна, 2-3 тэрбум төгрөг зарчихаад УИХ-д гарч чадахгүй уначихсан хүмүүс зөндөө байна. Тэр бол тойргоо хаяад явчихдаггүй, очиж ажиллаад байдаг, зарим хүмүүс хэрэг гарлаа гээд утасдахад нь утсаа таслаад алга болчихдоггүй байж л байдаг. Би анх Мобиком байгуулагдахад 16 жилийн өмнө авч байсан тэр дугаараа одоо болтол солиогүй. Хэн ч залгасан утсаа аваад чадах юмаа чадаад, чадахгүй бол чадахгүйгээ хэлээд сууж байдаг. Хүмүүс ч энэ нөхөр УИХ-д сууж байг гэж боддог юм шиг байгаа юм. Юм хийдэггүй, бултаад зугтаагаад алга болчихдог бол дараа нь их л мөнгө гаргаж байж тэрийгээ нөхнө л дөө. Ажлаа хийгээд явж байхад, эргээд сонгогдоход амар байдаг юм. Миний хувийн компани Монголын дунджаас жаахан дээгүүр хэмжээний компаниудтай л адилхан, ажил нь хэвийн явж байгаа. Манайх нэлээд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй, ихэнхийг нь түрээсэлчихсэн. “Лаки” төвөө зочид буудал болгоод хэдэн залуучуудад түрээсэлсэн, сар бүр түрээсээ аваад явж байна. Ингэхээр амар байдаг юм байна, чөлөө зав ихтэй. Өөр юм бий. Тэрийгээ нэг бүрчлэн нэрлээд яахав, бусад том баячуудын дэргэд, инээд хүрмээр дамшиг даа гэдэг л болох байлгүй.
-Танайх “Оргил” хотхонд амьдраад удлаа шүү?
-Анх 2003 онд 100 мянган доллароор худалдаж авч байсан. Одоо үнэ нь 5 дахин өссөн гэсэн шүү. Зүгээр сууж байхад үнэ нь өсчих юм байна шүү. Одоо зарвал хагас сая доллароор зарчих юм билээ. Гэхдээ эндээ амьдраад дасчихсан, хүүхдүүдийн маань найзууд энд амьдардаг болохоор зарахгүй ээ.
–Таны машин 1206 гэсэн дугаартай болгочихсон байна лээ. Уг нь хүмүүс азын дугаар л гээд байдаг шүү дээ.
-Миний машин дугаар 1206, Их Монгол улс байгуулагдсан он. Би УБЗ дугаараа солиод 1206 дугаар болгосон. Манай эхнэр бас 1206 гэсэн дугаар машиндаа авсан. Бид хоёр үндсэрхэг үзэлтэй, Монгол улс сайхан хөгжөөд, монголчууд эх орноороо бахархдаг байгаасай гэж боддог юм. Би сүүлийн үед уртын дуу сонсох дуртай, баяр ёслол төрсөн өдрөөрөө уртын дуучин урьдаг болсон. Өөрөө ч уртын дуу сурч аялдаг болсон. Машин дотроо уртын дуу тавина. Манай нутаг олон сайхан уртын дуутай. “Хүрэн толгойн сүүдэр”, Энигма дуулсан “Тосонгийн орой”, “Дэлтэй цэнхэр” бүгд манай нутгийн дуу.
-Та усан онгоцтой ганц гишүүн байх. Одоо байдаг уу? Бас хэдэн завьтай байх аа. Ер нь завь хэр үнэтэй байдаг юм бэ?
-Усан онгоц байхгүй, 5-6 завьтай. Монголд завиныхаа тоогоор намайг гүйцэх хүн байхгүй. Хамгийн үнэтэй завь нь 2002 онд 25 мянган доллароор авсан, 200 морины хүчтэй, ямаха мотортой, 15 хүний суудалтай завь байдаг. Одоо бол бүр өндөр үнэтэй болсон байх. Тэр үеэс хойш юмны үнэ дэлхий даяар 2-3 дахин нэмэгдсэн шүү дээ. Гэхдээ хүнсний барааны үнэ маш их нэмэгдсэн. 2007 онд хүнсний хямрал болсон, тэрний дараа банк санхүүгийн хямрал болсон. Хүнд хамгийн чухал хэрэгтэй зүйл хоол хүнс. Байр машин, зурагтыг нэг удаа авна, хичнээн ч жил хэрэглэж болно. Харин хүнсний бүтээгдэхүүнийг хүн өдөр болгон авна. Хүнсний хямрал нэг нүүрлэвэл тун хэцүү. Энэ дэлхийн хямралууд ер нь хүнсний хямралаас эхлэлтэй. Манайх газар нутаг арвинтай, мал сүрэг ихтэй болохоор өлсгөлөн гачланд нэрвэгдэх ёсгүй, цаанаасаа дээд заяатай юм шиг байгаа юм. Африкийн Сомали гээд өлсгөлөнд нэрвэгдээд баларч байгаа орон байна. Монголчууд бид хэрийн юм тоож иддэггүй, жаргалтай улс. Сомалид бол гадаа байгаа хулгана зурмыг барьж аваад идчихсэн байгаа байх. Манайх усанд байгаа загасаа ч иддэггүй, модонд ургасан жимс мөөгөө ч түүдэггүй хүмүүс шүү дээ. Өлсгөлөн зовлон амсаагүй ард түмэн. Манайд хийх бизнес зөндөө байна. Зээрийн янзага гаршуулж зээрийн сүрэгтэй болох боломж байна.
-Зээрийг монголчууд гаршуулж тэжээж чадах уу?
-Би буга тэжээдэг. Долоон бугатай болсон.Тэр буганууд хүний гараас юм иддэг. Хоёр буга нь баавгайтай чихрэнд дуртай. Намайг хотоос очиход таниад чихэр идэх гээд халаас руу хошуугаа хийгээд нудраад, баавгайтай чихэр өгөхгүй бол уурлаад байдаг. Ер нь болохгүй юм гэж байхгүй шүү дээ.
-Хэдий болтол хоёр нам хамтарч ажиллах вэ? Одоо сонгууль хүртэл цуг явах юм уу?
-Ханилж суугаад насны эцэст сална гэдэг шиг юм болоод яахав дээ. Хамтраад асуудлаа шийдээд, улс орныхоо төлөө явж болно. Монголын төр засаг улс орныхоо төлөө хамтарч зүтгэж болно. Сонгуулийн хуулийн шинэчлэл, Тавантолгой, Оюутолгой гээд АН өөр байр суурь бариад, нэгэнт хамтарсан улс төрийн хүчнүүд нийлээд зөв зүйтэй сайн зүйл хийж болно. Яг энэ чухал асуудал дээр очихоор МАН-ынхаа амыг хараад суучих юм. Би тэгэхээр гайхдаг. МАН-ынхан манайхыг аргандаа оруулчихсан юм уу, янз бүрийн бизнес юм өгсөн юм уу, нэг л юм байна. Ингэж хөтлүүлнэ, дөрлүүлнэ гэдэг цаанаа учиртай байх гэж бодож байна. Би хажууд нь байсан биш, хараагүй болохоор цаанаа нэг юм байна даа гэж сэжиглэж байгаа. Баахан юм авчихсан, идчихсэн болохоор найр тавиад дуугарч чаддаггүй юм болов уу гэж бодох юм. Уг нь манай нам өөрийнхөө байр суурийг хатуу бариад явбал Монгол улсад, Монголын ард түмэнд хэрэгтэй юм даа. Тэгэхгүй, олигархуудыг дагаад, хамтраад яваад байгаа болохоор гайхаад л байна. Амьдрал гэдэг ийм хуурамч байдаг юм уу гэж бодоод сууж байна. Муухай юм их хийж байна. Би тэрийг ганцаараа өөрчилж чадах биш дээ. Улс төр багаараа тоглодог тоглоом юм гэсэн ш дээ. Бүр тоглоом гэсэн шүү. Манай мундаг улстөрчид л тэгж хэлэх юм билээ. Монголын баялаг, монголчуудын хувь заяагаар тоглохыг, тоглоом гэдэг юм байлгүй. Хэдэн хүн нийлж дээр нь гарчихаад, Олигархууд биеэ зассан, гэрээ зассан улс, гэхдээ шунал нь дуусдаггүй юм шиг байгаа юм. Энэ баян хүмүүсийг харж байхад улам шунаад, ханаж цадахгүй болчихдог юм байна. Улс төрд ороход их юм сурдаг юм байна даа.
–Энэ хоёр нам хамтраад бие биенээсээ ялгарахгүй байна, одоо ҮШН, МУНН-ын удирдлагууд уулзаж эвсэх тухай ярьж байна. АН, МАН хоёр 2012 оны сонгуульд ялагдах вий гэж бодохгүй байна уу?
-Бусад нам явж л байна. Гэхдээ хөдөө орон нутагт, олон түмний итгэлийг хүлээж, хүчээ авч байгаа нам байхгүй л байна. бусад намууд тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэг л болж байгаа байх. Хаа л холдов гэж. Уг нь улс төрийн намд орон зай байна. Нийт санал асуулгад орж байгаа хүмүүсийн тал нь аль нэг намыг дэмжихгүй, 50 хувь нь намуудад итгэх итгэлээ алдчихсан байгаа юм билээ. Үнэхээр сайн нам эвсэл, хүмүүс гараад ирвэл уг нь Монголын улс төрд орон зай байгаа.
-Та Германд 10 гаруй жил амьдарсан, энэ улсын хуулийг сайн мэдэх хүний нэг. Хурцын асуудлыг юу гэж үзэж байгаа вэ?
-Герман хуулиа сайн барьдаг газар. Яаж шийдэхийг нь яаж мэдэх вэ. Зарим нь Тавантолгойгоор солиод авах юм ярих юм. Тийм юм хэзээ ч байхгүй. Ардчилал дээд зэргээр хөгжсөн, дээд зэргийн совестьтой, зөв бодлого явуулдаг улс орон. Манайхтай ямар ч холбоогүй. Нутгаас нь хүн хулгайлчихсан болохоор, хаанаас хулгайлсныг мэдэх гэж, үүнийгээ засах гэж энэ асуудлыг тавьсан байх, өөрсдийнхөө алдаа, сул талыг олох гэсэн байх. Манайхаас яагаад бүхэл бүтэн хүн аваад гарчихав гэж, тэр нүхээ хааж, бөглөх гэж ажиллаж байгаа байх. Манайх ч том сургамж авлаа. Бусад орны хуулийг сахих ёстой, дээдлэх ёстой. Энэ нь манайхны дураараа загнадгийг харуулж байгаа байхгүй юу. Хурц би бариад ирье гээд тийшээ явчихаагүй, үүрэг даалгавар өгсөн хүн байгаа. Тийм муухай дураараа нийгэм төр засаг байсан гэдгийг харуулж байна. Одоо дахиж ийм муухай юм хийхгүй байх, бидэнд том сургамж боллоо.
-Та Германд олон жил амьдарсан, тэндээ компани байгуулчихсан, төвхнөчихсөн байсан гэсэн. Яагаад ирэх болсон юм бэ? Анх УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулж орж ирсэн хүн.
-Би 1983-1996 он хүртэл 13 жил Германд амьдарсан. Компани байгуулчихсан бизнес хийж, байнгын оршин суух зөвшөөрөлтэй байсан л даа. Би хэдэн монголчуудтайгаа нийлж бизнес хийж байгаад хэдэн нөхдөд бараагаа алдчихсан юм. Мөнгөө авах гэж наашаа ирж, зарим нэгтэй нь зодоон цохион хийж жил хэртэй болсон юм. Тэгж байгаад Азаатайгаа таараад, сэтгэл алдраад энд үлдчихсэн юм. Хамаг бизнесээ энд татаад, нутагтаа үлдсэн. Тэр үед наймаа хийж байсан улс намайг “Германы” Гүндалай гээд мэднэ дээ. Би Германд сайн бизнес хийдэг, баян хүн байлаа. Германд над шиг баян оюутан өмнө ч байгаагүй, дараа нь ч гарч ирээгүй. Германаас бэлэн мөнгө авчраад, 2-3 газар худалдаж авсан. 25 мянган доллар Сайхансамбуугийн дүү Батсамбууд өгч газар олж авч байлаа. Нэгдүгээр хороолол, гуравдугаар хороолол, бас Лаки төвийнхөө газрыг авч байлаа. Тэр үед хэн ч газар сонирхдоггүй, үнэ хүрдэг ч үгүй байсан юм. Зүгээр авдаг байсан газрыг мөнгөөр авсан. Тэр үед ямар хүн таньдаг байсан биш. Би өөрөө газар авах гэж хөөцөлдөж нэлээн явсан өгдөг ч үгүй юм байна лээ. Намайг Монголд ирэхэд бэлэн мөнгөтэй хүн ховор, 2-3 мянган доллароор ажлаа эхэлдэг байхад надад ямар ч байсан 300 мянган доллар байсан. Харин улс төрд орсны хувьд, би сонирхоод орсон. Би юм юм сонирхдог, байнга юм сурч, хийх юмсан гэж боддог зүгээр суудаггүй хүн. “Чи нэр дэвшихгүй юм уу?” гээд манай нутгаас хэсэг хүн ирсэн. Эхлээд тоохгүй байснаа, сүүлдээ тэгдэг ч юм уу гэж бодоод очсон, ялчихсан. Нутгийнхан минь дэмжиж итгэл найдвар хүлээлгэсэн л дээ. Би тухайн үед өрсөлдөж байсан хүмүүсээс яах аргагүй илүү байсан л даа. Боловсрол, хэл ус, хөрөнгө мөнгөний хувьд боломжийн кандитат байсан.(инээв)
-Тойрог солихгүй дахин сонгогдож байгаа хүмүүс гэвэл Ц.Нямдорж сайд, Д.Лүндээжанцан гишүүн, Д.Арвин гишүүн та хэд. Нэг тойргоос дахин сонгогдоно гэдэг хүнд. Та ирэх сонгуульд тойргоо солих уу?
-Тойргоо сольдог хүмүүс сонгогчдоо жорлонгийн цаас гэж үздэг, нэг удаа ашигладаг муухай хүмүүс. Итгэл найдвар, саналыг нь авч сонгогдчихоод 4 жил биеийн амрыг харж суучихаад, дараа нь зугтаж өөр тойрог руу бултаад, тэндээсээ өөр газар очдог алдартай “баагийнууд” байна. Тэд монголын ард түмний төлөө юу ч хийдэггүй, зөвхөн хувийн эрх ашгийг бодсон хүмүүс. Сонгогдох болохоороо ичих ч үгүй, өөр газар очно, тийм хүмүүс манай УИХ-д их байна.
-“Буян”-гийн Жаргалсайханы хэдэр үг яриа, таны тэмцэгч чанар хүмүүсийн сэтгэлд их нийцдэг. Сүүлийн үед та тэр зангаа гаргахаа байж дээ?
-Тэр үеийн эрх баригчдын бодлого дураараа сөрөг хүчнээ дарсан, тодорхой хэмжээний дарангуйлсан бодлого байсан, тэдний эсрэг тэмцэхэд ард түмэн зөв сайхнаар хүлээж авч байсан. Одоо дарангуйлсан, хүчээр түрсэн бодлого УИХ-д байхгүй. Тийм болохоор тэр үеийнх шиг тэмцэл хийх шаардлагагүй боллоо. Одоо болохгүй зүйл дээр АН завсарлага аваад, асуудлыг яриад шинээр шийдэж болно шүү дээ. Надтай надгүй. АН асуудлыг олонхоороо яриад шийдэхээр би ганцаараа зөрөөд, намын бодлогоо сөрөөд өөр юм хийгээд байж болохгүй. Нэгэнт л улс төр багийн тоглоом гэж үздэг гээ биз дээ. Тэр тоглоомон дотор явж байна.
-Аймгийнх нь дарга МАН-ынх болохоор АН-аас сонгогдсон Сэдваанчиг гишүүн та хоёрын хувьд жаахан хүндэтгэлгүй ханддаг, арын эгнээнд зогсоох байдал анзаарагддаг.
-Ерөнхийдөө улсын, ойн баяр, тэмдэглэлт баяр, уралдаан энэ тэр улстөрждөг болчихсон. Сонгуульд нэр дэвших сонирхолтой, мөнгөтэй нөхдүүд тэр баярыг өмчилж аваад, хамаг бай шагналыг нь өгөөд л, хамгийн түрүүнд хамгийн ашигтай байрлалыг эзлээд авчихдаг. Би тэр бай шагналыг нь өгч, их мөнгө гаргаж ивээн тэтгэж чадахгүй болохоороо “за төвөг, хүний хийж байгаа ажил дундуур очиж олон юм яриад яах вэ” гээд мань мэт нь муугаа мэдээд, зайгаа аваад холуур явж байдаг.Чингүнжавын ойгоор намайг хамгийн хойд талд, том баганын ард суулгачихсан ш дээ. Баганын ард өгсөн суудалд нь 20-30 минут сууж, нээлтийг нь үзчихээд яваад өгсөн. Тэнд хүүхэд шиг бултганаад суугаад байлтай нь биш.
-2012 онд нэр дэвших үү?
-Мэдээж нэр дэвшинэ. Дөрвөн жил суусан зарим гишүүнийг таних ч үгүй, мэдэх ч үгүй, намайг танихгүй мэдэхгүй хүн байхгүй. Би хоёр гурван УИХ-ын гишүүн, хоёр гурван сайдтай хөдөө явж байхад, хүмүүс надтай зураг авахуулъя гэж оочерлодог. Нөгөө хэдийг танихгүй, авч хэлэлцэхгүй байгаа юм чинь. Тэгээд ч Монголын улс төрд хийх юм их байна. Бид зах зухаасаа шантраад, хаяад байвал Монгол тэр чигээрээ нөгөө олигархуудаар дүүрнэ. Монголын төр засгийг олигархуудаар дүүргэхгүй, нэг ч гэсэн хэсэг орон зайг нь эзлээд сууж байя гэж хувьдаа бодож байна. Намайг танихгүй нохой ч байхгүй. Траншейны хүүхдүүд траншейнаасаа цухуйгаад “Гүндалай ах аа” гэж байгаа юм чинь.
Ярилцсанд баярлалаа. Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР
Discussion about this post