Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ-т өнөөдөр “Тархины харвалтын эсрэг хамтдаа” уриатай тархины харвалтаас сэргийлэх долоо хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтэд эмнэлгийн удирдлагын баг болон тархины харвалтын тасгийн эмч, мэргэжилтнүүд оролцож, иргэдэд мэдээлэл өглөө.
Аян энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Тархины харвалт гэнэт тохиолдож, хүний амь нас, цаашдын амьдралд ноцтой нөлөө үзүүлдэг ч эрсдэлээ мэдэж, урьдчилан сэргийлбэл түүнээс зайлсхийх боломжтой. Харвалт тохиолдсон ч шинж тэмдгийг нь эрт таньж, эмнэлэгт цагтаа хүрвэл үр дагаврыг нь эрс багасгаж болдог. Тиймээс иргэдийг эрсдэлээ мэддэг, шинж тэмдгийг таньж, цаг алдалгүй арга хэмжээ авч чаддаг мэдлэгтэй болгох нь энэхүү аяны гол ач холбогдол юм.
Эмч нарын хэлж буйгаар харвалтын хамгийн гол шалтгаан нь цусны даралт ихсэх бөгөөд чихрийн шижин, холестерол ихсэх, тамхи, архи, илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Хүний нүүрний нэг тал гэнэт мурийх, нэг талын гар хөл сулрах, хэл ээдрэх шинж илэрвэл хүлээлгүй 103 дугаарт залгах хэрэгтэй. Бүлэн уусгах эмчилгээг ихэвчлэн эхний 4.5 цагийн дотор хийдэг тул энэ үед минут бүр үнэ цэнэтэй.




Discussion about this post