“Хүчээр” мөнгө өгсөн В.Энхбаатар цагаадаж, “хүчинд” автаж мөнгө авсан ХББОСЯ-ны газрын дарга асан Д.Гантулга хорих ял авсан ХЭРГЭЭС…
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын дарга асан Д.Гантулгын “Алтан Жолоо Импекс”-ийн захирал В.Энхбаатараас хоёр сая, “Орчлонконсалтинг”-ийн захирал Д.Ганзоригоос 20 сая, “Глобал бриджконстракшин”-ийн захирал Д.Баянзулаас 6,6 сая төгрөгийн хахууль авсан хэрэг монгол хүний ёс зүй буюу сайхан сэтгэл, төр ард түмэн, барилгын салбарынхаа эргээд харах нүүр гэх мэт уянгын халилаар дүүрсэн. В.Энхбаатар нь циркийн хажууд баригдсан 21 давхар “Алтан Жолоо Таур”-ийг улсын комиссд хүлээлгэн өгсөний орой нь Д.Гантулгад хоёр сая төгрөг өгсөн нь тогтоогдсон. Өгөхдөө монгол хүний ёс зүй буюу сайхан сэтгэлээр бараг хүчээр шахуу өгөөд хүний хүүхдийг хэрэгт “хийжээ”.
“… Тухайн өдөр Гантулга даргатай ярихад гэр бүлээрээ Солонгос явна гэхэд нь дансаа өгчих хоёр сая төгрөг хийе, сайн яваарай гэхэд дансаа өгөхгүй байсан. Тэгэхээр би орой уулзая гээд автобусны буудал дээр уулзаж гэрийхэнтэйгээ хоолонд ороорой гээд хоёр сая төгрөг бэлнээр өгсөн. Монголчуудын ѐс уламжпалын дагуу гадаад руу явахад нь сайн яваарай гээд л өгсөн. Миний барилгад улсын комисс ажиллаж үүрэг даалгавар өгсөнийг манайх 14 хоногийн дотор биелүүлсэн. Барилга байшинтай холбоотой юм байхгүй …”
Үүнээс харахад Д.Гантулга эхлээд мөнгө авахгүй гээд дансаа өгөөгүй аж. Тэгэхэд нь В.Энхбаатар хүчилж биечлэн уулзах санал тавьж бэлнээр өгсөн гэх хардлага төрж байна. Барилгын салбарт хоёр сая төгрөг бол багахан мөнгө. Гэхдээ захиралтан нэрээ бодсон уу эсвэл алсдаа хэрэг болж магадгүй дарга гээд өгсөн байж магадгүй юм. В.Энхбаатар өөрийгөө ядарсан, зүдэрсэн, өвчтэй хүмүүст тусалдаг сайхан сэтгэлтэн гэж мэдүүлсэн. Түүний хэргийг харахад сайхан сэтгэлтэй хүний ажил төрөл цаанаасаа бүтэмжтэй дардан замаар явдаг гэмээр. Д.Гантулгын хэрэг шүүхээр нэлээд удаан явсан. Энэ хооронд буюу 2025 оны 2-р сарын 27-нд нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 02-р сарын 26-ны өдрийн 09 дугаартай ерөнхий прокурорын орлогчийн тогтоолоор В.Энхбаатарт холбогдох хэргийг, мөн газрын 2025 оны 02-р сарын 27-ны өдрийн 02 дугаартай хяналтын прокурорын тогтоолоор Д.Гантулгад холбогдох дээрх хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь болсон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхээс “Алтан Жолоо Тауэр нь барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад хууль болон журамд заасан зохих шаардлагыг хангаагүй байжээ гэж дүгнэхээр байх тул …” гээд гэмт хэргийн сэдэлт зорилгыг шалгахыг прокурорт буцаасан шийдвэртээ дүгнэсэн. Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны энэ үүргийг биелүүлэх ажил огт хийгдэлгүйгээр ахин шүүх рүү орж иржээ. Ингээд шүүхэд ирсэн баримтууд нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа зорилго, гэм бурууг эргэлзээгүй нотлоогүй, “гадаад улсад гэр бүлээр явахад монгол хүний ѐс зүй, сайхан сэтгэлийн үүднээс 2,000,000 төгрөг өгсөн, авсан” гэх мэдүүлэг, дүгнэлтийг няцаан үгүйсгэх баримт тогтоогдохгүй байна гээд В.Энхбаатар цагаадаж зүгээр л сайхан сэтгэлээр мөнгө өгсөн болж таарчээ. Ийнхүү нэгнийх нь сайхан сэтгэл ялсан бол нөгөөх нь хүний нүүр харах аргагүй болсон. Д.Гантулгыг 2024 оны 12-р сарын 11-нд баривчилж цагдан хорьсон.
“… 2000 оноос хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яаманд газрын даргаар ажилласан. Би төрийн алба нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийг барьж эдгээр хүмүүсийн өгсөн мөнгийг аваагүй энд суухгүй байсан. Өнгөрсөн хугацаанд нэлээн бодлоо. 461-р хорих ангид байхдаа хань ижил, гэр бүл, салбарынхан, төрийн албан хаагчийн нэр төрийг унагасан үйлдэлдээ гэмшиж хариуцлага хүлээх нь гарцаагүй гэдэг байдлаар өөрийгөө хариуцлагажуулж баривчлагдсанаас хойш нэг сарын дараа “гадуур байцаагд” гэхэд нь гадагшаа гарах нэр нүүр алга, эндээ байж байгаад хариуцлагаа хүлээе гэж хэлсэн …”
Ингээд наранд гарахгүй хэмээн Ганц худагт 236 хоног буюу долоон сар 27 хоног яс суусан. Тэрээр 1,3 жилийн хорих ял авчээ.



Discussion about this post