Аноми байдал гэдэг нь нийгмийн хэвийн хэм хэмжээ, үнэт зүйлс сулрах эсвэл тодорхойгүй болох үед хүмүүсийн зан үйл чиг баримжаагүй болох үзэгдлийг хэлдэг. Энэ ойлголтыг анх Émile Durkheim социологид хэрэглэсэн.
Тэгвэл сүүлийн арван жилд Монголын улс төр аажмаар биш, бараг нүдэн дээр задран өөрчлөгдлөө. Нэгэн цагт ардчилал, эрх чөлөө, шударга ёс, хүний эрх гэж ярьдаг байсан улс төр өнөөдөр мөнгө, ашиг сонирхол, албан тушаалын төлөөх уралдаан болон хувирчээ. Ард түмэн сонгуульд итгэдэг байсан цаг ард үлдэж, “хэн их мөнгө тараана, хэн том сүлжээтэй вэ” гэдэг нь ялалтыг шийддэг болсон нь нууц биш болов.
Монголын сонгууль өнөөдөр үзэл санааны өрсөлдөөн байхаа больжээ. Нэг нам нөгөөгөөсөө юугаараа ялгаатай вэ гэдгийг ард түмэн ойлгохоо больсон. Учир нь намууд бодлогоор бус, мөнгөөр өрсөлддөг болсон. Сонгуулийн үеэр ард түмэнд хөгжлийн хөтөлбөр биш, халамжийн амлалт, бэлэн мөнгө, хиймэл шоу л үзүүлдэг болов. Улс төрчид ирээдүйн тухай биш, рейтингийн тухай боддог болсон. Ийм нөхцөлд мэдлэг боловсрол, туршлага, ёс зүй үнэгүйдэж, мөнгөтэй хүн л төр рүү ойртдог гаж тогтолцоо бий боллоо.
Хамгийн эмгэнэлтэй нь төрд ажиллах хүсэлтэй залуусын зорилго өөрчлөгдсөн явдал юм. Өмнө нь эх орондоо хэрэгтэй зүйл хийх, өөрчлөлт авчрах, шударга нийгэм байгуулах тухай ярьдаг байсан бол одоо “төрд орвол боломж гарна”, “тендер авна”, “нөлөөтэй болно” гэсэн хандлага давамгайлдаг болжээ. Улс төр бол хариуцлага биш, хөрөнгөжих шат гэж харагддаг болсон нь нийгмийн хамгийн аюултай доройтол юм.
Намууд ч мөн адил замаа алдсан. Ардчилсан нийгэмд улс төрийн нам гэдэг үзэл санаа, бодлого, үнэт зүйл дээр тогтдог институци байх ёстой. Гэтэл Монголд намууд бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл болон хувирчээ. Нам доторх албан тушаал хүртэл мөнгөөр хэмжигдэж, хэн их санхүүжилт босгоно тэр хүн дэвшдэг тогтолцоо бий болсон. Үзэл санаандаа үнэнч, зарчимтай хүмүүс биш, харин санхүүгийн нөлөөтэй хүмүүс намын өнгийг тодорхойлдог болжээ.
Өөрийгөө ардчиллын бэлгэ тэмдэг гэж ярьдаг Ардчилсан нам хүртэл дотоод ардчиллаа алдсан нь эмгэнэлтэй. Нэгэн цагт эрх чөлөө, зах зээл, хүний эрхийн төлөө тэмцэж явсан нам өнөөдөр фракц, мөнгө, эрх ашгийн зөрчилдөөний талбар болсон гэх шүүмжлэл газар авсан. Тэнд үнэт зүйлээс илүү албан тушаал, бодлогоос илүү бүлэглэл ноёрхож эхэлсэн. Намын жирийн гишүүдийн дуу хоолой биш, цөөн хүний тохироо шийдвэр гаргадаг болсон нь ардчиллын суурийг сулруулж байна.
Сөрөг хүчин хүртэл жинхэнэ сөрөг хүчин байж чадахаа больжээ. Эрх баригчдыг хянаж, алдааг нь шүүмжилж, өөр бодлого дэвшүүлэх ёстой намууд хүртэл эрх мэдлийн халаасанд орсон мэт харагдах болов. Зарим үед улс төрийн намууд хоорондоо тэмцэж байгаа дүр эсгэдэг ч үнэндээ ашиг сонирхлоороо нэгдсэн байдаг гэх хардлага олон нийтийн дунд хүчтэй болсон. Ард түмэн “эд нар хоорондоо хувааж иддэг” гэж ярих болсон нь зүгээр нэг бухимдал биш, төрдөө алдсан итгэлийн илэрхийлэл юм.
Төрийн байгууллагууд ч ялгаагүй авлигын сүлжээнд идэгдэв. Тендер, концесс, төсөл, зөвшөөрөл болгон дээр хахууль яригддаг болсон гэх ойлголт нийгэмд хэвийн зүйл мэт суучихлаа. Нэг ажлыг эхлүүлэхийн тулд шат шатандаа мөнгө өгдөг, танил тал хайдаг тогтолцоо үүссэн. Ингээд эцэст нь төсвийн мөнгөний ихэнх нь замдаа алдагдаж, үлдсэн жаахнаар нь чанаргүй ажил хийгддэг. Өвөл болгон хуулардаг зам, жил хүрэхгүй эвдэрдэг барилга, ашиглалтад ороод удалгүй асуудалтай болдог бүтээн байгуулалтууд үүний тод жишээ.
Төрийн залгамж чанар ч устаж байна. Өмнөх засгийн эхлүүлсэн ажлыг дараагийнх нь үргэлжлүүлдэг биш, харин зориуд нурааж, үгүйсгэж, өөрийн хүмүүсийн ашиг сонирхолд нийцүүлдэг болсон. Төсөл хөтөлбөрүүд улс орны эрх ашгаар бус, аль тал нь ашиг хүртэх вэ гэдгээр хэмжигддэг болов. Иймээс Монголд урт хугацааны хөгжлийн бодлого тогтдоггүй. Дөрвөн жил тутамд бүх зүйл шинээр эхэлдэг мөртлөө бодит өөрчлөлт гардаггүй.
Хамгийн том хохирогч нь ард түмэн өөрөө болж байна. Иргэд хөдөлмөрлөж, татвар төлж, амьдралаа залгуулах гэж тэмцэж байхад эрх мэдэлтэй хэсэг нь улсын баялгийг хувааж иддэг гэх ойлголт улам гүнзгийрэв. Залуус эх орондоо итгэхээ больж, боломж олдвол гадагшаа явахыг мөрөөддөг болсон. “Шударгаар хөдөлмөрлөөд амжилтад хүрэх боломж Монголд алга” гэсэн гутрал нийгэмд тархаж байгаа нь улс орны хувьд хамгийн том аюул юм.
Гэвч энэ бүхний дунд нэг үнэнийг мартаж болохгүй. Улс төр ийм болсон нь зөвхөн хэдхэн улстөрчийн буруу биш. Нийгэм өөрөө мөнгийг шүтэж, шударга бусыг тэвчиж, богино ашиг сонирхолд автсан цагт ийм тогтолцоо улам бэхжинэ. Сонгуулиар мөнгө авч санал өгдөг, танил талаараа асуудлаа шийдүүлэхийг хүсдэг, хууль зөрчсөн ч “манай хүн” бол өмөөрдөг хандлага өөрчлөгдөхгүй бол улс төр өөрчлөгдөхгүй.
Монголд өнөөдөр хамгийн их дутагдаж байгаа зүйл бол итгэл. Ард түмэн төрдөө итгэхээ больсон. Залуус ирээдүйдээ итгэхээ больсон. Шударга хөдөлмөр үнэлэгдэнэ гэдэгт хүмүүс эргэлздэг болсон. Итгэл нурсан нийгэмд мөнгө л үнэтэй болж, зарчим хамгийн түрүүнд үхдэг.
Гэхдээ улс орон бүр хамгийн хүнд үеэ туулж гарсан түүхтэй. Ардчилал өөрөө төгс зүйл биш ч алдаагаа засах боломж олгодог тогтолцоо. Хэрэв Монголын нийгэм үнэхээр өөрчлөлт хүсэж байгаа бол мөнгөнөөс илүү мэдлэгийг, танил талаас илүү чадварыг, популизмаас илүү бодлогыг үнэлж эхлэх ёстой. Намуудыг ч, төрийг ч, улстөрчдийг ч ард түмэн өөрөө өөрчилдөг.
Өнөөдрийн Монголын улс төр бол нийгмийн толь юм. Тэр толинд бид зөвхөн улстөрчдийг биш, өөрсдийгөө ч харж байна.
Эцэст нь бид гажуудсан нийгмийг өөрчлөхийн тулд бүх түвшиндээ нэгдэн нийлж тэмцэх шаардлага байна. Гагцхүү хэрхэн яаж өөрчлөх талаар нийгмийн сэхээтэн хэсэг нь бодлого стратегиэ дэвшүүлж иргэд нэг өнгөөр дэмжих учиртай гэж бодож сууна.!
Ардчилсан намын гишүүн
Шаривын ЖАНДОС


Discussion about this post