Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэв нь нүүрсний гэх тодотголтой “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэрэгт түүний эхнэр П.Бадамхандын гуйлтаар хоёр тэрум төгрөг зээлдүүлсэн гэх хуурамч гэрээнд гарын үсэг зурж “худал мэдүүлэг өгсөн” гэх зүйл ангиар яллагдан 450 мянган төгрөгөөр торгуулсан. Ийнхүү шинэ үеийн хутагтын дундаас ял шийтгүүлсэн анхны хувилгаанаар тодорсон. Тэрээр 2013 онд Говийн ноён хутагтын IX дүрээр тодорсон агаад 2015 оноос экс захирал Б.Ганхуяг болон эхнэрийх нь багш болж багш шавийн барилдлагаа тогтоон засал номыг нь хийж арыг нь даасаар иржээ. Хэрэг явдал 2023 онд буюу нүүрсний хэрэг ид бужигнаж байхад болсон. Тухайн үед Б.Ганхуяг нь “багштай уулзаарай, туслах байх гэж хэлсэн” хэмээн экс захирлын эхнэр нь өмгөөлөгч Д.Батбилэгийн хамтаар оройхон иржээ. Үүний дараа хутагт АТГ-д шавийнхаа төлөө тун зоригтой мэдүүлэг өгсөн байна. Тэрээр “ … Б.Ганхуяг нь эхнэрийн хамт миний шавь, манай гэрээр орж гарч явдаг. 2019 оны 6-р сард манайд ирж, валютаар хоёр тэрбум орчим төгрөг зээлсэн. Барилгын ажилд хөрөнгө оруулалт хийнэ, тэндээсээ ашиг хүртэнэ, би 70 хувь, тэд 30 хувийн ашиг хүртэнэ гэж тохирсон. Тэр барилга нь Баянзүрх дүүргийн Сансарын “Топ мебель” дэлгүүрийн баруун талд байдаг. 2019 онд баригдаж байхад нь би нэг л удаа очиж үзсэн. Зээлсэн мөнгөнөөсөө одоогоор нэг ч төгрөг буцааж аваагүй. Би мөнгөө доллар болгоод хадгалдаг. Миний хураасан болон сүсэгтнүүдийн барьсан өргөл барьц нийлээд ийм хэмжээний мөнгө байсан. Би санхүүгийн боломжтой …” гэжээ. Гэсэн ч дараагийн байцаалтанд улайж хэргээ хүлээжээ. “…Би 2023 оны 2-р сарын нэгэнд Японоос ирсэн. Маргааш нь миний шавь Б.Ганхуягийн нэрийг хэлээд өмгөөлөгч нь залгаад хоёр тэрбум төгрөгийн асуудал Ганхуягт үүссэн, энэ мөнгийг өөрөөс чинь зээлсэн болгоод гэрээ байгуулах шаардлагатай байна, таныг туслах байх, тантай холбогдоорой гэсэн хэмээн хэлсэн. Тэгээд өмгөөлөгч нь гэх өндөр бор залуу Ганхуягийн эхнэрийн хамт ирсэн. Ирээд гэрээний бэлэн төсөл өгөөд санаа зоволтгүй, нэг их ноцтой зүйл биш, мөнгөний талаар танаас гэрчийн мэдүүлэг авах байх, мэдүүлэг авах үед нь би танд юу юу гэж хариулахыг нь заагаад өгнө, мөнгө л зээлсэн учраас таныг барьж хорьж шалгахгүй, мэдүүлэг аваад л өнгөрнө гэхээр нь итгэсэн. Тухайн үед 3-4 хуудас гэрээ байсан. Хальт уншихад барилгад хоёр тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ, ашгаа 70-30 хувиар нь авна гэсэн утгатай. Ингээд хоёр хувь гэрээнд гарын үсэг зурсан, нэгийг нь тэд авсан, нэгийг нь надад өгсөн. 4-5 хоногийн дараа нөгөө өмгөөлөгч ахин яриад гэрээний хугацааг өөрчлөх хэрэгтэй байна гээд сольсон хувь өгөөд явсан. Би шавь Ганхуяг, түүний эхнэр нарт нэг ч төгрөг зээлсэн, хөрөнгө оруулсан зүйл байхгүй, хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Нэмж хэлэхэд хүмүүсийн үгэнд орж өмнө нь худал мэдээлэл өгсөндөө уучлал хүсэж байна …” хэмээн бурханы шавийн ёсоор гэмээ ухаарчээ. Харин хутагт арыг нь “дааж” байгаад эрдсэн Б.Ганхуягийн эхнэр мөнгө үнэхээр зээлсэн, өөрөө очиж авсан хэмээн “тас гүрийжээ”. Тэрээр “… Автай сайн хааны өргөө төсөл нь 2019 онд эхэлсэн. Төсөл хэрэгжүүлэгчид нь манай нөхрийг таньдаг, тэгээд бидэнтэй уулзаж хөрөнгө оруулалт хүссэн. Төсөл нь таалагдаад тэгээд би яваад орчихсон. Хөрөнгө оруулсан хүн нь манай багш говийн IX ноён хутагт байгаа юм. Би багшаасаа хоёр тэрбум төгрөг бэлнээр авч оруулсан. Тэгээд нийт таван зогсоол, таван агуулахын талбай, 10 орон сууц хүлээж авсан. Жолооч Батнасан нэг байранд, Уурхайчин багийн ажилтан Өлзий-Од нэг байранд нь орсон. Хоёр зогсоол, гурван агуулах зарагдсан, дөрвөн зогсоол түрээсэлж байгаа, нэг орон сууц зарагдаагүй байгаа. Би борлуулалтын ашгаасаа 30 хувийг авч бусдыг нь багшид өгөх ёстой. Багш надад хоёр тэрбум төгрөг өгсөн гэрээ байх ёстой, гэрээгээ хайж байгаа. Багштай хаана уулзаж мөнгө авсанаа санахгүй байна …” гэжээ. Говийн IX ноён хутагтын худал мэдүүлэгт өгсөн хэрэгт Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Батбилэг нь гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан хэмээн яллагдаж өмгөөлөх эрхээ гурван жилээр хасуулж 15 сая төгрөгөөр торгуулжээ.
WWW.TAIZ.MN Б.Баярбаатар


Discussion about this post