Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуулийн захирал О.Пүрэвжаргал, нягтлан Р.Пагамсүрэн нар нь сурган хүмүүжүүлэгч, сургуулийн ажилтны хувьд байж боломгүй хэрэг үйлдсэн байна. Тус сургуулийн 11в ангийн сурагч Н.М нь “Миний мөрөөдлийн сургууль” нэртэй зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарч түрүүлэхэд “JCI импакт” салбар байгууллагаас ялагчийнхаа мөрөөдлийг биелүүлж, сургуулийн спорт зааланд эмэгтэй хүүхдүүдэд зориулсан хувцас солих өрөөнд засвар хийж, тохижуулж өгчээ. Гэтэл “сэргэлэн” нь дэндсэн захирал хатагтай “Мөнх ундарга учрал” ХХК-ийн захирал Ч.Батбаатартай дүр эсгэсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар А/27 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” тушаалаар спорт заалны засвар, тохижилтын ажилд шаардагдах 10,000,000 төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж, “JCI импакт” салбар байгууллагын тохижуулсан хувцас солих өрөөг “Мөнх ундарга учрал” ХХК хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч материал бүрдүүлсэн байна. Улмаар тус компанийн данс руу 10,0 сая төгрөгийг шилжүүлж, үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь буюу 1,000,000 төгрөгийг суутгаж, үлдсон 9,000,000 төгрөгийг иргэн Т-гийн данснаар бэлнээр гаргуулж, нягтлан бодогч Р.Пагамсүрэнгээр дамжуулан өөртөө авчээ. Мөн л өнөөх иргэн Т-гийн хамтран амьдарч байсан М.Энхбатын үүсгэн байгуулсан “Төгс хефст” ХХК-тай ээлжит нэгэн дүр эсгэсэн гэрээ байгуулж, урлаг заалны засвар тохижилтод шаардагдах 19,322,150 төгрөгийг сургуулийн урсгал засварын зардлаас гаргахаар тушаал гарган “Төгс хефст” ХХК-ийн данс руу 19,3 саяыг шилжүүлээд үүнээс 17,4122,150 төгрөгийг сургуулийн нягтлан бодогч Р.Пагамсүрэнгээр дамжуулан өөртөө авээ. Авсан мөнгөнийнхөө 9,3 саяар нь бараа материал худалдан авч, сургуулийн багш, ажилчдаар засварын ажлыг гүйцэтгүүлж, үлдэгдэл найман саяыг нь өөртөө халаасалсан байна. Түүгээр ч зогсохгүй хамтран амьдрагчаа сургуулийн слесарийн албан тушаалд томилж ажиллаагүй байхад нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 7,1 сая төгрөгийн цалин олгожээ. Энэ бүх даварсан үйлдэлд нь нягтлан бодогч дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцжээ. Шүүх саяхан энэ хэргийг шийдвэрлэж экс захирал хатагтайг долоон сая, нягтланг таван сая төгрөгөөр торгожээ. Экс захирал өдгөө “Монголын төмөр зам” ТӨХК-д зохион байгуулагчаар ажилладаг гэнэ.

Discussion about this post