Дарханы “Цэлмэг хотхон”-ы борлуулалтын менежер хувь дансаараа авсан орлогын 733 сая төгрөгөөр онлайн покер тогложээ.
Ийм нэгэн том хэрэг 2023-2024 онд Дарханд гарч тус компанийн борлуулалтын менежер Б.Ганширнэн нь шинэхэн баригдсан “Цэлмэг” хотхоны байрнаас байр, үйлчилгээний талбай, зогсоол, гарааш зарна хэмээн хуурамч гэрээ байгуулан 18 хохирогчийн төлбөр болох нийт 733 сая төгрөгийг хувийн дансаар авч улмаар цахим мөрийтэй тоглоомд алдсан нь тогтоогджээ. Тэрээр энэ үйлдэлдээ зургаан жилийн хорих ял авсан ч хохирлыг экс менежер эсвэл түүнийг ажилд авсан компани төлөх эсэх нь хэргийн гол зангилаа болсон. Хохирогчид уг компаниас байр авч байна гэх итгэл үнэмшилээр албан офисд нь борлуулалтын менежертэй нь гэрээ хийсэн тул хохирлыг компаниас гаргуулна хэмээн зүтгэсэн. Мөн өмнө нь залилангийн хэргээр хоёр ч удаа ял шийтгүүлсэн хүнийг ажилд авсан гэдгээр нь компанийн захирлыг буруутай гэсэн. Шүүх ч компанийн захирлыг менежерээ хяналтаасаа бүрэн алдаж ажлын гүйцэтгэлийг, шалгах, данс тооцоо нийлэхийг замаар борлуулалтын мэдээллийг цаг тухайд авах үүргээ орхигдуулж улмаар ажил олгогч болон ажилтан хоорондын “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” хэвийн бус байдлаар явагдаж ирсэн нь олон иргэн мөнгөн хөрөнгөөрөө хохирох гол шалтгаан нөхцөл болсон гэж үзжээ. Компанийн захирлын мэдүүлснээр Б.Ганширнэн нь “Цэлмэг” хотхоны борлуулалтын менежер болоод л нүдэн дээр нь “сайжирч” байхад анзаараагүй нь хачирхалтай. “Би тэр үедтэй уулзаад өмнө нь хаана юу хийж байсан талаар тодруулахад Топ дизайн хэвлэлийн газарт захирал, эх бэлтгэгч хийж байгаад хэрэгт орж 2-3 жил шоронд суугаад гарч ирсэн гэсэн. Би итгээд 2022 оны 8-р сараас борлуулалтын менежер болгосон. Цалингаас гадна зарсан байр болгоны үнийн дүнгийн нэг хувиар урамшуулая гэсэн. 2023 онд компанид Highlander гэдэг машин орж ирснийг сан хийсэн хүний ажлын хөлсөнд 35 сая төгрөгт бодож өгсөн. Гэтэл хоёр хоногийн дараа Ганширнэн тухайн машиныг унаад явж байхаар нь асуухад ББСБ-ын зээлээр авьсан гэсэн. Удалгүй Highlander-аа Сай гэдэг машин болгосон. Тэрний дараа Кровноор солиод тэрийгээр сайжруулаад өөр Кровн болгоод сүүлд нь бүр “Прадо 120” унаад ажилдаа ирсэн. 2024 оны 2-р сард хотод байхад Дарханаас залгаж асуудал гарлаа, борлуулаагүй байранд дээр айл орсон, асуухаар байр авсан гэж байна гэсэн. Би хүмүүсдээ үүрэг өгч бичиг баримтыг нь үз, учрыг тодруул гээд хотоос гарсан. Дархан явж байхад нягтлан залгаад Ганширнэн ах хүмүүсээс мөнгө төгрөг авчихсан юм шиг байна гэсэн. Ахин залгаад яалтчгүй хувь дансаараа мөнгө аваад борлогдоогүй байранд айл оруулсан байна гэсэн” гэж мэдүүлжээ. Нэгэнт борлуулалтын менежер авсан мөнгөөр онлайн покер тоглоод дуусгасан тул хохирогчид “Элчит ган” компанийг нь иргэний хариуцагчаар татаж хохирлоо гаргуулна гэсэн. Харин компани илтэд хувь хүний дансаар мөнгө авч байхад урьдчилан сайтар шалгаагүйгээрээ хохирогчид өөрсдөө буруутай, мөн борлуулалтын менежер гэмт үйлдлээ нуун дарагдуулсан тул ажил олгогчийн зүгээс мэдэх боломжгүй байсан, урьд ял шийтгүүлсэн хүнийг ажилд авах нь буруу биш гэх мэтээр маргасан ч тус болоогүй. Анхан шатны шүүх “Элчит ган” компанийг иргэний хариуцагчаар тогтоогоод хохирогчдын хохирол болох 733 сая төгрөгийг гаргуулахаар шийдсэнийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Ийнхүү энэ компани итгэл даахгүй хүнийг ажилд авч дээр нь дураараа дургих боломжийг тавьж өгөөд том хохирчээ.

Discussion about this post