2019 онд ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга болон тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр гээд нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан гэх хэрэгт холбогдсон. Машин худалдан авахаар Ж.Батчулуунаар ахлуулан Инженерийн сургуулийн захирал Г.Энхбаяр, Мал аж ахуй биетехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт нар томилолтоор хамт явжээ. Энэ томилолтын гол зорилго нь Монголоос бус харин Солонгосоос хямдхан авч “төсвийн хэмнэлт” хийх ёстой байсан гэнэ. Гэтэл Т.Хэрүүгагийн санаснаас шал эсрэг юм болжээ. ХААИС-аас буюу тодруулбал төв сургуулиас 90 сая, Инженер технологийн сургуулиас 36 сая, Акроэкологийн сургуулиас 15 сая гээд нийт 143 сая төгрөгийг Ж.Батчулууны хувийн дансанд шилжүүлжээ. Харин “сэргэлэн” дэд захирал зургаан машиныг Солонгосоос 82,3 сая төгрөгөөр худалдаж аваад сургуулийн санхүүдээ 104,1 саяар авсан мэтээр баримт бүрдүүлж өгөн нийтдээ 27,7 сая төгрөг завшсан гэж буруутгагдсан. Манайх Солонгостой эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй агаад үүний дагуу манай талын хүсэлтээр цагдаа нар нь Сөүл хотын Инчён дүүргийн техникийн захын Ж.Батчулуунд машин зарсан наймаачидаас мэдүүлэг авчээ. Гэрч Ю- /БНСУ-ын иргэн/-ны “…Тэр хүмүүс нэг хуучин Бонго 3(1.2 тонн) автомашин худалдаж авсан. 1-р сарын 19-ний орчимд худалдан авагч гэрээний огноо бичсэн гэрээ авч ирсэн, Тэр маши н худалдах-худалдан авах гэрээнд бодит үнэ болох гурван сая воноос их буюу 5.5 сая гэж бичсэн байхыг хараад энэ асуудал болохгүй юу гэсэн чинь “Солонгост ямар ч асуудал болохгүй, зөвхөн Монголд л шаардлагатай бичиг баримт байгаа юм” гэхээр нь тамга дарж өгсөн…” гэжээ. Гэрч И Ху Сон /БНСУ-ын иргэн/ “… Надад үзүүлсэн худалдах-худалдан авах гэрээн дээр нэг avante маркийн автомашин 4,850,000 вон, хоёр morning маркийн автомашин 4,250,000 вон, гурван avante маркийн автомашин 4,650,000 сая вон гэсэн байна. Тэгвэл энэ бодит үнийн дүнгээс хуурамчаар хөөрөгдүүлж бичсэн дүн байна…” гэж мэдүүлжээ. Түүнээс гадна Солонгос руу машинд явахаар харьяа сургуулиудаасаа мөнгө татаж байхад “нийт мөнгө 80 сая төгрөг давсан тул тендер зарлах ёстой” гэхэд Ж.Батчулуун “манайх төсвийн байгууллага биш, төсвөөс санхүүжилт авдаггүй тул өөрийн мөнгөөр машин авахад улсад ямар хамаатай юм бэ” гэж нам даржээ. Энэ хэрэгт Т.Хэрүүга зохион байгуулагчаар харин Ж.Батчулуун гүйцэтгэгчээр татагдсан. Солонгос хамт явсан хоёр захирлын тухайд “Ж.Батчулуун захирал хэдэн воноор худалдан авч байгаагаа хэлээгүй, тэр л мөнгө гаргаж өгч байсан, би машиныг унаж шалгаж үзэх үүрэгтэй л байсан” гэж мэдүүлжээ.

Discussion about this post