НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Богд уулын ам болгоныг хашаалсан нь ан амьтанд сөргөөр нөлөөлж, ховордож буй амьтдын тоо толгой багасгахад хүргэж байна хэмээн шүүмжилж, хашаа барих зөвшөөрөл олгоод байгаа эрхийг Нийслэлд шилжүүлвэл даруй дээрх хашаануудыг буулгах болно гэдгээ өнөөдрийн НИТХ-ын ээлжит VI хуралдаанд илэрхийллээ. Учир нь энэ сарын 31-нд Богд уулын аманд бэлчээрлэдэг хоёр бугын нэг нь төмөр хашаанд сүлбүүлж үхсэн байдалтай олдсоныг иргэн бичлэг хийж, олон нийтэд хүргэсэн билээ. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан үүнд шүүмжлэлтэй хандаж, байгаль дэлхий, энэ хот зөвхөн хүнд зориулагдаагүй. Бусад амьтан ч амьдрах эрхтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс дуртай газраа хашаалаад байж болохгүй хэмээн шүүмжиллээ.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Хүний шуналд хязгаар алга. Уулын амыг ам амаар нь өмчилж авах явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үе үеийн удирдлагуудын уулын амыг хууль бусаар олгосны шууд хор уршиг. Энэ бол шуналын гай. Яаралтай хотын эргэн тойрон бүх уулын амуудыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой. “Байгаль орчны яам мэднэ”, “Богдын захиргаа хариуцна” гэсэн нэрийн дор ажил гацдаг, хариуцлагаас бултдаг энэ тогтолцоо өөрөө ялзрал. Ан амьтдын гэрт нь халдаж орж, муухай шавар байшин барьчхаад, дээрээс нь жадалж хашаалж энэ миний газар, энэ миний хаус гэж баярхах бол баяр бахдал биш. Ямар ухамсаргүй мал вэ гэдгээ харуулж байгаа явдал. Өнөөдөр Нүхтэд нэг сайхан буга жадтай хашаанд гэдсээ сүлбүүлж амь алдлаа.Энэ бол санамсаргүй осол биш. Хүмүүс бидний шуналын шууд үр дүн. Уулыг амаар нь зарсан этгээдүүд ч, түүнийг худалдаж авсан хүмүүс ч байгаль орчны эсрэг гэмт этгээдүүд мөн. Хашаа барьсан газарт нь хариуцлага тооцох ёстой.Хашаа буулгаад өнгөрөх ёсгүй.Ховор амьтны АМЬ үнэ цэнтэй байх ёстой. Ямар хариуцлага хэнд тооцохыг харцгаая” гэлээ.
Мөн яаралтай хуульдаа өөрчлөлт оруулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Нийслэл хотод энэ бүх уулын амнуудаа цэгцлэх, газар чөлөөлөх, хашаа хороо буулгах, ЭРХ МЭДЛИЙН шилжүүлээд өгчих. Яам ажлаа хийж чадахгүй байгаа бол Нийслэл хот хийе. Газрыг нь мэдээж Байгаль орчны яам өгсөн байж таараа. Нийслэлийн мэдэлд яаралтай шилжүүлж өгөхгүй бол ирэх 8-р сард болох тэр олон улсын цөлжилтийн эсрэг КОП17- ын хурал дээр чинь гаднын ирсэн төрийн тэргүүнүүдэд болон байгаль ан амьтныг ойлгодог хүмүүст энэ зураг бичлэгийг чинь үзүүлж шившгийг чинь дэлгэнэ хэмээн байр сууриа илэрхийллээ.


Discussion about this post