Хэдий том олз олсон ч ашигтай нь харьцуулахад багахан мөнгө болох 10 сая төгрөг дээр “нарийлаад” түүнээсээ болж баригджээ. Хэрэг явдлыг өгүүлэхэд Д.Гантулга нь Ойн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа буюу 2022 оны 4-р сарын 1-нээс 2023 оны 5-р сарын 3-ны хооронд хуулийн хэллэгээр иргэдийн аз туршиж ашиг олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан онлайн покерийн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж яллагдсан. Ердөө нэгхэн жилийн дотор түүний хамаарлын 5-6 дансаар толгой эргэм их мөнгө болох 5,4 тэрбум төгрөг орж гарчээ. Хэлтсийн дарга танил тал, хамаатнуудаасаа 500 мянган төгрөгөөр дансыг нь “худалдан” авч виз карт захиалан өөрийн болгожээ. Бүр архины хамааралтай хүний дансыг хүртэл аргалаад авчихсан гэнэ. Гол мөнгө нь орж гарсан М.Батболд нь Туркэд, Г.А нь Солонгосд “харласан” байсан нь бүр ч амар байсан. Туркэд байгаа хүний дансаар л гэхэд 354 сая төгрөгийг АТМ, ПОС машин ашиглан бэлнээр гаргажээ. Мөрдөн байцаалтын явцад хэлтсийн даргын албан өрөө болох Ойн газрын 302Б тоотод үзлэг хийж ашиглаж байсан “dell-5” загварын процессорыг хураан авсан ч мөрдөн байцаалтын шатанд “алга болсон” хачирхалтай хэрэг гарчээ. Процессор алга болсон хэргийг тусад нь шалгаж байгаа гэнэ. Хэлтсийн даргын гэрт мөн үзлэг хийж гар утас таблет зэргийг хурааж авчээ. Эхнэрийх нь гар утсанд хийсэн үзлэгээр онлайн покер зохион байгуулж байсан нь нотлогдсон аж. Эдийн засгийн мэдлэгтэй мөрдөгчид хэлтсийн даргын жилийн хугацаанд олсон ашгийг 360 сая төгрөг тогтоожээ. Гэхдээ ийм их ашгийг өөрөө мундагдаа олоогүй агаад онлайн покерчдийн дунд нэрд гарсан, олон ширээнд тоглодог нэг нутгийнх ах болох Төв аймгийн Ж.Мөнхбаярын “ач” гэнэ. Тэрээр “Нутгийн дүү Гантулга 2022 оны 5-р сард залгаад “zoom pоkеr” нэртэй сайт нээсэн, та дэмжээд хүн татахад туслаад хүмүүсд хэлээд өгөөч, та өөрөө ч тогло, танд цэнэг хийж өгье, мөнгөө алдвал дүү нь алдсан мөнгийг чинь буцаагаад өгнө, санаа зоволтгүй, дээр нь тусдаа урамшуулна гэхээр нь таньж мэддэг хүмүүсдээ хэлээд олон ч хүн оруулж тоглуулсан. Би өөрөө тоглоод нийт 10,9 сая төгрөгөө алдсан. Энэ бол миний гурван сарын цалин бас хүмүүсээс зээлсэн мөнгө байсан. Тэгээд анх тохирсон ёсоороо алдсан мөнгөө авья гэхэд Гантулга өгч чадахгүй, явдаг газраараа яваад аваарай гэсэн” гэжээ. Тус болсоны хариуд өөдөөс нь ус цацаж бүр тавласанд нь уурсаж явдаг газраар нь явахаар болж шууд цагдаад мэдэгдсэнээр хэлтсийн даргын онлайн покерийн хэрэг илэрсэн. Тэрээр нэг хоног цагдан хоригдсон. Шүүх хэлтсийн даргыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн таван сая төгрөгөөр торгож олсон ашиг болох 356,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Хэлтсийн дарга жилийн өмнө ажлаа өгчээ.


Discussion about this post