Эрх зүйч мэргэжилтэйн дээр жижиг компанийн хуульчийг бодвол хамаагүй өндөр цалин авдаг баймаар шатахууны импортлогч том группийн хуульч ийм ноцтой эрүүгийн хэрэг өдүүлсэн гэхэд итгэхэд бэрх. Энэ хэрэг 2022 оны 1-р сарын 13-14-нд шилжих шөнө гарсан агаад хоёр жил шахам шалгагдаад өнгөрсөн онд шүүхэд шилжсэн. Өмнө нь гурвантаа ял шийтгүүлсэн С.Төгсжаргал, хуульч Г.Энхжаргал, эмэгтэй Х.Даваасүрэн нар холбогдсон. Тэд спорт бооцоот тааврын “1ХВЕТ”-ын агент болох Н.Г-д “Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид” хэмээн итгүүлж бэлнээр 10 сая, дансаар 40 сая төгрөг авч нийт 50 сая төгрөгийн хохирол учруулжээ.
С.Төгсжаргалын мэдүүлснээр Х.Даваасүрэн нь “Манай хүргэн нэлээд мөнгөтэй, 1ХВЕТ сайт ажиллуулдаг, миний махны бизнест эргүүлдэг 200 сая төгрөгийг аваад өгөхгүй байна, энэ мөнгийг авч өгвөл та нарт 50 саяыг нь өгье” гэснээс хэрэг эхэлсэн гэх ч хэрэгт авагдсан баримтаар ердөө бооцоонд алдсан мөнгөө л буцааж авах гэсэн болж таарсан. Ингээд “мөрдөгчид” Х.Даваасүрэнгийн нөхрийн машинаар өөрсдийх нь нэрлэснээр “тусгай ажиллагаа”-ндаа гарчээ. Болсон явдлын талаар өгүүлсэн хохирогчийн мэдүүлгээс үзэхэд “мөрдөгчид” хохирогчийг сайн судалсаны дээр “айлгах” тактик болон сэтгэлзүйн дарамтыг мэргэжлийн түвшинд хэрэглэжээ. Агентыг гэртээ байхад шөнийн 23 цагийн үед хаалга цохин онгойлгоход амны хаалт зүүсэн 40 орчим насны эрэгтэй, 30 гаран насны хоёр залуу зогсож байжээ. Ахимаг эрэгтэй нь өөрийгөө “Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах ажилтан Жаргалсайхан байна” гэж танилцуулахад хуульч нэг үнэмлэх гаргаж ирээд хальт харуулжээ. “Мөрдөгчид” агентыг хувцсыг нь өмсгөж авч гараад гар утсыг нь хурааж авчээ. Байрнаас гараад “хар өнгийн алфард машин чинь хаана байна” гээд машинд нь “үзлэг” хийсэн байна. Дараа нь ажлынх нь байр луу явжээ. Үнэндээ тэр нь агентын архи уудаг, хүүхэнтэй хонодог байр байсныг ажлынх нь газар гэж андуурчээ. Тэнд очиход ширээ дүүрэн гар утас бас агентын хоёр хуурай дүү байж таарсан.
“Мөрдөгчид” тэднийг хана руу харуулж зогсоогоод хэргийн газрын “үзлэг” хийж гар утсаараа баахан зураг даржээ. Хоорондоо “хэлтэс дээр хар тамхины хэрэгтэй баахан гаруудыг авчирсан зайгүй байна, энэ гурвыг шууд Ганц худаг авч яв гэж байна” хэмээн ярьж хөөрхийсийг үхтэл нь айлгажээ. Нэг дүү нь уйлан алдсан гэнэ. Тэгснээ хоёр хуурай дүүг нь гэр лүү нь хариулаад агентыг авч үлдээд “тусгай ажиллагааны дагуу чиний мөнгийг хурааж авах ёстой” гэж тулгажээ. Тухайн үед агентэд 50 гаруй сая төгрөг байснаас 30 нь хүмүүсийн дансаа цэнэглүүлэх гэж шилжүүлсэн мөнгө, үлдсэн нь өөрийнх нь гэнэ. Агент хураалгахгүй гэхэд “ямар мөнгө хураахаа би өөрөө мэдье” гээд “хэрвээ хураалгасан мөнгө чинь ямар ч асуудалгүй болох нь тогтоогдвол прокурорт танилцуулаад буцаагаад өгдөг” гэж тайвшруулжээ. Үүнд нь итгэсэн агент АТМ-ээс 10 сая төгрөг гаргаж өгөөд 40 саяыг нь “тусгай ажиллагааны данс” гэх С.Төгсжаргалын хувийн данс руу шилжүүлжээ. Ингээд “тусгай ажиллагаа” өндөрлөж агентыг гэр лүү нь явуулсан. Тэрээр цагдаагаас залгахыг долоо хоног хүлээгээд эцэст нь АТГ-д гомдол гаргасан. Хэрэг илэрч хохирол барагдуулах болоход Х.Даваасүрэн нь 10 сая, Г.Энхжаргал нь 30 саяыг төлж харин С.Төгсжаргал нь 10 саяас хоёрыг л төлжээ. Өмнө нь ял шийтгүүлж байсны дээр хохирлоо бүрэн барагдуулаагүй түүнд хоёр жилийн хорих ял оноожээ. Хохирлоо барагдуулсан нөгөө хоёрыг тус бүр нь 15 сая төгрөгөөр торгосон байна.

Discussion about this post