“UBCab”-д жолооч ажилтай, мөн хувиараа таксинд явдаг гэх “Тууска” хэмээх Б.Г, А.Э, Б.А нар нь бүлэглэн 2022 оны хавраас намар хүртэлх хугацаанд такси үйлчилгээнд явж байхдаа “хүүхэн байна, уулзах уу” хэмээн санал тавьж нэр бүхий эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүргэж өгөх, авах зэргээр унаагаар хангасан гэмт хэрэгт холбогдсон. Биеэ үнэлсэн эмэгтэйчүүд нь “Би 2023 онд Шагай, Тууска буюу Г ах нарын дуудсанаар ажилд хэд хэдэн удаа гарч байсан. Богиноор буюу цагаар 300,000 төгрөг, уртаар буюу хоногоор 500,000 төгрөгөөр явдаг. Энэ хүмүүс охидыг ажилд гаргаад нийт мөнгөний яг талыг нь буюу 50%-ийг нь авдаг байсан. Өөрсдөө шөнийн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээнд явахын хажуугаар охидыг бусдад зуучилж бэлгийн харилцаанд оруулах зэрэг ажил давхар хийдэг”, “Тууска буюу Г ахыг халзандуу болохоор нь мэдэж байна. Иймэрхүү шугамаар буюу биеэ үнэлэхэд зуучилдаг найдвартай, айх эмээх зүйлгүй гээд надад санал болгохоор нь утсаа солилцож хамтарсан”, “Тухайн үед Тууска, Шагай нар надад ажлын санал тавьж би Уянгаа гээд найзтайгаа Алтай хотхоны урд талд байдаг “Telmuun” гэх нэртэй зочид буудалд хоёр хүнтэй уулзсан. Тэгээд ажлынхаа төлбөр болох 250,000 төгрөгийг авсан”, “Анх 2022 онд танилаараа дамжуулан Тууска ахтай танилцсан. Тууска ахаар дамжуулан Шагай ахыг мэддэг болсон. Ажил гарахаар над руу залгадаг. Тэр хоёр ажлын хөлсний талыг нь аваад байхаар нь яваандаа больсон” гэж мэдүүлжээ.
Харин “үйлчлүүлэгчид” нь “Эрхэмээтэй танилцсаны дараагаас хүүхэн шуухан хэрэгтэй бол хэлээрэй гэж хэлж байсан. Тэгээд би Эрхэмээг хүүхэн олж өгдөг юм байна гэж мэдэж авсан”, “Таксинд суухад жолооч эрэгтэй яриа өдөөд хөөрхөн охид байна шүү гайгүй үнээр явдаг гэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул сонирхоод нэг охиныг нь нэг цаг авахаар болсон. Жолооч эрэгтэй намайг зочид буудалд хүргэж өгөөд нэг эмэгтэйг надтай хамт оруулсан” гэжээ. Шүүх “зуучлагч” нарт бүгдэд нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Дээр нь тэр гурвын унаж байсан “Honda, insight” тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөг, “Тоѐота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 11.000.000, “Тоѐота Приус 30” тээврийн хэрэгслийн үнэ болох 16.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Discussion about this post