Анх 2009 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам нь “Гацууртын Чинбат Зэлтэрийн нутагт малаа оруулж байя гээд байна” гэснээр хөдөлмөрийн баатарын 4000 үхэр нь зуны гурван сардаа хилийн заставаас зөвшөөрөл аваад онгон дагшин газар зусаж тангагласадаг болсоор өдий хүрчээ. Энэ газар нь Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Түшиг сумын нутгийг дамнан оршдог, УИХ-ын 2011 оны тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан, Дархан цаазат газрын онгон, хамгаалалт, хязгаарлалт гэсэн гурван бүсчлэлд хамаардаг Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд байдаг. Энэ газрыг “бүтээж өгсөн” хүмүүс нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга асан Ш.Насандулам, газрын даамлаар ажиллаж байсан Г.Мэргэнбаатар нар аж. Харин “Гацуурт”ын Л.Чинбатын газар бүтээх “бүрэн эрхт төлөөлөгч”/БЭТ/ нь 1974-1989 онд Булган аймгийн Баян-Агт,Булган суманд амьдарч байсан гэдгээрээ “давуу” талтай, мөн “Гацуурт”-ын Толгойт дахь агуулахыг нь үйлдвэрийн зориулалтаар түрээсэлж байсан гэдгээрээ заавал туслах “үүрэгтэй” болсон Н.Базаргарь гэгч байсан.
2008 онд Л.Чинбат түүнийг “Түшиг суманд байгаа манай үхрийн аж ахуйд бэлчээрийн газар хэрэгтэй байна, Сэлэнгэ суманд хамаарах алслагдсан газар байдаг юм байна, чи газрын даамал, засаг даргатай нь уулзаад бэлчээрлэх газар аваад ир” гээд “БЭТ”-ээр томилж явуулжээ. Тэрээр очоод Монголын толгой баяны ”БЭТ” шиг даналзаж сумын газрын даамалыг суулгаж байгаад газрын зурагнаас тусгай хамгаалалттай бүсийг шууд заагаад л сонгожээ. Сонгосон газрыг нь өгөхийн тулд Засаг дарга Ш.Насандулам, газрын даамал Г.Мэргэнбаатар нар нэрэндээ таарсан “мэргэн” гаргалгаа гаргаж сумын ИТХ-ын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хуудсыг нөхөн бичиж, улсын бүртгэлийн дугаар авахын тулд Газрын мэдээллийн санд 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр бүртгэсэн, 2022 онд аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хүсэлтийг Газрын мэдээллийн цахим санд илгээсэн нь тогтоогджээ. Тэгээд 2011 оны 11-р сарын 11-ны олон “11” тохиосон билэгт сайн өдөр газрын даамал газрын гэрчилгээг нь бичиж өгчээ.
Шалгалтаар Л.Чинбатын 4000 үхэр нь тусгай хамгаалалттай газрын онгон бүсэд гурав, хамгаалалтын бүсэд гурав, хязгаарлалтын бүсэд хоёр буюу нийт найман хэсэгт зусаж тэр газрын хөрс хөндөгдөж үхрийн баасаар хучигдан бүр өвс ургадаггүй болсон гэнэ. Сумын засаг дарга хатагтайн төрсөн дүү Ш.М нь 2014 оноос хойш “Гацуурт”-д туслах малчнаар ажиллаж 400 үхрийг нь хариулдаг гэнэ. Түүний эхнэрийх нь дүү “Гацуурт”-ын худагт ажилладаг гэнэ. Булган аймгийн шүүх энэ хэргийг хэлэлцээд сумын Засаг дарга асан эмэгтэйг мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин өмнө нь мөн л авлигалын хэргээр ял шийтгүүлж байсан газрын даамалыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2,6 жилээр хасаж зургаан сая төгрөгөөр торгожээ.


Discussion about this post