БНМАУ-ын сүүлчийн удирдагч, нам төрийн тэргүүн Ж.Батмөнх агсны гэргий тэргүүн хатагтай А.Дариймаагийн ярилцлагаас:
-1992 онд арван настай хүүхэд 10 төгрөг атгачихсан хүмүүсийн хөлд гишгэгдэж нас барсныг сонсоод Батмөнх сэтгэл маш эмзэглэж уншиж байсан сонингоо базаад шидчихсэн юм.
-Юу болохоор ингэдэг байна? гэж намайг асуухад
-Чи өөрөө унш! гээд цонхон тушаа харж удаан гэгч зогссонсон.
-Монголчууд хэзээ ч өлсөх ёсгүй. Хар талханд дугаарлаж байж 10 настай хүүхэд гишгэгдсэн байна шүү дээ. Өөр юм байхгүй гэж Батмөнх эрс өгүүлэв.
Уруул нь хөхрөөд царай нь хачин байхыг хараад би,
-Өвгөөн, Наашаа суу. Даралтыг чинь үзье. Тайван байл даа гэв. Даралтыг нь үзэх гэтэл унаад өглөө. Би сандраад иллэг хийж, дуслаар уудаг эмнээсээ ам руу нь дусаахад нүдээ харлаа. Түүнээс хойш гайгүй байгаад 1994 онд сонин уншиж суугаад ухаан алдав. Тэр үед би гал тогооны өрөөнд байсан юм. Охиныг дуудахаар гүйж очоод иллэг хийж сандрахдаа цагаан архи цутгав. Тэгээд мэдээ ороод,
-Ёо, ёо, эвгүй оргичихлоо. Би удсан уу? гэж асууж байв.
Жаргалантад Мандалсүрэнгийнд аваачиж зунжин, намаржин сүү, тарган дээр байж байгаад Батмөнхийн бие гайгүй болсон.
Бага хүү Наранбат хэд гурван цаас авчраад өгөхөөр өвгөн маань
-Чи бензинээ ав гээд буцааж өгнө. Тэгэхлээр хүү минь аавынхаа нүдний шилний доогуур тавьчихаад явчихсан байдаг байв. Наранбатын охины бие муудаж эмнэлэгт бид багагүй сандрав. Батмөнхийн тэтгэвэр 800 төгрөг, минийх 300 төгрөг хавьд л байсан даа. Тэр нь хаанаа ч хүрэхгүй арга ядраад би монгол дээл хийж, өөрөө нэрэлхээд хүн гуйж заруулах болов. Жуулчид ирэхлээр гайгүй үнээр зарагдчихдаг юм билээ.
Ахмадын өдөр, цагаан сар, шинэ жил болохоор Улсын их сургуулиас заримдаа надад урилга ирнэ. Өвгөнд хаанаас ч юу ч үл ирнэ. Тийм болохоор би орхиод явж чадахгүй. Улсын их сургуулийнхаа урилгад ч очиж чаддаггүй байлаа. Хүүгийн бие муу, юм оёж байх үедээ Дамбадаржаад газар аваад хашаа хатгаж ногоо тарьж байсансан. Дарь-Эхийн автобусанд сууж буугаад Дамбадаржаагийн автобусанд суугаад эцсийн буудлаас цааш 2 км газар идэж уух юмаа барьж алхдагсан. Өвгөний зүрх муу, миний хөл муу, хүү минь эмнэлэгт хэвтчихсэн болохоор Батмөнхөд хэлэлгүйгээр унааны туслалцаа гуйхаар П.Очирбаттай уулзахаар ордонд очиход хүлээж аваагүй. Бидний таних комиссар залуус “Дариймаа гуай хэнтэй уулзах нь вэ? ” гээд л гүйцгээгээд л байсан. Нанжингийн оронд болсон Тогтохнасан гэдэг залуу,
-Би П.Очирбат даргатай уулзаад орох нь уу яах нь вэ? мэдээд эргээд хүрээд ирье гээд явсан. Би нэлээд бухимдуу хүлээгээд зогсож байтал,
-Тийм хэргээр уулзах гэж байгаа бол өөр хүнтэй уулзуул гэсэн гээд Яндаг гэдэг хүнийг зааж өгч билээ. Тэндээс долоо хоногт дуудлагын унаа хоёр удаа авч бай гэсэн баяртай үг сонсож буцав. Тэр үеэс санаа авч “амьдрал нь яаж байгаа бол” гээд П. Очирбат өвгөнийг минь нэг удаа дуудаж уулзаж болох л байсан гэж боддог юм. Болсон явдлыг Батмөнхөд хэлэхэд,
-Яах гэж чи очсон юм бэ? хэрэггүй, хэрэгтүй. Ийм байдлыг бүгд л мэдэж байна шүүдээ. Тэгэхдээ яахав өгөөгүй биш өгсөн л байна шүү дээ гээд инээж байсан. Унаа залгуулах болсонд Батмөнх их л баярлаж байсансан. Хүүг эмнэлгээс гарснаас хойш унаа хэрэглэхээ бараг больсон, хааяа нэг л авсан. 1993 оны цагаан сараас л эхэлж өвгөнд урилга ирдэг болсон. Тэр үеэс би их сургуулиас урихад Батмөнхийг орхиж саадгүй очдог болсон доо. Хүнийг өөдөлж дэвжиж явахад наашаа гэх найз нөхөр танил олон, өвгөрөх буурахад наашаа гэх нь өдрийн од шиг ховор болдог нь монголчуудын зан араншин арай биш баймаар юм.
1996 оны 4 сард өвгөн минь сонин уншиж байгаад ухаан алдав. Иллэг архи цутгаад нэмэр болсонгүй. Тэгж байтал “Хүний зүрхний судас хөлийн уланд байдаг” гэж нэг юмнаас уншсан гэнэтхэн санаанд орж гутлыг нь тайлаад уланд нь иллэг хийтэл сэргэх нь тэр. Гадуур явган их явдаг байснаа больж,
-Гудамжинд уначих болов уу гэж бодохлоор дургүй хүрээд ороод ирлээ гэдэг болсон. Эмчид үзүүлээд Хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэв. Эмнэлэгт хэвтээд их удаагүй. Өглөө эрт хоол хийгээд очсон чинь,
-Би урьд шөнө цээж давчдаад унтсангүй гэв. Би Дашбалжин эмчид хэлээд дэргэд нь гурав хоног байлаа. Миний бага хүү Наранбат Америкт сургуульд явах гэж байв. 1990 оноос хойш аав ээжийгээ миний хүү юугаар ч дутаасангүй. Одоо хоцрох нь, миний хүү явах гэсэндээ яв гэж бид хэлэв. Энэ бол 1997 оны 5 сарын 13-ны өдөр. П. Очирбат, Н.Багабанди хоёрын ерөнхийлөгчийн өрсөлдөөний халз ярилцлагыг зааланд очиж үзнэ гээд байхаар хүү маань,
-Аав аа, гэрээсээ зурагт аваад ирье гэв. Гэтэл Батмөнх,
-Юу ярьж байгаа юм. Эмнэлэгт янз бүрийн юм барьж ирээд гэв.
-Эмч чамайг битгий босоорой гэсэн шүү дээ! Архи сайн юм билээ, авчрах уу гэж намайг хэлэхэд өвгөн минь,
-Авч ирвэл бүр олон шилээр нь аваад ир! Найрлана аа хө гэж тоглоом хийв,
-Хөгшин минь гурав хоног нааш цааш гүйгээд бүр ядарчихлаа. Өнөө шөнө явж Наранбат та хоёр амар, Баттулга хүүг явуул гэж Батмөнх хэлэв. Наранбат бид хоёрыг 21 цаг хүртэл байж байгаад явахад телевизор үзсэнийхээ дараа Батмөнх,
-Ийм ч юм гэж байх уу даа, Юундаа бөөрөнхийлөөд байгаа юм гэж халз ярилцлагын тухай өгүүлж цонхоор харж зогссоноо,
-Унтъя гээд орондоо оров. Би өглөө 6 цагт цочин сэрээд утсаар биеийг нь асуух гэснээ больж, “хоолоо хийгээд очъё” гэж бодоод гал тогоонд орж цахилгаан тулгаа залгав. Үүний сацуу утас дуугарахад авбал Батмөнхийг “нас барлаа” гэх үг зүрх зүсэв. Би хажууд нь хоносон бол яах байсан бол гэж гомдлын мөр боддог юм. Гэвч болохгүй юм гэдэг болдоггүй л гэсэн дээ. Хорвоо бөөрөнхий…
Сэтгүүлч Б.Золжаргал









Discussion about this post