-АЛДАГДСАН 340 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХЭРЭГТ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН “БҮЛЭГЛЭЛ” ХОЛБООТОЙ НЬ БАРИМТААР НОТЛОГДОЖ БАЙНА-
Хууль, хяналтынхан төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгт улс төрд нөлөө бүхий олон хүн холбогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, хамтарсан Ажлын хэсгээс 70-80 хүнийг шалгаж, тэдний заримыг нь цагдан хориод байгаа юм.
Төр, засгийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилоод тодорхой хугацаа өнгөрч байна.
Тэгвэл алдагдсан гэх 340 мянган тонн нүүрсийг хэн хулгайлав гэх асуултад ТВ8 телевизийн “Эрэл” сурвалжлагын багийнхан ээлжит нэвтрүүлгээрээ хариулт өгчээ.
Тэдний дэлгэж тавьсан баримтаас үзвээс дээрх хулгайд алдагдаж, хил давсан нь тогтоогдсон 340 мянган тонн нүүрсний хэрэгт Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл” холбогдож байна.
-ХЭН 340 МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ХУЛГАЙЛАВ-
Нүүрсний хулгайн хэрэг анх сөхөгдөхөд 340 мянган тонн нүүрсний асуудал хөндөгдсөн. Дээрх тооны нүүрс 2013-2017 онд хулгайд алдагдсан нь тогтоогдсон байдаг.
Тухайн үед Өмнөговь аймагт АН-ынхан засаглаж байлаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргаар Б.Бадраа, ИТХ-ын даргаар Л.Батчулуун нар ажиллаж байсан бол орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ажиллаж байсан юм.
Энэ нь шууд утгаараа УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “бүлэглэл” засаглаж, Өмнөговь аймгийг бүрэн эзэгнэж байсан гэхэд болно.
Тиймдээ ч эл хэрэгт УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг мөн яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тогтоосон. Ингэхдээ яллагдагч Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нартай уулзахыг хориглоод байна.
-ТӨР, ЗАСГИЙН ЗҮГЭЭС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ШАТААГҮЙ, ХУЛГАЙД АЛДАГДСАН ГЭДГИЙГ БАТАЛЛАА-
Шалгалтын явцад “Эрдэнэс Тавантолгой”-оос 340 мянган тонн нүүрс алдагдсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 4857 машин нүүрс урд хил давсан байна. Ингэхдээ ямар ч нүүрсгүй хоосон гэдэг бүртгэлийг хийлгэжээ. Харин энэ алдагдсан нүүрсийг “Тавантолгой” ХК хулгайлсан нь тодорхой болсон. Түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэгвэл Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч Д.Сайнзориг болон Шадар сайд С.Амарсайхан нарыг тус компани дээр ажиллах үеэр “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн “Нүүрс тодорхой түвшинд шатдаг асуудал байдаг. 340 мянган тонн нүүрс шатчихсан” гэх тайлбарыг өгсөн.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Орон нутгийн жижиг “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанид Засгийн газраас Онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Нүүрсний хулгай гарсан учраас. Энэ хоёр компанид Монголын ард түмний баялаг бий. Иргэдийн өмнөөс төр хамгаалалтдаа авч байна.
“Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.САЙНЗОРИГ: Алдагдсан гэх 340 мянган тонн нүүрс шатаад алга болчихсон зүйл байхгүй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ: Шатаад алга болчихсон зүйл байхгүй.
Харин дээрх 340 мянган тонн нүүрс алдагдахад орон нутгийн “Тавантолгой “ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж “Шатсан асуудлыг шахмал түлшний газар, нүүрсний газраас нь асуу. Мэргэжлийн хүмүүсээс нь асуух хэрэгтэй” хэмээн тайлбарыг хэлж, сэтгүүлчдээс зугтжээ.
-“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУССАН ГЭХ ШАЛТГААНААР НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭ ХААЛГАЖ БАЙЖЭЭ-
Алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэрэг 2013-2017 оны хооронд болсон гэдэгийг дээр тодотгосон. Тэгвэл тухайн үед Сангийн яам болон Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс олон удаагийн хяналт, шалгалтыг явуулж байсан гэдгийг албаныхан баримттай өгүүлж байна. Түүгээр ч зогсохгүй хууль, хяналтын байгууллагаас шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар 2021 онд хэргийг хаажээ.
Харин одоо хэргийг дахин сэргээн шалгаж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг нэвтрүүлгийн үеэр тодотгож хэлжээ.
-ЖИЖИГ “ТАВАНТОЛГОЙ” НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ХУЛГАЙЛСАН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙДАГ-
Орон нутгийн “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн талбайгаас 340 мянган тонн нүүрс зөвшөөрөлгүй олборлож ашигласан нь тогтоогдсон төдийгүй хоёр тал харилцан хүлээн зөвшөөрчээ. Үүнээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийт 69427.8 тонн нүүрсийг буцааж өгсөн байна. Одоо 270 мянган тонн нүүрсний авлага үлдсэн гэх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгсөн байдаг.
Эх сурвалж: ZINDAA.MN
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ!
Discussion about this post