– Ихэнх хүн зовиур илэрсэн үедээ эмнэлэгт хандах ёстой гэж ойлгодог. Гэтэл аливаа өвчин ялангуяа хавдар нь эрт үедээ хүнд ямар нэг зовиур өгдөггүй, шинж тэмдэг илэрдэггүй зовиур өгсөн үедээ аль хэдийнэ хожуу үе рүүгээ орчихсон байдаг. Хавдрын эрт үед хүн хавдартай гэдгээ өөрөө мэдрэх ямар ч боломж байхгүй. Эрүүл мэндийн анхан шатны боловсрол муу, ялангуяа иргэд нь хавдар түүнийг урьдчилан сэргийлэх мэдээлэл багатай улс оронд хүмүүс өөрт зовиур шаналгаа илрэх үед эмнэлэгт хандалгүй өөрөө эмчлэх гэж цаг хугацаа алддаг. Энэ үед хавдар хожуу үедээ орчихсон, аль эрт бусад эрхтэндээ нөлөөлсөн, эмчлэхэд хамгийн төвөгтэй нөхцөл үүсдэг. Энэ бол хамгийн буруу зам. Бидэнд хандаж буй хорт хавдартай өвчтөнүүдийн 70-80 хувь хавдрын хожуу үед оношлогдож байна.
Зарчим ямар байх ёстой вэ гэхээр зовиур байна уу үгүй юу гэдгээс үл хамаараад иргэн бүр ухамсраараа урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамрагдах ёстой. Үүнд тухайн орны эрүүл мэндийн тогтолцоо чиглэгдэж, эрүүл мэнд нийгмийн даатгал, албан байгууллагууд иргэдээ дэмжих ёстой. Ажлаа хийгээд явж байгаа хүн тодорхой үе шаттайгаар иж бүрэн оношлогоонд орж байх, зовиур шаналгаа илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.
Манайд нэг буруу ойлголт байна. Янз бүрийн аян зохион байгуулаад үзлэг, оношлогоо хийдэг. Зарим талаараа давуу талтай байж болох ч иж бүрэн хийгээгүй урьдчилан сэргийлэх үзлэг хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг. Энгийн ЭХО-оор ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношлоно гэж байхгүй. Зөвхөн ходоодны дурангийн шинжилгээ л ходоодны хавдрыг эрт эсвэл эмчлэгдэх боломжтой үед нь оношлох боломжтой.
Тиймээс дутуу хийгдсэн үзлэг оношлогоо иргэдэд дутуу мэдээлэл өгч улмаар хорт хавдрыг эрт оношлох, нилээд тохиолдолд өвчнийг бүрэн эмчлэх боломжийг алдуулдгаараа аюултай.
Бидэнд хандсан цөөн биш хүмүүс “Би жил бүр л урьдчилан сэргийлэх үзлэгт орж байсан, зүгээр гээд байсан би ходоодны хавдраар өвдчихсөн байна, Бүр хожуу үе шатанд, Яагаад ” гэдэг.
Урьдчилан сэргийлэх нэрээр цусны шинжилгээ, ЭХО харчихаад л хүмүүсийг эрүүл байна гэж тодорхойлох боломжгүй. Урьдчилан сэргийлэх үзлэг иж бүрэн байж бид хавдрыг эрт оношлож төгс эмчлэх боломжтой.
-Урьдчилан сэргийлэх найдвартай арга ходоодны дурангийн шинжилгээ гэлээ. Гэтэл иргэдийн дунд шинжилгээ хийлгэснээс болоод ходоод шархалдаг гэсэн яриа байдаг шүү дээ.
-Энэ бас л нийгэмд байгаа буруу ойлголтын нэг. Ходоодны дурангийн шинжилгээ нь хүний биед аюулгүй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдчихсан. Хоолойд багаж орохоор өөрт эвгүй байх, өөр бусад эрсдэл байна. Сандал дээр сууж байхад эвдрээд унах эрсдэл байгаа, гэхдээ эвдэрчихнэ гээд хүн бүр зогсоод байдаггүй. Яг ижилхэн. Өвлийн улиралд манайд гадаа хальтирч унах эрсдэл маш их. Магадлалын онолоор яривал ходоод дурандуулснаас болоод үүсэх эрсдэл хальтирч унахаас хэдэн зуу дахин бага. Ходоод дурандуулахаас айх хэрэггүй. Харин шаардлагагүй үед олон удаа дурандуулах нь буруу. Ходоодны хавдрыг эрт илрүүлэх хамгийн зөв арга нь юм гээд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихсөн шинжлэх ухааны үндэслэлтэй учраас айх зүйл байхгүй. Ингэж байж л бид урьдчилан сэргийлж чадна.
-Нэг удаа ходоодны дурангийн шинжилгээ хийлгээд эрүүл гэсэн онош гарчихвал хэр хугацааны дараа дахин үзүүлэх шаардлагатай вэ?
-Тухайн өвчтөний нас, хүйс, удамшил зэрэг ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийн зэргээс шалтгаалж дурангийн давтан үзлэгт орох хугацаа өөр өөр байдаг. Жишээлбэл, залуу хүн дурангийн шинжилгээ хийлгээд ямар нэг өөрчлөлтгүй гарсан бол 5-7 жилийн дараа давтан үзлэгт орох хэрэгтэй гэж зөвлөдөг. Хавдрын урьтал өвчин, ургацаг байгаагүй тохиолдолд дээрх хугацаанд үзлэгт орж байвал хангалттай урьдчилан сэргийлж чадна. Харин эрсдэлт бүлэгт багтаж удамшил, хавдрын урьтал өвчин илэрсэн тохиолдолд хугацаа илүү богино 1-3 жилдээ давтан шинжилгээнд хамрагдах нь зөв.
-Нас ахих тусам эрсдэл өндөрсдөг учраас 45-аас дээш насныхан жилд нэг удаа дурангийн шинжилгээ өгч байх хэрэгтэй гэсэн. Энэ үнэн үү?
-Хавдартай гэдэг нь оношлогдсон, хагалгаа хийлгэсэн хүмүүсийн дундаж шалгах боломж нь нэг жил байж болно. Түүнээс биш 45 нас хүрсэн л бол жил бүр дурангийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Шинжилгээний үр дүнгээс хамаарч давтамж өөр өөр байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад эрт үед нь хавдрыг илрүүллээ гэж бодоход эмчлэгдэх боломж нь хэдэн хувьтай вэ?
-Хавдрыг эрт оношловол 100 хувь эмчлэх боломжтой, харин эрт оношилж чадахгүй бол хавдар хамгийн хэцүү өвчин. Эрт үеийн илрүүлэлт маш чухал.
-Монголчуудын 80 хувь нь хеликобактер өндөр байдгаас үүдээд хоол боловсруулах замын эмгэг их тохиолддог гэдэг?
-Яг ийм зүйлээс болоод ходоодны хавдартай болдог гэсэн шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Гэхдээ удамшил, хавдрын урьтал өвчин хоргүй хавдар, ургацаг, хеликобактераар үүссэн шархлаат өвчнүүд гэх мэтчилэн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг.
-Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгааг тоо баримт харуулж байна. Шалтгаан нь юунд байна вэ?
-10, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавдар залуужиж байна. Гэхдээ энэ нь зөвхөн Монголд биш дэлхий даяараа. Хавдрыг илрүүлэх боломж өндөр болсон учраас залуу хүмүүсийн оношлогдох тохиолдол ихсэж байж болно. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад урьдчилан сэргийлэх иж бүрэн багц шинжилгээ, хавдраас сэргийлэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр тэдний статистик үзүүлэлтүүд биднийхээс ялгаатай байна. Манай оронд ч 19, 20-той залуучуудад хавдар оношлогдох нь цөөнгүй байна. Хэдхэн жилийн өмнө бид хавдрыг нас ахисан хүмүүсийн өвчин гэж ойлгодог байсан. Тэгэхээр оргүй хоосон биш. Олон орны мэргэжил нэгтнүүдтэйгээ ярилцаж байхад 50, 60-аад оны үед ходоодны хавдар одоогийн өндөр хөгжилтэй орнуудад толгой цохидог байсан гэж ярьдаг. Одоо харин хөгжингүй улсуудад бүдүүн гэдэсний хорт хавдар тэргүүн байранд байна. Тэгэхээр нийгмийн хөгжлийн байдлаас хамаарч ямар төрлийн хавдар зонхилон тохиолдох нь өөр өөр байна. Дээр нь хоол хүнс, амьдралын нөхцөл бас чухал нөлөөтэй.
-Хавдрын өвчлөлөөс сэргийлэхийн тулд зайлсхийх ёстой хоол хүнс гэж байдаг уу?
Discussion about this post