Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар ХХААХҮ-ийн харъяа Хөдөө аж хуйн биржийг удирдаж байгаа. Шоронд суугаад гарсан хүн эргээд энэ том газрыг удирдана гэдэг “тавилан”. Энэ албан тушаалд очиж дөрвөн жил ажилласан Х.Баатар нэг удаа томоохон шуугианд өртсөн ч тэгсгээд дарагдсан. Харин угийн зөөлөн зантай гэгддэг ХАА-н биржийн захирал Х.Баатар улам л зөөлөн зантай болжээ. Өнгөрсөн оны 8-р сарын 10-нд буюу халуун зунаар Х.Баатар захирал гэнэтхэн удирдлагын багаа урамшуулан шагнасан юм. Энэ шагналаа цар тахлын үед ноолуурыг зах зээлээс харьцангуй өндөр үнээр авах ажилд үр бүтээлтэй ажилласан гэж Захиргаа дотоод аудитын хэлтсийн захирал Б.Чулуунбаатарыг 1,5 сая, Мэдээлэл технологийн хэлтсийн захирал А.Алтанхуягыг гурван сая төгрөгөөр шагнажээ.
Хавар ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах ажиллагаа ихээхэн хэл ам дагуулж, хамгийн гол “эзэд” болох малчид маш их гомдсон. Ноолуураа 100 мянган төгрөгөөр өгч чадсан нь ховор. Зарим нь 100 мянгаар өгнө гэж хүлээсэн ч чадалгүй нэг кг-ийг нь 50 мянгаар арай гэж өгөөд уйлах шахуу үлдсэн нь олон. Харин биржийн захирал нэгнээ шагнаж байж. Шагналын хур үүгээр зогссонгүй. Мөн Төлбөр тооцоо ложистикийн хэлтсийн захирал Ц.Дуламсүрэн, Стратеги, судалгаа хөгжлийн хэлтсийн захирал Д.Баярсайхан, Арилжааны хэлтсийн дарга Р.Алтай нараа хэн нь ч гомдож барьцахгүйгээр тэнцүүхэн 1,2 сая төгрөгөөр шагнажээ.
Discussion about this post