ОБЕГ-ын удирдлага Дүнжингаравд болсон шатамхий хийн дэлбэрэлтээс сургамж авахын оронд шалдир булдир гэмээр юмаар оролдож хийцгүйрч суугаа нь хотын төвд болсон клипний сүртэй зураг авалтаас харагдсан. Тэрхүү клиптэй төстэй ажлаас нь дурдахад төрийн далбааны давхар модон жааз хийлгэхэд 16 сая төгрөг төлжээ. Жааз хийлгэх гэрээнд дурдсанаар энэ нь “онцгой байдлын албанд нэн шаардлагатай” ажил болж таарсан байна. Уг нь аврагчдын хамгаалалтын хувцас хэрэгсэл л нэн шаардлагатай баймаар юм. Модон жаазнаас гадна төрийн далбааг есөн сая төгрөгөөр худалдаж авчээ. Түүнээс гадна онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн түүхэн баримтат кино хийх нь мөн нэн шаардлагатай ажлын нэг болжээ. Энэ киноны зохиол бичүүлэхэд л 13 сая төгрөг төлсөн байна. Дүнжингаравын эмгэнэлт явдлаас хойш элдэв хурал цуглаан ч нэлээд хийсэн байх юм. Үүнд ахлагч нарын, эмэгтэй ахлагч нарын чуулган гэгчийг зохион байгуулжээ. Дээр нь “Туушин” зочид буудалд 100 хүний хүлээн авалт хийсэн байна. Харин энэ бүхний ард аврагч нарыг хамгаалалтын хувцас хэрэгсэлээр хангах шоовдорлогдсон ажилд ердөө 15 сая төгрөг зарцуулжээ.
()
Discussion about this post