Хайран…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

  1. ПҮРЭВДОРЖ   Оросын төрийн дэглэм хэзээнээсээ тийм л байсан. Хаант засаг нь ч, коммунист засаг нь ч, өдгөөгийн цагдаа засаг нь ч. Чухам тийн учирт, Лев Толстой, Александр Герцен тэргүүт өөрийн нь ухаантан нар Оросын төрийн цусан мөрт хүчирхийллийгэсэргүүцдэгасан аж л. Тэд эрхэмийг Оросын түүхэнд пацифистууд гэдэг. Пүтиний аз болж, орсуудын буян дутахад Оросод өдгөө Толстой, Герцен … нар алга.

Оросод Пүтиний “Заналт дайсан” Алексей Навальный хэмээх нэгэн орос залуу ”Туйлын чоно” гэгч тун ч чанга хочтой нэгэн орос шоронд амиа алдав гэх зэвүүн хар занги энэ дэлхийг хилэнц нүглийн утаа май болон бүрхэж, хүмүүн зон дай даянгаараа зэвүүцэл гаслангийн дуу тавин шуугиж эхэллээ. Үнэн учиртаа гэхүл тийм ч их сочирдон балмагдаж, мэл гайхаж, цэл хөхрөөд байх нь огоот биш мэт ээ. Учир юун хэмээвээс, Оросыг одоо захирч байгаа шиг дэглэм хаана ч, хэзээ ч, өөрийнхөө өө сэвийг мэдэн өрөөлд дуулгагчдыг үл тэвчиж, алж хөнөөж байдгийг мэдэхгүй биш дээ, ямар. Үүдэл язгуур,үзэл санаа нь тийм юм чинь. Оршихуйн арга нь ч тэр юм даа. Эс тэгвээс өөрөө үл оршихуйн хувийг олох нь барьцаш. Өрөөлийг хөнөөж л өөрийгөө хоохойлдог ёрын ёст дэглэм хойно доо.

Оросын төрийн дэглэм хэзээнээсээ тийм л байсан. Хаант засаг нь ч, коммунист засаг нь ч, өдгөөгийн цагдаа засаг нь ч. Чухам тийн учирт, Лев Толстой, Александр Герцен тэргүүт өөрийн нь ухаантан нар Оросын төрийн цусан мөрт хүчирхийллийг эсэргүүцдэг асан аж л. Тэд эрхэмийг Оросын түүхэнд пацифистууд гэдэг. Пүтиний аз болж, оросуудын буян дутахад Оросод өдгөө Толстой, Герцен… нар алга.

Би саяхь Навальныйг нэг их дэмжиж, магтаж дуулдаг нэгэн биш. Учир нь, тэр эрхэмийг би чухам хэн гэдгийг сайн мэдэхгүй. Даян дэлхийд Орос гүрний дарах жин вангийн хэмжээ дамжааны энгээр бодож чадах ухааны бэл бэнчинтэй нэгэн мөн боолов уу?! Хүмүүний оюун ухаан өдгөө хэр олж тогтоогоод байгаа аж төрлийн арай дөнгүүр хэв шинж гэдэг нь гарцаагүй болсон Ардчилсан дэг ёсыг ухааран үнэмшиж, тууштай эрхэмлэгч мөн үү? Хүмүүн төрөлхтний хувь заяанд олонтаа тохиолдож, нэн их гамшиг учруулж ирсэн түрэмгийлэн эзэгнэгч гүрэн (империя) ёсыг эсэргүүцэгч энэрэнгүү дэвшилтэт үзэлтэн мөн үү? Энэ мэт, орчин цагийн улс төрийн зүтгэлтэний гол гол шинжийг Алексей Навальный эзэшсэн хүн үү? Би мэдэхгүй.

Хэдхэн жилийн өмнө бас л Пүтиний харгис дэглэмийг эсэргүүцэж яваад амь үрэгдсэн, Оросын улс төрийн нэгэн томоохон зүтгэлтэн Борис Немцов лугаа дүйцүүлэн бодож үзвээс, эрдэм ном-оюун ухааны бэл бядын хувьд ч, ардчилсан ёсыг эрхэмлэх чин эрмэлзлийн хувьд ч, сэтгэн бодох, илэрхийлэн гаргах цар далайцын хувьд ч Навальный саяхийг гүйцэхгүй мэт санагддаг. Немцов аваас, зөвхөн ч физик математекийн шинжлэх ухааны эрдэмтэн, орчин цагийн оюунлаг (Интелегтуал) сэхээтэн төдийгүй, улс төрийн ухааны сэтгэгч, төрийн томоохон зүтгэлтэн асан ахул, Навальный Оросын төрийн бузар булайг илчлэх зүрх зоригийн хувьд Немцовоос огоот дутахгүй, гал цогтой тэмцэгч, бослогын эрэмгий удирдагч маягийн хүн байлаа. Оросын түүхнээ тэрсэл,тэмцэлийн ийм удирдагч нар мэр сэр байсан юм билээ. Степан Разин, Емильян Пугачёв гэхчилэн. Навальный бээр, түүхэн олон үеийн туушид орос залуусын эр зоригийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг байх нь магад болъюу…

Оросын нэгэн их зохиолч Михаил Салдыков-Шедрин” Оросод юу болж байна вэ?” (Что происходит в России?) гэж өөрөөсөө асуугаад” Хулгай л хийцгээж байна” (Воруют) гэж хариулсан гэх ёж хэлц үг байдаг. Алексей Навальный Пүтин тэргүүтэй өдгөөгийн дээдсийн хулгай зэлгий, хахууль авлигалын эсрэг ёстой улаан гараараа уралцсан хүн мөн. Пүтин хийгээд тэгүүний хамуудын хичнээн ч том том хулгай авлигыг улайм цайм баримт нуталгаагаар нь гарган ирж Оросын олон түмэнд үзүүлж, дуулгахыг нь бид харав даа. Навальныйн энэ үйл хэргийгүзэж харсан энэ дэлхийн эрүүл саруул ухаантай хүн болгон дэмжихгүй яах билээ. Тэр тусмаа, авлигын системд засгаа зайдлуучихаад яаж ч чадахгүй өгөр царайлж байгаа монголууд бид. Харин Оросууд нь л ойшоож Навальныйг өмөөрсөнгүй нь гутармаар агаад гайхмаар? Хамжлагын боол ёсны гутамшигт заншлыг нь шалбааг, арчаагүй айдас хүйдсийн нь шавхруу оросуудын сэтгэлийн утарьт одоо хүртэл хадгалаастай байна гэж үү дээ? Даанч дээ…

Мөнөөх Михаил Салдыков-Шедринбас нэгэнтээ: Хэрэв би унтаж зуун жил болоод сэрлээ гэхэд надаас, за одоо Оросод юу болж байна вэ? гэж асуувал архи ууж, хулгай хийцгээж л байна гэж хариулна хэмээжихүй. Тийн бээр, зуу гаруй жилийн хойно Алексей Навальный гэдэг нэгэн сайхан орос залуу Оросын төрийн дээдсийн хулгай, луйврыг илчилж яваад шоронд орж, эх орон,элгэн түмнээсээ өөдтэйхөн өм дэмийг үл олон аргагүйдэж , амиа алдлаа даа, хөөрхий. Хайран залуу! Ээ…ээ, оросууд минь дээ…?!

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж (Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн)

()

Next Post

Discussion about this post