“Эртээ урьдын цагт нэгэн” гэж үлгэр эхэлдгийн адил эртээ үеийн түүх болон үлдэх шахаж буй нэгэн амьдралын зах зухаас цухасхан дурдах ину. Ээж аавын халуун хайранд өөрийн дураар эрхлэн энхрийлүүлсэн дэрсхэн охин хүү хоёр, нэгэн бяцхан охин тааваараа тэнүүн жаргалтай амьдарч байсан санж. Гэтэл ойролцоо нутгийн Долгорсүрэн гэдэг бүсгүй үр хүүхэдгүй, үрийн зулай үнэрлэх заяа алга шиг байна. Надад бага охиноо өргүүлээч гэж уйлан хайлан гуйгаад байсан учир хэдийгээр балчирхан охиндоо салахын аргагүй халуун хайртай ч, адилхан бүсгүй хүн үр хүүхэдгүй тэр хүнийг өрөвдөх сэтгэлдээ дийлдэн, мөн үрээ харамлаж үрээрээ боож хааж болдоггүй учиртай гэдгийн үүднээс, ойгоор тоолбол хоёр ой жаахан давсан, жилээр тоолбол гурван настай, өсөлт удаахандуу байсан уу, урьдын улсын ярьдгаар урт настай хүн өсөлт удаахантай гэдэг учраас уу, ямар ч атугай хараахан босч явдаггүй, тэгэхдээ “Миний хүү аяга аваад ир” гэхээр, мөлхөж очоод аягаа нэг гартаа бариад, нэг гар хоёр хөлөөрөө мөлхөн ирээд, түшин босч байгаад аягаа өгдөг охиноо хайрын халуун нулимсаа хааяа нэг арчин байж өгсөн юм гэдэг.
Охиныг өргөж авсан эх Долгорсүрэнгийн төрсөн эх нь Сэрээтэр, эгч нь Увш гэдэг хүмүүстэй эхний дөрвөн жил долоон нас хүртэл айлын хүүхдийн амьдралаар гайгүй шүү амьдарч байтал өргөж авсан Долгорсүрэн эх нь хүү төрүүлсэн учир эмэг эх, эгч хоёрын ааш зан ширүүсч аашилж загнах нь ихсэж улмаар хоёр хүү, нэг охин төрүүлмэгц адгийн муугаар шоовдорлогдон айлын зарц болон хувирчээ. Маллаж дийлэхгүй таван хошуу малтай байтлаа будаатай нь цөөн, будаагүй нь олон цэхэр шаар зүглүүлнэ. Айлын ажлын аль хатуу хөтүү бүгдийг хийж, хүүхдийн наснаас хэтэрсэн хөдөлмөрт орж, наад зах нь намрын шөнийн хүйтэнд үнээ оройтож ирэхийг үүрэглэн үүрэглэн хүлээж, тугал татан үнээ саалгана. Өглөө эртийн хүйтэн жаварт хөл нүцгэн явж тугал татах, хөлөө хөрч хөлдөх шахахын эрхэнд боссон тугал, үхрийн хэвтэр дээр гишгэхэд хөл нь түр бүлээсч, тэр хүүхдийн хувьд бараг л амьдын жаргал. Гэвч харамсалтай нь тэр алгын чинээ дулаан газарт түрхэн зогсож хөлөө дулаацуулах эрх байхгүй.
-Хөөш Гомбодаш! Тугал тат, сүү юүл, үхрийн баас зөө! Ингэхэд дөнгөж үхрээс унасан халуун баасанд хөлөө дүрэхэд түр зуур бүлээсэвч мөн л олон тушаал гүйцэтгэхийн тулд хөл бүлээсгэн зогсох арга байхгүй. Өвлийн хүйтэн, зуны халуун дөрвөн цагийн эргэлт тэр охинд ялгаа байхгүй. Мал ч гэсэн өвөлд үс ноос нь ургаж зунд нь гуужин цагийн аясд зохицдог атал энэ хүний үр хөөрхий балчир охинд өмсөх хувцас, идэх хоол олдохгүй. Хотондоо багтахгүй малтай, гэртээ багтахгүй хогшилтой байтлаа малынхаа хойноос явган нүцгэн хөөнө. Өлсөхийн эрхэнд өвлийн хүйтэнд арга барахдаа цас үмхэх, зуны цагт ногоо иддэг гэвэл хэн бүхэнд үнэмшилгүй санагдаж хачирхах нь мэдээж биз. Гэвч яахын аргагүй хөмөл таана, бор элгэнэ /гашуунгүй, модлог биш зөөлөн навчин ногоо/ бажууна зэргийг хольж хутгаад мах гурилтай хоол хийж байна гэж тоглох, хооллох хосолж ногоон хөөс амаараа сагуулан иддэг байжээ.
Мэдээж энэ нь ямар хоол болох билээ дээ. Бас хөдөөгийн дайсан хөх чоно элбэг, үүнээс хамгаалж бараа болох хань гэвэл гэрийн тэжээвэр нохой. Нохойгоо хөтлөөд хонь хариулан явахад хэрэндээ айх нь бага, баатарлаг явна. Гэтэл нохой нь чонын бараа харвал хуруун чинээхэн охиныг татаж унагачихаад чоноо хөөгөөд давхичихна. Тэр үед нохойноосоо үлдээд өөр чоно ирвэл яалтай билээ. Ийм тохиолдол нэг биш удаа гардаг бөгөөд нэгэн удаа нэг хонийг барьсан ч билүү, урсан ч билүү тэгэхэд нөгөөх эмэг эх, эгч нар галзууртлаа уурлан хошлон дээсээр хорстол ороолгож, хонио л гээд байснаас хүүхдийг юухан чинээ ч бодохгүй хонинд чоно орууллаа л гээд байсан тул арав гаруй настай болсон болохоор голдоо ортол гомдож, үдэш зугтаж ойрхон бутанд нуугдаж нэгэн шөнө бага ч атугай сандралд оруулсанд хэн хүнгүй л эрэх шүү юм болж, харин өргөж авсан ээж нь охин минь яав ийв гэж санааширч сандарсан гэдэг. Бас нэг удаа хурга нийлүүллээ гэж эгч Увш нь тунгийн оосроор тун ч хэрцгий зодсонд өргөсөн ээж нь өмөөрч хориглох хооронд ойрхон айл руу хар гүйхээрээ зугтаж очвол тэмээгээр хойноос нь туулгаж ирсэн боловч нэгт айлын хүмүүс өмөөрч, хоёрт шоовдорлодгийг нь хүмүүс мэдэхгүй юм шиг нуумар аядаж нэрэлхдэг болохоороо харь гээд дагуулж харьсан гэх. Ойролцоо айлын үеийн хүүхэд идэх юм өвөртлөн авчирч өгнө. Хааяа хээрээс унаа барьж өгдөг. Эдгээр явдал даанч цөөхөн.
Мөн айлуудын аав ээжүүд шоовдорлогддогийг нь мэддэг учир ихэд өрөвдөн ойр явбал дуудан идэх уух юм өгч, дулаан цагт цангааг нь гаргаж, хүйтэнд дулаацуулдаг байв. Хэрэв гэрийнхэн нь харвал гуйлгачин шинжийн, малд явж байж айл хэслээ гэж бас л зодуулна. Ер нь зодох, өөчлөх шалтаг тун элбэг. Архичин хүн “цэцэг мандтугай” гэж архи уулаа гэдэг шиг л болно. Гадаах нь гэртээ орохгүй, гэртэх нь гэдсэндээ ороогүй гэгч болсон баян, хэдэн тогоо сүү хөөрүүлдэг. Хэдэн мод идээ тавьдаг. Бас нэлээд хэдэн малаар үүцээ хийдэг боловч охины өмнө өргөж авсан Пүрвээ гэж нэг хүү байх. Тэр хоёр хүүхэд нохойноос дор хоолтой байсан байна. Хоёр нохойдоо тос даасан тогооны угаадас, яс хальс хийгээд шар будаа чанаж ашгүй Гомбодаш нохойны хоол өг гээд гаргахад бөөн баяр. Том гэгчийн модон идүүрт нохойны хоол хийж өгчихөөд хоёр нохойтой зэрэгцэн хоёр гараараа самардан идэж гарна даа. Эрх биш гэдэс наашилж хоол идсэн мэт. Өргөмөл ах Пүрвээ нь эрэгтэй хүүхэд болоод ч тэр үү зоригтой. Тэр айлын өвлийн үүцнээс дугуйлан хөлдөөсөн хошного, хавартаа хэрэглэх борц мэтээс хааяа хулгайлан авч боломж олдвол хоёулаа, эсвэл дүүдээ өгөхөд хөдөө авч явж шүдэнз олон гал түлж шарна. Хошногоны гадуур хальс шатаж доторх нь тарах нь хэцүү. Гэхдээ ийм боломж тун ч ховор бөгөөд заримдаа баригдвал бөөн юм болно. Бас л зодуулна. Борцоо шуудайлж амыг нь уядаг тул авах арга байхгүй. Өргөж авсан ээжийнх нь нөхөр Лувсанням /гэлэн ажаа гэж авгайлдаг/ гэж байх.
Үнэндээ энэ айлын бага хүүхэн хүргэн хоёр аяга цай, атга будааны ч мэдэлгүй. Гэлэн ажаа хошного хулгайлсны бөөн асуудал, зодоон нүдээний дараахан угийн жаахан алиа наргианч хүн учир тоглоом наргиа байдлаар “Гомбодаш минь хошного чинь шарж болдоггүй юм. Урьдаар элсэн дээр галаа түлж элсээ халаагаад дараа нь халуун элсэндээ бул. Тэгвэл сайхан бүтнээрээ болдог юм” гэж тоглоомын байдлаар охиндоо зааж өгч далдхан халамжилж байжээ. Хожмын нэг өдөр дахин хошного олоход тэр хэлснээр болгож идэхэд “ваа мөн ч сайхан гэдэг нь ээ” гэж ижий минь хэлдэг сэн. Гэлэн ажаагийн тэгж хэлэхэд хэдийвээр хүргэн нь боловч лам хүн байсан учир хөгшин айхтар ширүүлж чадалгүй “за за гэлэн тэгээд хүүхэд уруу татаад” гэсхийгээд больсон гэдэг. Харин өөрийн бага хүүхэн Долгорсүрэнгээ үл тооно. Өргөмөл охиноо өмөөрөвч эх, эгч хоёроо яалтай ч билээ. Эгчтэйгээ хааяа хэрэлдэх боловч оготны дуу тэнгэрт хүрэхгүйн үлгэр шиг түүний үгийг яахин тоох билээ.
Адлагдаж шоовдорлогдож, ажлын мал адил үзэгдэх болсны нэлээд урьдхан үеэс эхлэн алсынх нь ирээдүйн нууцхан увидас хөтөлсөн юм уу, аман хуур гэдэг юманд сэтгэл татагдан, хэдийгээр хүнд ажил хатуу зодуурт нухлагдан байвч аман хуурын аялгуу төгс эгшиглэнг сонсмогц бяцхан зүрх нь баяр баяслаар бялхаж, тэр эгшиглэнгээс уярал хайр, ухаарал тэмүүлэл нэгэн зэрэг хур шиг асгаран бууж түрхэн зуурт зовлонт амьдралын орчноос гардаг байсан нь ирээдүйн алдарт хүрэх алтан шижимд алдаршгүй ороолдсон байсныг хэн яахин мэдэх билээ. Дэлхийн, ялангуяа говь нутгийн минь чулуунд олон янзын эрдэнэс нуугдаж байдгийн нэгэн адил хэн бүхний мэдэх билүү чулуу элбэг байдгаас бяцхан бие нь балчир, хүний гарын дор боловч ухаан нь уужуу тунгалагийн хэрээр тэр билүүг таньж олоод жаахан төмрийн өөдсийг ирлэн хутга хийж, хулсны хугархайгаар хүсэл сэтгэлдээ хөтлөгдөн сайхь аман хуурыг хийж эхэлжээ. Эхлээд олсон жаахан хулсаа зорж ядан байж хугалчихаад хүнд хэцүү амьдралд нь өчүүхэн төдий эерэг гэрэл тусаад бөхөх мэт гуниглан гутардаг боловч шантрах нь гэж үгүй дахин дахин оролдсоор, хийсээр овоо аятайхан дуугардаг хуур хийдэг болсон боловч нөгөөх хэрцгий хахир эмэг эх, нагац эгч хоёр нь үзвэл хугалж хэмхэлж хаядаг байлаа. Хэлгүй хятадын хэл, үүнийг татсан хүн хойд насандаа хэлгүй болон төрнө, гуйлгачин хүний зугаа гэх мэтчилэн нялх амьтны ой тойнд оромгүй, ойлгож гүйцэмгүй элдэв үгээр загнаж аашлан, зодож нүдэн хугалж хэмхэлж хаяна.
Гэвч төрөлхийн авьяас сонирхол нь дийлж, аргал түүдэг хулсан саврынх нь хулсны өнгийг нимгэхэн хуулан авч хийгээд л дахин баригдаж зодуур нь урьд урьдынхаас улам л ширүүсч, хуурыг нь хорсолтойгоор үзэн ядаж хэмхчин хаяна. Иймэрхүү янзаар сайхан дуутай хуур хийж чаддаг болж улмаар аман хуур амьдралынх нь гэрэл гэгээ, урам зориг, хоол унд ер нь юу дутагдсан бүхнийг нь нөхөх нэгэн агуу хүчин зүйл болжээ. Мөн энэ хүний юуг л бол хийж чаддаг ажилсаг, авьяаслаг чанар нь хатуу хөтүү амьдралтай хар бага наснаас нь мэдрэгдэж, дээс хийх, утас ээрэх их сонирхолтой. Үүндээ хөтлөгдөн жижигхэн ээрүүл өөрөө хийж хонинд явахдаа уйлах шахан гуйж гувшин байж өчүүхэн ноос авч яваад орой нь утас ээрч нийтгээд ирэхэд нь эх хөгшин хачин их тоосон гэх. Тэр юун гэвэл олон малтай ажил нь дийлдэхгүй айлд ээрүүл утас гэдэг бөөн олз. Ингэж утас дээс хийх эх үүсвэр нь тавигджээ. Нэг удаа малын бэлчээрт нэг айлын эгчтэй уулзаж, тэр эгчийн хийж буй туузан сүлжмэлийг маш их сонирхон заалгасан ч юмгүй өөрөө ажиглаж байгаад сурсан байна.
Тэр нь насан туршийнх нь алдар цуу нь болж айл аймаггүй сонирхож, бүр хүн хийсэн эд биш үйлдвэрийн эд гэж хүртэл маргадаг байсан нь хожмын өдөр үзэсгэлэнд тавигдаж, уралдаанд орж байр эзлээд, сүүлийн үед буянд зориулагдаж номын баринтагны оосор, хэнгэрэг цангийн оосор, ер нь хурлын газар юм болгонд хэрэглэгдсэн байх нь тэр хүний ажилч авхаалжтай, мөн амьдралынх нь туршид хэрэглэгдээд зогсохгүй хойд нас бурханы орон гэж байдаг бол түүнд хүрэхийн алтан шижим нь болоо болов уу гэж бодогдном.
Ингэж тэр өргөгдсөн айлд гурван настай очиж долоон настай болтлоо дөрвөн жил айлын хүүхдийн амьдралаар амьдарч, арван жилийг эцэс төгсгөлгүй зодуур, хоол ундгүй өлсгөлөн зүдрэл, дулаан хувцасгүй дагжин чичирч хүнд ажилд нухлагдан өнгөрөөж 17 нас хүрэхэд нь өргөж авсан эх Долгорсүрэн нь төрсөн эхэд нь ирж “Эх, эгч хоёр шоолоод миний мэдэл чадал дутаад охиноо зовоохын туйл хүргэлээ. Охиноо буцаан өгье!” гэж гуйснаар, эх хүн үрээ эргэн ирэхэд яахин баярлахгүй байх билээ, дуртайяа зөвшөөрсөн тул төрсөн гэр, төрүүлсэн эхдээ ирж алтан хорвоогийн нарыг хоёрлон, амьдын жаргалын амтыг мэдэрч, эх хүний элгэн халуун хайр ямар байдгийг сая л нэг ухаарчээ. Өргөж авсан гэрийнхэн нь туж л танайх уг нь гуйлгачин, уут нь шуумааз гэж загнадаг ч гэртээ ирвэл цөөхөн хэдэн малтай ч амьдрал дутах юмгүй хангалуун байхад гайхах сэтгэл өөрийн эрхгүй төрж, идэх нь байтугай барааг нь ч хараагүй янз бүрийн хэвийн дугуй боов, цагаан идээ элбэг дэлбэг байгааг харахад бараг л үнэмшмээргүй байв. Үүний учир юун гэвэл төрсөн эх Цэдэнжав нь Өлгий хийдэд ойрхон нутагладаг лам нарын хувцас эдлэл оёдог, одоогоор бол орон тооны бус оёдолчин. Мөн нэг хүү Магсар нь тэр хийдэд суудаг болохоор сүсэгтэн олны зэдийн идээ болон лам нарын хувцас хунар оёулаад өгдөг хүнсний зүйл, бараа таваар элбэг нэг ёсны гарынхаа хөлсөөр амьдарч байжээ. Охиндоо сайхан даалимбаар шинэ дээл, ам дурдангаар алчуур хийж өгсөнд амьдралдаа үзээгүйг үзэж, арай зүүд биш биз гэж бодоход хүргэжээ. Өөрийн дураар юм авч идэж үзээгүй болохоор “Мээмээ /ижийгээ бид айл аймаггүй тэгж авгайлдаг байв/ би тэрнээс идэх үү?” гэж асуухад идээ миний хүү, юу идмээр байна дуртайгаа л ид гэнэ. Энэ үнэн юм болов уу гэх шахаж, ийм үг сонсоогүй өссөн хүн идэх уухын урьд энэ эерэг үг, элгэн хайранд нь цадаж, энхрийлсэн үгэнд нь уярч ижий хорвоог энд л ухаарах шиг. Ижий гэдэг ийм агуу их хайр энэрэл, сэтгэл санааны эд эс бүхнээрээ бүхэлдээ л их хайрын бөөгнөрөл байсныг сая л мэдэрч байв.
Дутуу эрх чөлөө, хатуу амьдралд хэвшсэн зангаараа аман хуураа ил гаргахаас айж нуусаар байсан боловч нэг удаа малд яваад иртэл нөгөө хуурыг нь Мээм нь олсон бололтой байхаар нь одоо л зодно, хэмхлээд хаяна даа гэж бодохоос айдас хүйдэст автан ар нуруу руу нь хүйт оргих шиг. Гэтэл юу вэ, сайхан зантай инээмсэглэн “Энэ нэг хуур жаахан дуу муутай байхаар нь би хусаж нимгэлээд хэлийг нь жаахан зассан арай дээр болох шиг. Хүү минь үз дээ” гээд өгөх нь тэр айдас үргэж, баяр ундраасан эх хүний далай их хайр энэ. Эхийн хайрыг гурван наснаас хойш үзээгүй, хүүхэд насгүй өссөн энэ амьтан үүнийг яахин мэдэх билээ. Энэ цагаас хойш төрсөн гэртээ өөрийн дураар, бүтэн эрх чөлөөтэй, бүтэн нэр төртэй явж, баг сумынхаа ажилд үеийн залуустай хамт ажиллаж, сумын Улаан буланд гол үүргийг гүйцэтгэдэг уран сайханч болжээ. Эх хүн болж, анхныхаа охиныг төрүүлж, балчир үрийнхээ дуунд уярч үртэй хүний жаргалыг эдлэв.
Ижий нь охиныг нь өсгөж байдаг тул баг сумаас айл өрхөд оногддог ажил хийх, өртөөнд улаа нэхэх, ус худаг гаргах, хашаа хорооо барих гээд л олон ажилд оройлон тэргүүлэн ажилладаг нь балчир насандаа хэрээс хэтэрсэн хүнд ажилд нухлагдаж, эрхийг сурахаар бэрхийг сурсан нь бас ч амьдралд нь туршлага болж байгаа нь тэр байлаа. Багаасаа дуу хууранд авьяастай, хуураа хэмхлүүлэн хийж, нандигнан байсан нь сумын Улаан булангийн Тэргүүний уран сайханч болоход нь их түлхэц болж, дандаа гол рольд тоглодог байв. Ламъяа Самъяагийн Жууяар, Хоёрын болзоогийн эмэгтэй нь, монгол ардын дуу Дүүриймаа, Эрүү цагаан болжмор, уртын дуу Ар хөвчийн унага, Урьхан хонгор салхи зэрэг дуунууд дуулна. Дурдан хүү, Цэнд комиссар зэрэг янз бүрийн үзэгдэлт жүжгүүдэд тоглодог болов. Ингэж уран сайханч, малчин байхын зэрэгцээ танхимын сургуульд латин хэл бичиг заалгасны дээр шинэ үсгийн бүлгэмд сууж кирилл шинэ үсэг, хуучин монгол бичгийг бие даан сурсан бөгөөд ХЗЭ-ийн гишүүнд элсэн эвлэлийн гишүүний манлайллыг эзэмшиж, тухайн үед зохиогддог компанит ажлуудад байнга шахам тэргүүн байр эзэлдэг байв. Мөн насны хань Буяндэлгэртэйгээ ханилан сууж, таван хүүхэд төрүүлэн алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнагдсан юм.
1952 онд Сайхандулаан сумаасаа Улаанбадрах суманд шилжин тэмээ маллан ингэ сааж, олон эмнэг ингэ саалинд сурган сүүний нормоо биелүүлж сумандаа Тэргүүний саалчинаар шалгарч байлаа. 1964 оноос Зүүнбаянд суурьшин худалдааны трестийн гуанзанд, 1967 оноос аймгийн төвд ирж ХБУГ-ийн нийтийн хоолны газарт галч, НААҮГ-ийн модны үйлдвэрт манаач зэрэг ажлуудыг хийж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.
Ийнхүү бага наснаасаа мал малласан, малч ажиллагааных нь арвин туршлагыг залуу малчдад өвлүүлэхээр 1983 онд Монголын Радиогоос залуу малчдад өгөх сургамж, атан тэмээг уналга эдэлгээнд сургах тухай зэрэг зөвлөгөө сургамжуудыг нь бичин авч, нэвтрүүлж олонд сурталчилсан юм. Үүний зэрэгцээ бага наснаасаа аман хуурыг өөрөө хийж олон янзын татлагууд болох Уулган шарын тэшээ, Хурдан морины хатираа, Бухын урамдалт, Ингэ ботгоны буйлаан, өөрөө дүрслэн зохиосон Хэрээ гуаглах, Нохой хуцах, Хүн хашгирах, холоос тэмээтэй хүн ирэх чимээ, Өрөөлтэй морины явдал зэрэг олон янзын аялгуу тоглодог байснаараа ардын язгуур урлагийн болон Бүх ард түмний урлагийн наадмуудад удаа дараа оролцон алт, мөнгөн медаль зэрэг шагналуудыг хүртэж байлаа. 1983 онд Ардын язгуур урлагийн Анхдугаар их наадамд аймгаасаа шалгаран оролцож алтан медаль, 1985 онд Азийн орнуудын 7-р Симпозиумд төлөөлөгчөөр уригдан оролцсон.
1987 онд Бүх ард түмний урлагийн их наадамд аймгаасаа шалгаран алтан медаль, 1991 онд Ардын язгуур урлагийн 2-р наадамд оролцон мөнгөн медаль, 1993 онд монгол гайхамшиг анхдугаар наадамд оролцож, Монгол улсын Тэргүүний уран сайханч цол тэмдгээр, 2000 онд Ардчиллын арван жилийн ойн тэмдэг, мөн Мөнх тэнгэрийн одонгоор тус тус шагнагдсан. 1990 онд Английн хөгжим судлаач Шон, монголын хөгжим судлаач Оюунцэцэг, Бадраа нар ардын язгуур урлагийн урын сангаас мартагдаж буй дуунууд Ханги буур, аман хуурын татлагуудыг сонирхон судалж, аман хуурын есөн татлага, таван аятай маань бичиж авсан. Мөн “Ардын урлагийн өв санг судлах төв”-ийн тэргүүн С.Юндэнбат аман хуурын бүх татлагуудыг бичиж авснаар Радио телевизийн алтан фондод хадгалагдан, шаардлагатай үед орон даяар цацагдан олны сонорт хүрч байдаг билээ.
2004 онд зохиолч, яруу найрагч Доржийн Пүрэвсүрэнгийн монголын алдартнуудыг сурвалжлан эмхтгэсэн түүхэн баримтат “Амьд бурхадын алтан сургаал” номонд бичигдэж, үрс бидэндээ мөнхлөгдөн үлдсэн юм.
Бидний хайртай ижий Гомбодаш нь ийм замналаар энэхэн замбативийг туулж 2006 онд 86 насандаа буурал хорвоогийн жамаар бурханы оронд заларсан билээ.
Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Н.Лантуу
Зураг дээр: Нанзадын Гомбодаш охин Н.Лантуу, хүү Н.Батмөнх, Б.Мөнгөн-Өлзий, У.Алтандүү, Б.Отгондүү нарын хамт /1980-аад он/
“Өнөөдрийн ЯЛАЛТ” сонин 2020 оны 12 дугаар сар №09 (4005)
()
Discussion about this post