Орос-Монгол толь, “Алтан загасны үлгэр”, “Монголын нууц товчоо”, түүний нэгэн чацуутан болох “Игорийн Хорооны тууж”, Пушкиний “Олег цэцний дуула”л, “Хүрэл хөшөө” зэрэг гайхамшигт бүтээлийн хажуугаар Монголын 1000 жилийн хураангуй түүх, Монголын өв соёлын сор болгоныг хураасан “Зуун билиг” зэрэг номыг туурвисан Ц.Дамдинсүрэн агсны уран бүтээлээс уншиж өсөөгүй монгол хүн нэг ч үгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Нэгэн насанд багтамгүй, нэгэн хүний оюун ухаан дийлэмгүй нөр их бүтээлийг амжуулсан ардын уран зохиолчийн амьдрал тийм ч дардан байгаагүй, тухайн үеийн цаг нийгмийн нөлөөн доор шоронд хүртэл хоригдож явсан түүхтэй. Өдгөө түүний нэрэмжит номын сан төрсөн нутаг Дорнод аймагт нь байх бөгөөд алдарт зохиолчийн ах дүү, төрөл төрөгсөд тун ховор болжээ. Манай сурвалжлагч Ц.Дамдинсүрэн агсны хамгийн ойрын бөгөөд хамгийн өндөр настай авга дүү нь болох өдгөө 90 насыг зооглож буй ахмад буурал Ч.Даваатай уулзаж ажил амьдралынх нь талаар цөөн хором ярилцсаныг уншигч танд толилуулж байна.
-Таныг их зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн ойрын хамаатан төдийгүй Дорнод аймагтаа өндөр настай цөөхөн хүмүүсийн нэг гэдэг юм билээ. Та Дорнод аймгийн Матад сумын харьяат гэсэн байх аа. Бие тэнхээ хэр байна, ахуй амьдрал хэр байх юм?
-Эмээ нь одоо ер нь нас 100-д ойртож байгаа байх шүү. Төрсөн оноо сайн мэдэхгүй, 1921 юмуу 1922 онд л байх ёстой. Миний үед чинь ном соёл ч байхгүй, юу ч байхгүй байлаа ш дээ. Эмч гэж ч байгаагүй. Тэгэхлээр би чинь одоо ном ч үгүй, соёл ч үгүй, тэнэг хөгшин л сууж байдаг юм. Бага залуу насаа Матад суманд хөдөө хэдэн үнээ мал саагаад л өнгөрүүлсэн. Хөдөө сүү өгдөг байлаа ш дээ. Хөөрхий ээжий маань 13 хүүхэд төрүүлээд бүгдээрээ өөд болж би ганцаараа хоцорсон. Цэргийн газрын аж ахуйн хүн байсан. Миний ах Гэндэн, Борхүү гэж хоёр хүн байсан. Энд дайн болоход 10 гаруй тэмээтэй хоол хүнс аваад л явж байсныг нь би сайн мэддэг. Хожим бага ахын маань хэрэглэж явсан өлзий утастай мориных нь хазаар, эмээлийнх нь чимэг улайссан төмөр шиг л юм болоод ирсэнийг нь би одоо болтол хадгалдаг даа, хөөрхий. Миний дор нэг хүү байсан, бас өөд болсон. Аав минь Бадам гэж нэг өвгөн байгаад 56-тайдаа өөд болсон. Ээжий минь Хаш гэж хүн байсан, 84 насандаа өөд болсон доо. Би 1962 онд аймгийн төвд орж ирээд хэдэн хүүхэдтэйгээ гэрээр л байсан. Нэг дүү маань байсан болохоор идэж уух юм залгуулаад л байдаг байсан.
-Та яагаад хөлөө гэмтээчихээ вэ?
-Эмээ нь хөл хугархай хоёр жил боллоо. Би их манардаг хүн байхгүй юу. Гурвуулаа ардын эмнэлэгт хэвтэж байхад “эмчилгээндээ ор” гэхээр нь унтаж байснаа гарах гэсэн нөгөө хоёр нь гараад явчихаж. Тэгээд би араас нь таяггүй гараад ийшээ явах газар нь тийшээ яваад халтирч ойчоо биз дээ, бодвол. Ухаан алдаад ойччихсон. Одоо явж чаддаггүй, гэрээсээ ч гарч чадахгүй юм. Өдөр ирж хүүхэд нэг хоол хийж өгнө. Өглөө мөлхөн байж цайгаа чанаж ууна. Таягтай босох нь босч л байгаа юм. Тэгээд энэ хугарсан хөл гэдэг чинь эдгэдэггүй юм байна. Зүүн хөл маань хугараад, гуяны мах нь тасарсан. Гараад салхинд гарчих юмсан гэж санах л юм. Чадахгүй юм. Хөл өвдвөл хүүхдүүд рүүгээ утсаар хэлчихдэг. Гайгүй бол хүүхэд зовоогоод яахав дээ, хэлдэггүй.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Манай өвгөн Готов гэж хүн, гадаад худалдааны яамны төлөөлөгч хүн байсан. Мал гадаадад гаргаж байсан, хотоос ирж очиж байсан. Эмээгийх нь том хүү Жангалав ус сувгийн инженер мэргэжилтэй, гурван хүүхэдтэй. Одоо хаана ч байна вэ дээ, зүгээр ч мэдэхээ байчихаж, энд нэг газар гуанз ажиллуулж байгаа. Муу хүү минь л ирж байдаг юм. Хамгийн том охин Нэргүй маань тэтгэвэртээ гарсан, 11 хүүхэдтэй. Дараагийн охин Норовсүрэн энэ жил тэтгэвэртээ гарсан, дөрвөн хүүхэдтэй. Түүний дараагийн хүү Энхболд таван хүүхэдтэй, авгайгаасаа салсан юмуу яасан юм, тийшээ явахгүй л юм байна ш дээ. Шохойн дээр ажилладаг. Олон хүүхэдтэй хүн чинь хэцүү юм байна шүү дээ, отгон хүүгээ гарахад таньдаг хоёр хүн гуйгаад байхаар нь “за ахиж гарвал гарна биз, би энэ хүүхдээ өсгөж чадахгүй ээ” гээд өргүүлсэн. Тэр айлдаа байдаг л юм, хааяа нэг над дээр ирдэг, дөрвөн хүүхэдтэй, газрын тосны компанид ажилладаг гэсэн. Хүүхдүүд маань хотоос ирж ээлжээр сахина. Нэг, хоёр сар болоод эргээд явдаг юм. Хоёр охины нэг нь хотод очоод эмнэлэгт хэвтчихсэн. Нэг нь уг нь энд намайг харж байдаг юм, одоо бас бие нь муудаад байгаа. Уг нь хотод байгаа охиноо бие нь гайгүй болоод эмнэлгээс гараад хүрээд ир, энд орон гэр авч амьдаръя л гэдэг юм. Над дээр өөрийн хэдэн юм л ирнэ үү гэхээс өөр хэн ирэх вэ дээ. Эмээ нь одоо уг нь 20 гаруй ач, зээтэй болчихлоо, ирж байгаа юм байхгүй. Хөөрхий яаж ирэх вэ дээ, хотод, гадаадад бүгдээрээ шахуу байцгаадаг юм. Байрны мөнгөнд явж байна гээд л гадаад орон луу яваад ирцгээхгүй юм байна ш дээ. Хааяа мөнгө төгрөг ирдэг л юм.
-Та яагаад буудалд амьдардаг юм бэ?
-Энэ Дорнодын “Хэрлэн” зочид буудлын байранд ороод нэлээд удлаа. Үүнээс өмнө 12-р байр, цэргийн анги, танк гээд олон газраар явсан. Мэдэхгүй ээ, манай хүү Жангалав л нэг юманд оруулчихдаг, тэндээ байж байгаад л нүүдэг. Энэ байранд уг нь 8 кв-тад орсон, тэгтэл 12 кв-тай адилхан л төлбөр өгөөд байх юм. 12 кв-тад сууж байгаа улс чинь 32 мянган төг өгдөг гэж байна. Би одоо 31 мянган төг өгч байна ш дээ. Минийх их л байх юм. Ямар ухаантай юм, бүү мэд. Миний энэ сууж байгаа өрөөнд 4 кв нэмээд байх юм, яагаад нэмэв гэхээр “Яагаав, гадаа талын цонхноос эхлээд л авна шүү дээ” гэсэн. Нэг охин орж ирээд л намайг загнаад “15 мян төгрөг өг” гэхээр нь “юун мөнгө вэ, 15 мянга байтугай 2 мянган төгрөг ч өгч чадахгүй” гэсэн чинь “өгөхгүйдээ яадаг юм” гэж загнаад авчих нь тэр. Эмээ нь тэтгэврийн мөнгө гээд зээл авчихсан. Энэ буудал гэдэг чинь их авна ш дээ. Энд нь дарга байдаг юм гэнэ лээ, ямар ч хүүхэд байдаг юм, мэдэхгүй. Би ч тэгээд яаж ийгээд тэтгэврээс зээл авч байгаад өгчихдөг юм. Зургаан сар хүртэл зээл авчихсан, зургаан сараас хойш авна биз дээ. Би уг нь ганцаараа хүн, энэ байрны төлбөрт тийм ихийг авахгүй л баймаар юм. Энд айлууд ороод хөөрхий зарим нэг нь мөнгө төгрөгөө өгдөггүй хөөгдөөд гарч л байх юм, зарим нэг нь ч байж л байх юм. Би ч нас яваад, хөгшин болохоор юм мэдэхгүй болдог юм байна, хүнд үгээ хэлж мэдэхгүй, хүнээс юм асууж мэдэхгүй. Намайг энэ тэргэнд суулгаад хэн аваад явах вэ дээ. Хөөнө л гэх юм, хаашаа ч явах билээ дээ, гэр оронгүй хүн чинь.
-Дамдинсүрэн гуай таны ойрын ах дүүс байсан гэсэн байх аа. Та залуудаа хэр их уулздаг байсан бэ. Их зохиолчийн дүүгийн хувьд одоо эргэн дурсвал?
-Дамдинсүрэнгийн төрсөн ах нь Доной гэж хүн байсан юм гэсэн. Тэр хүний хүүхэд нь манай ээж юм гэнэ лээ. Дамдинсүрэн ахын ээжтэй авахуулсан зураг нь байдаг юм. Би багадаа нэг их олон удаа уулзаж байгаагүй. Ах маань хотод л байдаг байсан. Хотод анхандаа нэг айлд байж байгаад явж явж байгаад л хөөрхий нэг өвгөн хөгшин хоёрын хүү болж байгаад тэгээд хотод суусан юм байна лээ. Би залуудаа хотод Дамдинсүрэн ах дээр үргэлж очдог байсан, Жангалав бид хоёр л очдог байсан даа. Жангалав сургууль соёлд яваад очиж байсан. Ах маань Дорнодод байнга ирэлгүй яахав. Нэг жижиг машинтай манайд ирээд л явдаг байсан. Шилэн аяганд чихэр хийгээд ирнэ, тэгэхэд ээж маань “хөөрхий, орос хүнтэй суух ийм л байдаг юм байна шүү дээ” гэж хэлдэг байж билээ. Хөдөө манайд ирээд замгийн буу үүрээд л зээр агнадаг байсан. “Бие биенийгээ буудчихав та нар” гээд ижий бахираад л байдаг байж билээ. Манайд ирээд юу ярьдаг байсныг нь сайн мэдэхгүй ээ, ижийтэй л ярьдаг байсан. Би ч гадаа л байдаг байсан.
-Ц.Дамдинсүрэн гуайн хүүхдүүд байна уу?
-Ахын маань хүүхдүүд нь дандаа орос шүү дээ. Хүүхдүүд нь гээд хэдэн оросууд энэ жил ирсэн л дээ. Дулмаа гэж ганц охинтой. Ач зээ нар нь аавтайгаа гурав, дөрвүүлээ ирчихээд явсан. Олон авгай авсан юм шиг байдаг юм. Орос авгай нь нэлээн монголжуу, “хүү минь” гэж их хэлдэг байсан. Хамгийн том нэг мундаг хүү байдаг сурагтай, хаана ч байдаг юм мэдэхгүй, нас барахад нь лав ирээгүй. Энд нэг хэсэг байж байгаад харьж ирье гэж яваад тэндээ удалгүй өнгөрчихлөө гэсэн. Бидэнд хэл ирээд дүү маань л явсан, би яваагүй ээ. Алтан-Өлгийд оршуулсан байна лээ, өнгөрснөөс нь хойш би газар дээр нь очсоон. Их сайхан ааштай хүн байдаг байж билээ. Би ном соёл байхгүй юм чинь зохиолоос нь юу унших вэ дээ. Хоёр гурван өрөө дүүрэн номтой, “Миний дүү босоод энэ номноос үз” гэдэг л байсан. Хотод Их сургуулийн замын хажууд гурав, дөрвөн өрөө байранд байдаг байсан. Ер нь тэндээ ганцаараа л амьдардаг байсан. Жангалав мэддэгээрээ үздэг байсан байлгүй дээ. Нас нь өнгөрсөн хөгшин би одоо юугаа ч сурах вэ дээ. Ц.Дамдинсүрэнгийн ойрын хамаатан гэж хоёр хөгшин байсан, хоёулаа өөд болсон, нэг нь лав энэ жил өнгөрсөн. Тэр оросууд нь намайг сайн мэдэх ч үгүй. Хоёр жилийн өмнө ахын маань 100 жилийн ой гэж болсон, тэрэнд хөлтэй байхдаа эмээ нь арга хэмжээнд нь оролцсон. Жангалав намайг авч явж, нутагт нь очиж хөшөө босгоод гоё арга хэмжээ болсон. Тэгээд л ирээд л эмнэлэгт хэвтээд бие муудаад эхэлсэн нь тэр байхгүй юу. Ц.Дамдинсүрэн ахын хамаатан Готов гэж нэг өвгөн байх ёстой. Одоо ер нь байхгүй байх аа. Би ч нэг их хамаатай гээд сүйд болдоггүй. Ах маань тээр жил манайд ирээд явахдаа нэг муу жаахан жаазанд зургаа хийгээд “ахынхаа зургийг хожим харж яваарай” гэж өгчихөөд явж байсан. Ер нь бидэнд их сайн байсан, энд ирвэл манайд л ирдэг байсан. Хотод нэг төрсөн дүү нь байж байгаад нас барсан. Юм хэлж мэдэхгүй болохоор чинь хамаатан гэж хүмүүст хэлдэг ч үгүй юм.
-Ярилцсанд баярлалаа. WWW.TAIZ.MN
Discussion about this post