ХИЛСЭЭР АМИА АЛДСАН ДЭЭДЭСТЭЭ ЗУЛ ӨРГӨЦГӨӨ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид.


Сталин П.Гэндэн нарын дунд 1935 оны 5-р сард болсон ярианы хэсэг:

Сталин. Манжуурын өртөөнд хэлэлцээр хийх үедээ Гэндэн та н.Самбууд, энэ хэлэлцээр болон хилийн мөргөлдөөнүүд нь Манж Го, БНМАУ-ын хоорондын хэрэг биш, ЗСБНХУ, Япон улс хоёрын хоорондын хэрэг, тийм учраас Манж Го, БНМАУ хоёр биш харин тэд буюу ЗСБНХУ, Япон улс хоёр хоорондоо ярих ёстой гэж хэлсэн гэж би дуулсан. Яагаад тэгж байгаа юм?

Гэндэн. Энэ бол худал үг бөгөөд өдөөн хатгалга, би тэгж хэлээгүй гэв.

Молотов. Бид нэг л санаатай байна. Та санаагаа бүү нуу, биеэ бүү өмөөр. Сая н.Сталины хэлсэн зүйлийн талаар бид тодорхой бат мэдээлэлтэй байгаа. Гэндэн та согтуу байхдаа зөвлөлтийн эсрэг өдөөн хатгасан зүйл хэлж байсан чинь үүнийг давхар нотолж байна. Та наашаа явахынхаа өмнө надад Кремлийн эмнэлгээр дамжуулж “эрүүл мэндийн шалтгаанаар” удаан хугацааны чөлөө авч Крымд амраач гэх байх гэж ярьж байсан гэсэн. Бид тийм арга мэх сүвэгчилж тийм тоглоом тоглохгүй.

Гэндэн. Энэ бол мөн л худал үг гээд тэрээр тийм зүйл хэлээгүй, мэдэхгүй гэж хариулав. Өөрийнх нь тухай ийм гүжир гүтгэлгийг хэн хэлж байгаа нь маш сонин байна гээд өөрийг нь ийнхүү буруутгаж байхад ажлаа хийхэд хэцүү юм гэв.

Молотов. н.Сталин бид нар шулуун шударга, ний нуугүй хэлж байна. Гэндэн та согтуу байхдаа бидний эсрэг янз бүрийн үг олныг хэлснийг бид мэднэ. Та угаас Манжуурын хэлэлцээр болон хилийн зөрчлийг зохицуулах явдал танай Монголын хэрэг биш гэж үзээд түүнийг бусдад тохохыг хүсч байна.

П.Гэндэн яаж төгслөө? Хар далайн амралтанд хэсэг хугацаанд хориод дараа нь баривчилж, Москвагийн шоронд эрүүдэн тамласаар эцэст нь цаазалсан. Тэр үед бүдүүлэг харанхуйгаа мэдрэхгүй мангар сагсуу монголчууд манай Гэндэн Сталины гаансыг хуга алгадсан гэнэ гэх тэнэг яриа зохиож, хэн ч үнэмшимгүй ам дамжсан цуурхлыг үнэн мэдээлэлгүй гэнэн ардууд итгэчихсэн хөөр бах болгосон нь өрөвдөлтэй. Энэ мулгуу онигоог бахархан дурсаж явдаг гэгээрээгүй монгол одоо ч цөөнгүй гээч.

Ө.Бадрахын матаас. Ерөнхий сайд П.Гэндэн “байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд энэ дайн ямар ч хамаагүй” гэж согтуудаа лав л Зөвлөлтийн элчинд агсам тавиагүй. Өөрийнхөө дэргэдээс салдаггүй ташаандаа буутай орос сургагч нарт ч тэгж шарлахаж зүрхлэхгүй. Тэгээд хэн П.Гэндэнг Сталинд матаж байв? МАХН-ын тэгш эрхтэй гурван даргын нэг Өлзийтийн Бадрах! Ө.Бадрахтай хамтарч Кремлийн зараалаар Бүгд Найрамдах Дүрвэд Ард Улс байгуулахаар зүтгэсэн Золбингийн Шижээ хожим Москвад шүүгдэх үедээ П.Гэндэнг Сталинд матаж байснаа мэдүүлсэн баримт үлджээ. (Түүхч С.Ичинноров. “Пэлжидийн Гэндэн” ном. 1994).

“Орос Японы дайн манай хэрэг биш” гэх хазгар Гэндэнгийн амь үзэл Монголд дэлгэрэхээс Кремль сэрэмжилж чангарахад Ө.Бадрахын матаас ноцтой нэрмээс болсон нь мэдээж. “Японы тагнуул” гэх яргалал Ө.Бадрахын гайтай матааснаас асаж дэвэрсэн байх магадлал өндөр. Ө.Бадрах З.Шижээ хоёрыг эцэст нь Москвад цааш харуулсныг өмөөрөх ч хаашаа тавлах ч хаашаа. Гашуун намтар.

Хэт тэнцвэргүйн арчаагүйдэл. Орос Япон хоёр Монголыг булаацалдаж Халх голд түншилцсэн гэж дэлхий нийт үздэг. Энэ мөргөлдөөнийг ганцхан улс л өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол. Болъщевик сурталд нэвт сэнхэрсэн бид “Хүйс тэмтрэх гэж довтолсон Японоос биднийг Орос ах элгэндээ тэврэн аварч, аяндаа мөхөж буй хоцрогдлын ёроол харанхуй бүдүүлэг Монголыг жаргаасан” гэдэг. Худлаа гэвэл Зөвлөлтийн заавраар зохиосон сурах бичгүүдийг нээгээд үз. Тэнд ийм суртал хахалдаж буй. Нэг үгээр ач зээ нарын минь алхам тутамдаа баримтлах номлол энэ учир би эмзэглэдэг. Яагаад гэвэл буруу үзэл-хамгийн ужиг нүгэл.

Оросын бидэнд хайрласан жаргал гэж чухам юу байв? Жаргал гэдэг нь яргалал байсныг 700-800 мянган монголын 40-50 мянгыг буудсан баримт хэлээд өгдөг. Мал сүрэг эд хөрөнгөө булаалгаж, сүм хийд бурхан тахил судар номоо шатаалгаж, ямар ч эрх чөлөөгүй ардууд улаан Оросын “жаргал” гэгчийг бие сэтгэлээрээ эдэлсэн. Москвад хичнээн монгол сайд дарга нарыг зөвлөлтийн хуулиар цаазалсан билээ. Бүгд шилдэг сэхээтэн байв. Империалист Япон дийлсэн бол яах байсныг бүү мэд. Мөн тэгэх л байсан биз. Гагцхүү “нэг нь бурхан нөгөө нь чөтгөр” байгаагүй байх аа. ХХI зууныхан эргэцүүлж эхэлсэн биз.

Коммунизмд жаргаах солиотой хийрхэл 1990 онд ашгүй унтарч нуруу тэнийв. Унтраагүй бол дорой монголчууд юу үзэх байсан бол? Уг нь Орос Япон хоёр Монголыг булаацалдахдаа тэртээ дээгүүр нүдэлдээд, ялсан нь мануусыг эзэлдэг л юм байгаа биз, харин бид “Хүчирхэг хоёр эзлэн түрэмгийлэгчийн хэн нь дийлдэг юм бол доо Гомбогүр минь” гэж залбираад, ямар ч зэвсэггүй гар мухар хойно цоо буудуулах духаа далбагар нударгаараа халхлаад хэвтэж байх байсан. Ингэх нь эсэргүүцэх зэвсэггүй цөөн буурай ардад шившиг бус эмгэнэлт тавилан юм. Хэн ч өрөвдөж уучилмаар. Оросын дисседент зохиолчдын бүтээл цагийн урсгалд орой руу ордог тул тэд агуу жолоодогч Ленин Путин нараас нь надад ойр оршдог.

Орос нутгаа тэлэх түрэмгийлэлдээ монголчуудыг хөөж оруулсныг “байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л нүдэлдэнэ биз, энэ дайн манууст хамаагүй” гэж Монголд ганц П.Гэндэн бодоогүй байх. Монголчуудын гуйлтаар оросууд цусаа урсган тэднийг Японоос хамгаалсан гэх суртал дэлхийд дэвэргэсэн. Оросын энэ болхи жүжигт харанхуй монголчууд ч бүгд хууртаагүй. Колончлогч хоёр том гүрний алалцаанд шахалтаар оролцож, сая хүрэхгүй хүнийхээ нилээдийг алдсан нь ядмаг айлын зовлон барагдашгүй гээч болсон. Үүнийг монголчууд гадарладаг.

Олз булаацалдсан Орос Японы дайнд ядуу буурай хэдхэн монгол амиа золих хэрэггүй гэж дотно нөхдөдөө цуурсан ерөнхий сайд П.Гэндэн Москвад цаазлуулсан. Энэ цааз БНМАУ Халх голын тулалдаанд хүслээр бус хүчинд автаж орсныг гэрчилдэг. Хүчирхэг хоёр гүрний алалцаанд хөвгүүд охидоо оруулж хядуулахгүй гэсэн ерөнхий сайд П.Гэндэнгийн амнаас унасан үг ардын дайсны үг бусыг улаан оросыг бурхан гэж биширдэг зарим эргүү өдгөө ч ухаарахыг хүсдэггүй. “Монголчуудыг толгой дараалан устгаж газар нутгийг эзэмших зорилго бүхий япончуудыг орос ахынхаа ачаар дийлсэн нь агуу ялалт мөн” гэх омогшлоор тэд бахархдаг. Аврах гэж булаацалдсан уу, цөлмөх гэж булаацалдсан уу миний хувьд бүрхэг. Монголыг нөлөөллийнхөө бүс болгохоор олзны хойноос тэмцэлдсэн хоёр их гүрний тулалдаанд үрэгдсэн орос япон цэргүүд хөөрхий ч бидэнд огт хамаагүй дайнд албан шаалтаар алтан амиа алдсан монгол цэргүүд минь даанч хөөрхий. Халх голд эх орныхоо төлөө хэдэн монгол алтан амиа зольсон юм бэ? Тодорхой тоо бий билүү? Халх голын тулалдаанд оролцсон дайчдаас амьд сэрүүн хөгшдийг ардчилал харин байр сууц мөнгөөр урамшуулсан нь эх орныхоо төлөө амь биеэ зориулахын үнэ цэнийг өргөсөн дөө.

Найдваргүй монголчуудын нэрс. Халх голын мөргөлдөөнд Москва бэлтгэхдээ юун түрүү “Монголын арми дахь Японд урваж болзошгүй офицер-дарга нар”-ыг зайлуулахаар шийджээ. Хазгар Гэндэнгийн халамцуудаа цуурсан үг, түүнийг Сталинд матсан Ө.Бадрахын олио энэ хардлагад хүч өгсөн биз. Дайнд орохын өмнө Кремлээс “найдваргүй этгээдүүд” гэх маш нууц нэрсийн жагсаалт Монголд ирж, 1508 дарга цэрэг армиас хөөгдсөн гэдэг ба тэднээс сорчилж Японы тагнуул гэж олныг буудсан бөгөөд 1508 гэх тоо дайны талбарт үрэгдсэн 237-гоос 6,3 дахин олон аж. Дайнд амь үрэгдсэн 237-н эрэлхэг эх орончоо нам засаг тэгтлээ сурталчлаагүй. Тоож дээдлээгүй гэсэн үг. Халх голд хэдэн монгол алагдсаныг мэдэх пионер миний үед байгаагүй юмдаг. Илүү зантай тэтгэврийн өвөө уйдахдаа интернет ухах явцдаа 237 гэх тоог олов. 237 гэхээс өөр албан ёсны тоо би хүүхэд наснаас одоог хүртэл олж үзсэнгүй.

Халх голын дайны сурталчилгаа гэвэл алаг морьтой Дандар баатар мөндөр мэт японы сумнуудыг сэлмээрээ хоёр тийш ярж ялсан тухай нэгдүгээр ангиасаа сэнхрэв. Одоо ч зохиолч Б.Догмид кино хийж буй гэсэн. Магтавч дундардаггүй гавъяа байдаг. Ленин Цэдэнбал гээд. Зайсан толгой дээр ашиг сонирхлоо тэлэгч Оросын хөшөөг сүндэрлүүлснээс Халх голд үрэгдсэн 237-н нялх үрсийнхээ буяныг шүншгэлсэн мөнх зултай суварга бүтээгээд хааяа очиж мөргөж байдаг байж. Алтан амиа алдсан хайран 237-гоо алдар нэрээр нь мэддэг монгол хүн байгаа юм уу? Халх голын ойг тэмдэглэх гэж ирсэн Путин Медведев нар Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөс Зайсан толгой дээрх хөшөөг тоож хараа ч үгүй. Энэ хөшөө хэний хэдэн цаасаар бүтсэн юм бол?

Лувсандоной. 1939 оны 7-р сард VIII морьт дивиз үүргийн дагуу цуваагаар явж байтал газар шүргэм доогуур долоо найман онгоц гарч иржээ. Манайхан япончууд гээд таралт хийх гэснээ доогуур ниссэн онгоц бүгд том улаан таван хошуутай байсанд цэргүүд баярлан орос ах нар байна “ура аа” гэж гар даллан хөөрцөглөтөл нөгөө таван хошуутай онгоцууд маань цувааг сүйртэл бөмбөгдөж, тарж бутарсныг хөөж пулёматаар шүршээд алга болжээ. 90 цэрэг алагдаж, цаана нь хичнээн ч шархадсан юм, 230 орчим агт морь, 80 гаруй үхэр тэмээ үрэгдэж, эд материалын ихээхэн хохирол учруулжээ. Оросын онгоцууд монгол дүү нараа бут ниргэсэн нь Баргын морин цэрэгтэй андуурсан алдаа байв. Оросууд алдаагаа нууж, манай Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг японы онгоцуудыг зориуд дуудан бөмбөгдүүлсэн гэх гүтгэлэг зохиож, түүнийг тэр дор нь фронтын шугам дээр баривчилж, Чита хотоор дамжуулан Москвад аваачиж Бутырийн шоронд эрүүдэн тамласаар 1941 оны 7-р сард буюу манай наадмын өдрөөр цаазалсан байдаг.

VIII дивизийнхэн Японы бус Оросын том таван хошуутай онгоцууд биднийг бөмбөгдсөн гэж зориглон хэлсэн бол бүгд өнгөрөх байв. Тэд амиа орлогч жанжныхаа амиар сольсон аж. Хөөрхий Лувсандоной гэгч тэр залуу тамлуулж байхдаа, цаазлуулж зогсохдоо яасан их гомдоо бол. Андуурч бөмбөгдсөн орос нисэгчид ч Ц.Лувсандонойг зольж амиа хоохойлохоос өөр гарцгүйдэж, Жуковыг ятгаж дэмжүүлсэн гэх түүхч байдаг юм билээ. Жуковын үг бурхны зарлиг байсан нь мэдээж. Том хүний нэр сүрийг ашиглах ов мэх одоо ч бий. Амиа аврах гэсэн орос нисэгчдийг буруутгах хэцүү. Хүн ерөөс тийм амьтан юм чинь. Тэд санаатай бөмбөгдөөгүй. Тэнгэрээс хорхой шавьж шиг үзэгдэх барга халх морин цэргүүдийг орос нисэгчид ялгаж таниагүй эндүүрчээ. Аль талын цуваа дайны энэ мөчид хаана явахыг нягт тогтоогоогүй орос жанжнуудын алдаа. Оросууд алдаагаа захиргаадагч муйхар командлалдаа ойлгуулахаас, монгол даргыг гүтгэж эсэргүү болгох хялбар. Донгио доройг хэрхэн элэг барьдгийн нэг жишээ.

Манай До яам VIII дивизийн дарга цэргийг байцааж, Ц.Лувсандоной Японы тагнуул мөн гэх худал мэдүүлгийг хүчээр гаргуулжээ. Зохиомол мэдүүлэгт юу гэж гүжирдсэнийг уншъя: “Гадна талд Япон, дотоодоос бид нар өөрийн цэргийн хүчийг хоёр талаас хамтруулан Орос цэргийн ангитай байлдаж, тэднийг өөрийн нутаг дэвсгэрийн дотроос хөөн гаргана гэж Лувсандоной хэлсэн. Долдугаар сарын 11-нд улсын их баяр наадмаар Чойбалсанг алахаар даалгасан нь үнэн болно” гэх мэдүүлэг бүрдүүлжээ. Үүнийг манай До яам санаачлаагүй, алсаас зааварласан тушаал гэдгийг бичилтгүй биз.

Ц.Лувсандонойг 1956 оны ХII сарын 8-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 44\022695 дугаар магадлалаар цагаатгасныг манай удирдагчид 6 жил хав дарсны эцэст БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1962 оны ХII сарын 14-ний өдрийн 23-р тогтоолоор түүнийг хилсээр хэлмэгдсэнийг арга буюу хүлээжээ. Гэвч энэ цагаатгал нийтэд мэдэгдэлгүй дээгүүр явцуу хүрээнд нууцлаг өнгөрсөн нь нэг талаас орос нисэгчдийн алдааг Монголын ард түмэнд дэлгэхгүй хэмээсэн бялдуучлал, нөгөө талаас ямар ч гэмгүй Ц.Лувсандонойн ариун нэрийг сэргээх эх оронч хайр дутсан гэлтэй. Үүнд монголчууд өөрсдөө өөдгүй зан гаргаснаас бус оросууд ингэ гэж тулгаагүйг дээрх ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1956 оны магадлал харуулж буй.

Хамгийн муухай нь Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг ЗХУ цагаатгаад 13 жил, БНМАУ цагаатгаад 7-н жил өнгөрсний дараа буюу 1969 онд Халх голын 30 жилийн ойн баяраар манай энгэр дүүрэн одон медальт хэсэг шар алаг ахмад дайчин юу гэж донгоссон гээч. “Лувсандоной эх орноосоо урван тэрсэлж, харийн дайсанд биеэ худалдан, өөрийнхөө эх оронч үй олон хөвгүүнийг дайсны бөмбөгдөлтөд зохион байгуулалттайгаар аваачиж өгсөн” гэж хилс цаазлагдсан хөөрхий даргынхаа шударга цагаатгалыг эсэргүүцэж ясыг нь тоншин гуагалжээ. Арай ч дээ. Эсвэл “Ц.Лувсандонойг дайсан гээгүй хүнийг шууд буудна” гэсэн 1939 оны сүрдүүлэг 1969 он хүртэл 30 жил айлгасаар байсан юм бол уу. Ц.Лувсандонойг ЗХУ яагаад цагаатгав? VIII морьт дивизийн цувааг андуурч бөмбөгдсөн нь нотлогдсон учир совестьтой оросууд гэмшиж түүнийг 1956 онд цагаатгаад байхад 13 жилийн дараа манайхан 1969 онд ингэж зүхээд байдаг.

Орлогч жанжнаа хазайсан тийш түлхэж, Маршалыг алах гэж байсан гэх гүтгэлгээс монгол авир үнэртдэг. Бидэнд бузар их бий. Харийн харгислалд долдгонож, монгол нь монголоо булшилдаг ийм нуралт дотроосоо үүсэж байсныг санах бүр монгол хүн болж төрсөндөө гутарнам. Түүх бол сургамж, түүх бол багш. Болоод өнгөрсөн энэ гашуун түүхийн чухам юунаас, хэнээс нь хойч үе минь үлгэр дууриал өвлөдөг бол? Гүтгэгдсэн Ц.Лувсандонойдоо орь дуу тавьж гашуудсан төрөл төрөгсөд, нутаг усныхан байж л таарна. Цэл залуугаар тийм өндөр албанд хүрснийг бодоход тухайн үедээ шилдгийн шилдэг л байгаа. Араншингүй архичин Дандар баатрын зиндаанд биш юм гэхэд хөөрхийг ямар нэг хэмжээгээр ард олонд таниулах сан гэж зохиолч хүний хувьд догдлов. Гэвч даанч дэндүү хөгширчээ би.

Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. Гэмгүй хүүгээ хүч хүрэлгүй хилсдүүлснийг уучилъя гэхэд үрэгдсэн хөөрхий хүүгийнхээ хойноос нулимс унагадаггүй нь хаанахын ёс, ямар хүмүүсийн яс вэ. Зөвлөлтөд үнэнч коммунист төмөр хүмүүжил үү? Ц.Лувсандонойг хилс цаазалснаа зөвтгөж, түүнийг урвагчаар түүхэнд үлдээх сонирхол арилаагүй ч юм шиг. Яагаад тэр вэ? Цаана нь орос нисэгчид буй учраас тэр үү? Давшгүй хар гүжирт өртөж буудуулсан Ц.Лувсандонойг бүх монгол хүнээр өрөвдүүлэх сэн.

Ц.Лувсандонойг ЗХУ цагаатгаагүй бол одоо ч монголчууд түүнийг урвагч гэж ам өрсөлдөн хараасаар байгаа гэдгийг итгэлтэй хэлэх байна. Бид ийм л хэмжээний амьтад. Оросууд уг нь ойлголцож болох хүмүүс. Манайд хүн шиг лидерүүд дээшээ гарсан бол төмөр замууд, эрчим хүчний эх үүсвэрүүд 10-гаруй жил гацалгүй Монгол чинээлэг улс болох байв. Баяжих өгөгдлийг маань ганц хоёр этгээд л хаачихсан. Тэд 2024 онд дахин сонгогдохоор өөрсдийгөө магтах аян улс даяар манаргаж, ард түмний тэнэг царай ч тэднийг сонгох янзтай. Ийм мангуу хойчийнхоо төлөө Д.Бодоо, С.Данзан, П.Гэндэн, А.Амар гээд түм бумаараа буудуулсан нь харамсам. Тэднийхээ хойноос ядаж 9-н сарын 10-нд зул өргөхийг гуйя. Хөсрий яс цагаатгадаг хүсэмгүй өршөөлөө хойшид бүү давтаарай.

()

Next Post

Discussion about this post