“Авиа компанийн өгсөн мэдээллээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцны зорчигчдын дунд Евгений Пригожин байжээ” гэж Росавиация байгууллага мэдээлсэн байна.
Мөн Вагнер групптэй хамтарч ажилладаг Grey Zone телеграм суваг Пригожин амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Энэ ослоор 10 хүн амиа алдсанаас мөн Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байжээ.
Путины тогооч гэж алдаршсан Пригожин гэж хэн бэ?
Евгений Викторович Пригожин (1961 оны 6-р сарын 1-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) Оросын бизнесмэн, “Конкорд” компаниудын группын эзэмшигч, оросын төрийн бус цэргийн ЧВК «Вагнер» (ЧВК- орос. частная военная компания, монгол.-Хувийн цэргийн компани) компани үүсгэн байгуулагч.
Африк, Сири, Украин болон дэлхийн бусад бүс нутгийн цэргийн мөргөлдөөнд оролцдог Оросын засгийн газрын дэмжлэгтэй хөлсний цэргийн бүтэц болох Вагнер группыг бүхэлд нь Пригожин хянадаг. Пригожинийг 2016, 2018 онд АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгагдаж буй компаниудыг хянадаг (Интернет судалгааны агентлаг болон бусад) гэдэг. Пригожины үйл ажиллагаа Оросын Батлан хамгаалах яам болон Тагнуулын Ерөнхий газар (ГРУ)-тай нягт уяалдаа холбоотой байсан гэдэг.
“Конкорд” компани нь ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудыг хүнсээр хангах үйл ажиллагаа эрхэлдэг байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Путины тогооч” гэх хочтой болжээ.
2022 оны 7-р сард Е.Пригожин болон түүний 12 ажилтнуудын АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон тухай мэдээлэл өгвөл 10 сая ам.доллар өгнө гэж АНУ-ын Төрийн Департамент зарласан байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) түүний баривлахад тусалсан этгээдэд 250 мянган ам.доллар амласан юм.
Пригожины «Вагнер» байгууллага Орос, Украины дайнд томоохон үүрэг гүйцэтгэсэн. 2022 онд Пригожин өрөө биеэрээ оросын шоронгуудаар явж хоригдлуудыг дайнд оролцуулахаар хөлсөлж «Вагнер» хувийн цэргийн компанидаа элсүүлж байсан.
2023 оны 6-р сарын 23-нд ЧВК “Вагнер”-ын цэргүүд рүү араас нь ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргүүд буудсан тул “Шударга ёсны жагсаал” гэж нэрэлсэн бослогод тэрээр Оросуудыг уриалжээ. 2023 оны 6-р сарын 24-ний өглөө ЧВК “Вагнер”-ын хөлсний цэргүүд Дон дахь Ростов хотын төв болон цэргийн байгууллагуудыг хяналтандаа авч нийслэл Москва хот руу хөдлөхөөр төлөвлөж, Путиныг айлгасан юм. Мөн өдөр буюу 2023 оны 6-р сарын 24-ний орой Пригожин Лукашенкотой хэлэлцээ хийж уг асуудлыг зогсоох тохиролцоонд хүрчээ.
Зургаадугаар сарын сүүлээр Москвагийн эрх баригчдын эсрэг гарсан зэвсэгт бослогын дараа Пригожиний хувь заяа бүрхэг болсон юм. Өрнөдийн зарим шинжээчид түүнийг удахгүй алагдана гэж үзэж байв.
Гурван нисгэгч, долоон зорчигчтой онгоц өчигдөр Москвагаас Санкт-Петербург хотын чиглэлд нисэж яваад нийслэлээс хойд зүгт 100 км орчим зайд осолджээ.
Агаарын тээврийн нээлттэй мэдээллийн сангаас харвал Пригожиний эзэмшлийн онгоц Лхагва гарагийн орой Москвагаас хөөрөөд хэдхэн минутын дараа транспондерын сигнал нь тасарсан байна…
Пригожин шинэ оросуудын адил ял эдэлж байсан намтартай. 1979 оны 11-р сарын 29-нд Евгений Пригожинийг 18 настай байхад Ленинград хотын Куйбышев дүүргийн шүүх Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 15, 144 зүйлийн 2-т («хулгай») 2 жилийн тэнсэн ял оноожээ. 1981 онд тэр 20 нас хүрээд Ленинград хотын Ждановын дүүргийн шүүх “хулгай”, “дээрэм”, “залилан”, “насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт уруу татсан” зэрэг зүйл ангиар яллаж 13 жил хорих ял оноожээ. Улмаар 1988 онд өршөөлд хамрагдаж 1990 онд суллагдсан байна.
()
Discussion about this post