Салхинд дэрвэх дарцгийг бус салхийг харагтун. Тэгвэл төөрөлдөхөө болино. Урин цаг ирж байна. Тэр цаг дахин дахин ирэхийн шалтгаанаар хэзээд буцна. Харин салхийг нь харсан болгон өнө мөнхийн урин цагт орших билээ.
Хэний цаг ирвээс…
-дуун-
Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө.
Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа!
Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий.
Баатрууд чимээгүй амьдардаг учраас тэдний баатарласныг байтугаа амьд байсныг нь анзааралгүй өнгөрөх нь олонтаа.
Харин ашиг хонжооны дарцагаа хийсгэгчид тэдний оронд индэрт гарах нь цөөхөнгүй ээ. Тэд хорлол дайсны хорлолоос үлэмж. Дайсан алахаар ирснээ нуудаггүй учраас аливаа хүн амиа, нутгаа хамгаалахад бэлэн угтдаг. Дайснаараа харагддаг дайсан болбоос нөхрийн багтай өстнөөс ариун, тэнгэрийн илд шиг шударгуу. Түүнд болоод түүнийг илтэд бүтээсэн шударга хилинцийн үйлийн үрийг хүндэлмү!
Сайн цагийн салхийг авчрагсад чимээ, амиагүй алга болдог. Хүмүүс салхийг биш дарцгийг хардаг болохоор тэр. Ийм учраас, гавъяа горилдоггүй, өөрөө харагдахыг хүсдэггүй баатрууд л цагийн салхийг эргүүлдэг. Харин алдар хүндэд дурлагч, ашиг хонжоо хайгч нар цагийн салхи болдоггүй. Түүний оронд туг дарцаг болж хийсч, дэрвэдэг.
Цагийн сургамж нь “дарцаг” бүхнээс сэрэмжлэхийг, тэд зүгээр л цагийн салхиар тоглож байгааг сануулан байнам.
Цагийн салхийг сонсож сурагтун. Их шуурга үг хэлдэггүй, хашгиран түрхрэн оддог. Яг л үерийн ус хөрсийг тэтгэхийн орон арчин урвуулдаг шиг. Харин зөөлөн салхи шивнэн, шивнэн хуучилдаг. Яг л зөөлөн хур ургамлыг тэтгэн амилуулах лугаа адил. Анзааран чагнаваас урин цагийн салхи ийнхүү хүүрнэх бөлгөө.
Хамаг амьтны тусын тухайд
Хашгирсан болгон нигүүлсэгч бус
Хар явдал, бараан мөр өө
Халхалж мэхэлсэн нь хэдхэн бус
Эх орны ариун тугийг
Хийсгэсэн бүхэн ариун бус
Элдэв хорлолын бузар тайзандаа
Хөшиг болгосон нь нэгхэн бус
Олон түмний ариун нэрээр
Орилсон бүхэн шударгуу бус
Орь биеийн шунал хүслээ
Ороосон явах нь ганцхан бус
Гэхдээ цагийн дарцагтай бүхнийг сөрөх салхи дутах нь олон. Сайн мууг мэдээд байлаа ч тамир хүрэхгүй нь нэн үлэмж.
Тээр жил, миний хүүхэд ахуйд манай суманд нэг “бурхангүй хүн” шилжин ирж байлаа. Бурхангүйчүүдийн гол ундаа болсон хатуу идээнд дуртай бас. Муу эмээгээс маань хүртэл архи нэхэж, нэхэх мөрөөрөө нэхэхгүй, өөр шигээ Бурхан шүтэхгүй байхыг шаардан, “зул өргөж байгаа шар тосоо өөрөө ууж бай” хэмээн шахамдуулдагсан. Аргаа барсан эмээ маань, түүний сургаар зулаа үлээх шахан тэвдэх. Хөөрхий тэрбээр “Ийм амьтдын цаг ирсэн юм чинь яалтай билээ” хэмээн залбирдагсан. Тэнгэрийн муухай арилдаг шиг тэр “дарцаг-хүн” нэг л мэдэхэд үгүй болчихсон байсан.
Үзэл санааны ариун тэнгэрээ
Үзэж, таньсан оюуны сансар аа
Үүл, манан төөрөгдлийн сүүдрээс
Үргэлж ариусган цэлмээх ёстой
Харин өөртөө салхи болоод
Харанхуйн үүлээ өөрөөсөө хөөвөл
Хаанаас ч дэрвэсэн хэний ч далбаа
Халхалж чамайг хүчрэхээ болино.
Хэрвээ бид салхи болвол
Хийсгэж чадна хийморийн дарцгаа
Хэн нэгний хуурамч далбааг ч
Хийсгэн арилгана, өөрийн тэнгэрээс
Харин нэг л гэгээн өглөө Бурхан эргээд ирчихсэн байсан. Хэн бээр Бурханыг эргүүлж авчирснийг мартжээ. Нээрээ, хэн Бурханыг бидэнд эргүүлж авчирлаа? Ерөөсөө Бурхан хаашаа ч яваагүй, бид л түүнийг харахаа байчихсан ч юм болов үү? Олон түмний билгийн нүдний наагуур улааны хөшиг татаад Бурханыг нуучихсан юм биш үү? Тийм аваас, хэн л тэр хөшгийг хуу татан шидлээ дээ? Бас л мартжээ. Харин улаан хөшиг татсан тэр улсыг, “Бурхан байхгүй” гэж хэлсэн цагийг сайн санаад байх ажгуу.
-Энэ чинь тэгээд, муу нь дурсагдаж, сайн нь мартагддаг хорвоо юм уу ? Тиймээ, муу үйлийг давтахгүй тулд, мөнхөд хашрахын тулд мартуулдаггүй ертөнц авай. Харин сайн нь үйл тоолшгүй, анзааршгүйгээр дэлгэрэхийн төлөөнөө үл анзаарагдах бөлөөг. Сайн үйл бол хорвоогийн хэмнэл нь өөрөө юм. Зүрхний хэм алдагдах нь мэдэгдэн зовиур болдог бол зөв цохилох нь үл анзаарагддаг шиг буянт үйлсүүд чив чимээгүй орчих билээ. Аз жаргал ч тэр мэт. Түүнийг байхад анзаардаггүй ч явчихаар нь үгүйлэн гансардаг аа.
Бусдын зовлон зарим хүнд энэрэхүйн сэдэл болдог бол зальтай зайтай өөр нэгэнд өөрөө алдарших гишгүүр болох нь ч бий. Орон гэргүйчүүд, хог дээр амьдардаг ядууст хичнээн хүн хоол хүргэж, хувцас илүүчилснийг бид мэдэхгүй, мэдсэн ч мартсан. Харин хэн хэн тэднийг энэрэгчийн дүрээр алдаршин сонгогдсон, насны хоолондоо хүрснийг бодохоор танил танил дүрс нүдний өмнүүр жирэлзнэм бөлгөө. Буянтан нь салхи бачтан нь дарцаг гэж тэр бөлөөг.
Салхинд дэрвэх дарцгийг бус салхийг харагтун. Тэгвэл төөрөлдөхөө болино. Урин цаг ирж байна. Тэр цаг дахин дахин ирэхийн шалтгаанаар хэзээд буцна. Харин салхийг нь харсан болгон өнө мөнхийн урин цагт орших билээ.
2023 оны Тавдугаар сарын 10,
()
Discussion about this post