Нийслэлийн Онцгой байдлын газрын 2023 оны Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах дадлага сургууль Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын талбайд боллоо. Уг дадлага сургууль нь 2004 оноос эхлэн 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд Онцгой байдлын албыг бие бялдар, техник хэрэгслийн байнгын бэлтгэл сургуулилттай байхыг шаарддаг. Өнөөдрийн бэлтгэл, сургуулилт бол шинээр хүлээж авсан техник хэрэгслээ ашиглах, турших, бэлэн байдалд байх, бэлтгэлийг хангахад чухал арга хэмжээ болж байна. Дэлхий нийтэд үүсэж байгаа байгалийн гамшиг ослын тохиолдлоос харахад бүх төрлийн гамшигт ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах нь чухал байна. Мөн хот байгуулалттай холбоотой хууль зөрчиж буй аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, барилга байгууламжийн стандартыг ягштал мөрдүүлэх шаардлагатай гэсэн юм.
Дадлага сургуульд нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 17 багийн нийт 200 гаруй тамирчид хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах дадлага сургуулийг зохион байгуулснаар алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбаа, хурд хүчийг сорих, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой.
()
Discussion about this post