Малайзын баялгийн сан 1MDB-ээс 4.5 тэрбум доллар хулгайлсан хэргийн мөрөөр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо шалгаж, урлаг соёлын алдартнуудаас мэдүүлэг авч байсан билээ.
Баялгийн сангийн мөнгийг зүй бусаар ашигласан гол хүн гэгддэг санхүүч Жо Лоуг АНУ-ын хууль зүйн яам 2018 оноос эхлэн шалгаж буй. Тэрбээр гадаадад цагаачлан амьдарч байгаа гэх. Санг үүсгэн байгуулж, удирдаж байсан Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак одоо шоронд 12 жилийн хорих ял эдэлж байна.
Холбооны Мөрдөх Товчоонд Ким Кардашиан 2009 онд анх Жо Лоутай танилцсанаасаа хойш 6 удаа уулзаж байснаа мэдүүлжээ.
Нэг удаа Лас Вегас хотод очоод байхдаа түүнд анх удаа Лоутай мөрийтэй тоглоом тоглосон гэнэ. Ким, Лоуг “Мөрийтэй тоглоомд их дуртай, түүнтэй тоглосон хүмүүст их мөнгө өгдөг” тухай сонссоноо мэдүүлжээ. Ингээд тэр Лас Вегасын казиногийн VIP өрөөнд шөнөжин тоглосон гэнэ. Тэдний дэргэд дагалдагчид нь болох нийт 10-12 хүн байжээ.
Үүрийн 5 цагийн үед Ким тоглоомоо дуусгаад гарахыг завдахад нэг туслах нь цай, кофе ууж хэсэг хугацаанд саатахыг зөвлөсөн гэнэ. Лоу түүнд их хэмжээний тоглоомын хясаа бэлэглэж, Ким эхэндээ татгалзсан ч буцааж аваагүй гэнэ.
Ингээд хясаагаа казиногийн кассад сольж, бэлэн мөнгө болгоход 250,000 доллар болжээ. Ийм их бэлэн мөнгөтэй буцахаа мэдээгүй байсан Ким хогийн уутанд хийгээд авч явсан гэнэ.
Ким Кардашианд нийт 350,000 доллартай тэнцэх хясааг Лоу бэлэглэжээ. Сүүлд Лоу дахин Ким 100,000 доллартай тэнцэх бэлэг өгснийг мэдүүлжээ.
Жо Лоу нь олны танил хүмүүс, улс төрчдийг өөрт татахын тулд их хэмжээний мөнгө цацдагаараа тухайн үед алдаршиж байсан гэнэ.
Тэрбээр мөн “The Wolf of Wall Street” киног бүтээхэд хөрөнгө оруулж байсан ба Холливүүдийн од Леонардо Дикаприо бас Лоутай ямар холбоотой талаараа Холбооны Мөрдөх Товчоонд мэдүүлэг өгсөн юм.
2019 онд Жо Лоу АНУ дахь 700 гаруй сая долларын хөрөнгөө Малайзын засгийн газарт буцааж өгөхөөр тохиролцож байв.
Жо Лоу гэж хэн бэ? Хятад гаралтай Малайзын санхүүч. 1MDB-ийн хэргийн бас нэг гол тоглогч. Хэдийгээр тус компанид албан тушаал хашдаггүй ч энэ хэрэгт маш чухал үүрэгтэй оролцсон. Олон улсын нэр нөлөө бүхий холбоо сүлбээгээ ашиглан 1MDB компаниас гарган авсан мөнгөөрөө хээл хахууль өгч, үнэтэй урлагийн бүтээлүүд, тансаг орд харш, усан онгоц зэргийг худалдан авч, Холливудын оддыг санхүүжүүлдэг байсан гэж түүнийг буруутгадаг.
Холливудын одод – Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприогийн тоглосон “The Wolf of Wall Street” киног Нажибын эхнэр Розмагийн хүү Риза Азиз ивээн тэтгэсэн байна. Уг кино тухайн жилдээ буюу 2013 онд “Алтан бөмбөрбөг” шагнал авахад Ди Каприо ноён Жо Лоу болон Риза Азиз нарт талархаж буйгаа илэрхийлж байжээ. Жо Лоу Леод Пикассогийн алдартай бүтээлийг хүртэл бэлэглэж байж. Үүгээр ч зогсохгүй Жо Лоу гэгч нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй супер модель Миранда Керр, зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон нартай зугаацаж, 1MDB компаниас гаргаж авсан мөнгөөрөө тэдэнд тансаг үнэт эдлэлүүд бэлэглэсэн байдаг. Загвар өмсөгч Эмили Ратажковски Жо Лоутай хамт кофе уусныхаа төлөө 25000 доллар бэлгэнд авчээ.
()
Discussion about this post