Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир орчуулагч Г.Амарын нутаг буюу Дорнод аймгийн Цагаан-Овоо сумынх билээ. Түүний Daily News сонинд хэвлүүлсэн Г.Амартай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
– Таны бие сайн уу, тэтгэвэрт гарснаас хойш юу хийж байна даа?
– Бие гайгүй ээ. Зүгээр байсангүй, ганц нэг ном орчууллаа. “Соёмбо” хэвлэлийн газар маань үгүй болж, цагаан сараар бусдын адил урьдаг газар ч үгүй болсон. Улсын хэвлэлийн газар гуч гаруй жил ажиллахдаа Ж.Цэвээн гуайгаас бусадтай нь ажил төрлийн холбоотой байсны хувьд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, М.Цэдэндорж, Ч.Чимэд, Б.Энэбиш гээд олон нэртэй орчуулагчдын тухай хориод хүний хөрөг дурсамж бичлээ. Өөрөө амьд байгаа дээрээ мартагдах шахсан мундаг орчуулагчдынхаа Монголын уран зохиолд хийсэн бүтээснийг нь сэргээх зорилгоор бичсэн. Жорж Сименоны нэг тууж орчууллаа. Бас урьд нь хэвлүүлсэн орчуулгын Дэнзэн Норгэйн “Цаст уулын барс” номоо дахин засаж хэвлэлд бэлтгээд байна.
– Одоо үед орчуулга хийхэд амь амьжиргаанд тань хэр дэм болж байна даа?
– Амьдралд хүрэлцэнэ гэж байхгүй юм. Хүний амьдралын шаардлага цаг үргэлж ихсэж байдаг болохоор түүнийг гүйцнэ гэж үгүй. Хуучин тогтолцооны үед нэг хэвлэлийн хуудас ном орчуулахад 200-300 төгрөгийн ханштай байсан. Тэр үедээ их мөнгө байсан бол одоо өөр болжээ. Амьдралдаа нэмэр болгож л орчуулга хийх болж дээ. Тэтгэврээрээ амьдарна гэж юу байх вэ, байр, утасны мөнгөө төлөх гээд нэг лангуунаас нөгөө лангуу руу эргээд л дуусчих юм байна шүү дээ.
– Та анх хэдэн оноос орчуулга хийхээр зориглосон бэ?
– Багаасаа хэл сонирхон оролдож эхэлсэн. Тэр үед Чойбалсан хотод дайны дараахан монголчуудаасаа орос нь олон байсан. Тэгэхэд гудамжны зарлал, барааны нэр гээд бүх л зүйл оросоор бичээстэй байсан тул харж сонирхож явдаг байлаа. МУИС төгсөөд саналаа өгөхдөө хэвлэлийн редактор хийх хүсэлтэй гэсэн. Махмуд Таймур гэдэг хүний “Хувиа бодсон нь” өгүүллэгийг анх орчуулж “Хөдөлмөр” сонинд нийтлүүллээ. Энэ маань л уран зохиол орчуулах эхийг тавьсан гэж хэлж болно. “Хөдөлмөр” сонины эрхлэгч, зохиолч Лувсандашийн Бадарч их урам өгсөн дөө. Түүнээс хойш “Улаанбаатарын мэдээ” сонинд Хожа Насрэдины анекдот гэх мэт сонирхолтой янз бүрийн материал орчуулан нийтлүүлж байгаад 1959 оноос хойш жижиг хэмжээний ном орчуулан хэвлүүлж эхэлсэн.
– “Хөдөлмөр” сониноос анхны шагналаа авч байх үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?
– Сайн санахгүй байна, 15 төгрөг авч байсан байх аа. Тэр үедээ том шагнал байсан. Дотуур байрны оюутанд их мөнгө байлаа шүү дээ.
– Ном зохиол орчуулсаар анхны шүүмжлэлийг хэзээ сонсов?
– Виктор Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” нэртэй номын орчуулгын тухай Б.Ринчен гуайн “Зохиол ч биш, орчуулга ч биш” гэсэн гарчигтай шүүмжлэл гарсан. Энэ номыг Ж.Намсрай францаас орчуулж, би хэвлэлийн редактороор нь ажилласан юм. Франц хэл мэдэхгүй хүн чинь оростой нь тулгах маягаар редакторласан юм. Ном хэвлэгдсэний дараа Ринчен гуай “Парисын дарь эхийн сүм” биш, “Парисын эх дагинын сүм” гэж орчуулах ёстой гээд олон юмыг шүүмжилсэн дээ.
– Шүүмжлэл уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
– Шүүмжлэл надад их сургамж болсон. Юманд анхааралтай хандах хэрэгтэйг л ойлгосон. Орчуулагчид сохроор итгэж болохгүй юм байна. Орос хэлтэй нь тулгах, дорно дахиныхаа юмыг мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Шүүмжлэлийн тус нь хүнд сургамж өгөхдөө байдаг. Тэр тусмаа Ринчен гуайн шүүмжлэлийн өөдөөс юм хэлнэ гэдэг инээдэмтэй хэрэг шүү дээ.
– Шүүмжлүүлснээс хойш Ринчен гуайтай уулзаж байсан уу?
– Уулзахаар барах уу даа? Ринчен гуайтай нүүр тулсныг тоочвол тоогүй олон. Манай хэвлэлийн газраар хэд хоноод л орж ирнэ. Би ч гэрээр нь 2 удаа очсон. Эмнэлэгт байхад ВТ тамхи хоёр хайрцаг аваад очсон чинь “үгүй, үгүй нэг нь л байхад болно” гэхээр нь хоёуланг нь өгөөд гарч байлаа.
– Зохиолыг дээд газраас үүрэг болгон орчуул гэж өгдөг байсан уу, эсвэл өөрийн хүсэл сонирхлоор зохиолоо сонгодог байв уу?
– Өөрийн хүсэл сонирхлоор ихэнхдээ орчуулдаг байсан. Далаад оны үед социалист орнууд орчуулах, нийтлэх номоо нэгдсэн төлөвлөгөөгөөр орчуулж эхэлсэн нь нэг талаар их хүлээстэй болсон. Жишээ нь, Ялалтын номын сантай болно гэхэд тэдгээр орноос зохиолын нэрсийн жагсаалт ирнэ. Түүнийг орчуулагч нарт хувааж өгдөг байлаа.
– Хамгийн их зовж орчуулсан ном юу вэ?
– Орчуулахад хамгийн хүнд нь Ф.Достоевскийн номууд гэж хэлж болно. “Дорд үзэгдэгсэд” роман орчуулахад үг нь ойлгомжтой атлаа утга нь өөр байдаг. Толь бичиг харахаар нэг үгийг 4-өөс 5 янзаар тайлбарласан байхад түүний 4, 5-дугаар утга нь дүйцэж байх жишээтэй.
– Орчуулахад урамтай зохиол гэж байдаг уу? Ер нь тухайн зохиолчийн номыг орчуулаад гаршина гэж ярьдаг, тийм зохиолч бий юу?
– Орчуулагч Доржготов зөвхөн Майн Ридийг орчуулдаг. Тэгэхээр гаршдаг байх л даа. Миний хувьд гэвэл нэг хүний бүтээлийг дагнан орчуулсан зүйл байхгүй. Уншигчдын сонирхлыг харж орчуулдаг байсан. Мопассаныг орчуулахад урамтай юм уу гэж бодож байсан. “”Хонгор найз”-аас гадна жараад онд “Туяа” сэтгүүл гэж байхад хэдэн өгүүллэгийг нь орчуулж хэвлүүлсэн юм.
– Өдөрт хэдэн хуудас орчуулна гэсэн төлөвлөгөө гаргадаг байв уу?
– Би хувьдаа төлөвлөгөө гаргадаг, өдөрт 4-6 нүүр орчуулдаг байсан. Төлөвлөгөө гаргахад урьд нь номоо уншсан байх хэрэгтэй л дээ. Өглөө хийх юмаа урьд орой нь уншдаг. Өглөө 5 цагт босоод цонхны ойр байгалийн гэрэлд сууж бичих нь сайхан байдаг.
– Та толь бичиг хэр зэрэг хардаг вэ?
– Орчуулга хийж байгаа хүн толь бичиг барихгүйгээр хийнэ гэж бараг үгүй. Ринчен гуай шиг орос хэлийг язгуураар нь мэддэг бол өөр хэрэг. Надад орос хэлний хангалттай толь бичиг бий. Толь бичиг гэдэг маань яндашгүй их далай юм. Дээр үеийн манай зохиолчид Шагжийн толь уншдаг байсан, тэр бол тун ч утга учиртай зүйл байж дээ. Манай залуучууд, ялангуяа сэтгүүлч, зохиолч, орчуулагч болох хүсэлтэй хүмүүс тийм аргыг хэрэглээсэй.
– Танд орчуулахыг хүсэж байсан зохиол байсан уу?
– Бие сэтгэлийн тэнхээтэй байхдаа ийм ч ном, тийм ч ном орчуулах юмсан гэж боддог л байлаа. Миний нэг харамсаж явдаг зүйл гэвэл Жорж Сандын “Консуэло” романы 3-дугаар дэвтэр буюу “Рудольштадт гүнж”-ийг орчуулж амжаагүй явдал. “Консуэло”-г уншсан олон хүн захидал ирүүлсэн, одоо түүнийг барьж авч чадахгүй.
– Сүүлийн үед хэл маань хөгжлөө дагаад өөрчлөгдөж байна уу даа.
– Монгол хэлд сүүлийн үед гадаад үг их орж ирж байна. Энэ бол зүй ёсоороо орж ирж байгаа гэж боддог. Гэхдээ цагдаагийн газар гэхэд Police гэж бичнэ гэдэг огтын хэрэггүй зүйл. Аймгийн сонин гэхэд Хэнтийн Ньюс, Архангай таймс гэсэн нэртэй болчихсон байна. Ингэж нэрлэх ямар хэрэг байх вэ дээ. Юмыг бодож нэрлэх хэрэгтэй, үүнийгээ хөгжиж байна гэвэл андуурал. Монгол хэлээ, улс үндэстнээ дорд үзэж байгаа хэрэг шүү дээ.
()
Discussion about this post