Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр өрөөсөн нүдээрээ ч үзэхээ байсан үе бий. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил”-ыг анх “харж”, тойрсон хэрэг маргааныг Ц.Элбэгдоржийн захиалгатай гэж тэрээр үздэг нэгэн.
Тэрбээр 2016 онд “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн юм.
Н.Алтанхуяг тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхийн ажлаа өгөхөд Эбэ нь “Энэ нэг юм ингээд саарийтал өргөдөл бичээд ороод ирдэг юм” гэж байсан. Мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ном бичиж байгаа талаар цахим хуудастаа бичихэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнд ихэд эгдүүцсэн.
Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай” гэсэн байна. Үүний хариуд Ц.Элбэгдорж “Энэний бичих гэж юу байхав. Нохой ч тоож шиншлэхгүй. Зассан эзэндээ янаг гэж. Эзнээ илчлэхээ, шорондоо хийсэн 14-ийн нэрийг дурьдахаа мартав. Харин нийтлэлч Баабар 14-өөр ном бичиж буй юм билээ. Баримт сураглаад байсан. Баабарыг бүх юм ул болоход ч 100, 200 жилийн дараа ч уншина” гэж байсан юм.
Мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг. АН-ынхан нийлж нэг, тарж нэг хуралдаад л, анх АН нам, ЖАН /Женкогийн АН/ гэж байсан ч сүүлдээ хэн нь хэнтэйгээ нийлээд байгаа нь мэдэгдэхээ байсан. Ямартаа ч үргэлж ялагдаж, намдаа ч иргэдэд ч нэр нүүргүй болж яваа гэхэд хилсдэхгүй С.Эрдэнэд АН-ын тамга бий.
Эх булингартай бол адаг нь булингартай гэгчээр УИХ дахь бүлэг нь бас асуудалтай. 10 гаруйхан хүнтэй бас гэдсэндээ хөлөө жийлцэж, АН-ын бүлгийн даргаар “лапша, аарцны” Цогтгэрэлийг болголоо гэсэн. Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нь “…Өрөөгөө өгөхгүй” гэж гэдийсэн. Одоо ч өрөөгөө өгөөгүй л явна. Тэр ч бүү хэл, тамгаа өгөөгүй гэх. Тиймээс О.Цогтгэрэлд УИХ-ын дарга шинэ тамга өгчээ. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг ч бас хоёр тамгатай болсон сурагтай.
АН-ын лидер хэмээх нөхөд ч эргэж буцаж, намын асуудалд хутгалдамтгай болсон. С.Баярцогт АН-ын дарга болох тухай яриа хүчтэй гарч буй. “Экс” Элбэгдорж 2022 оны есдүгээр сарын 29-нд Н.Алтанхуягийн оффист очиж уулзсан аж. Тэр өдөр АН-ын нөлөө бүхий гишүүд Шангри Ла-д уулзсан, дараа нь Эбэ, Алтанхуяг хоёр уулзжээ. Дараа нь С.Баярцогт 10 дугаар сарын эхээр Н.Алтанхуягтай очиж уулзсан байна. Тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн оффист нь очиж уулзжээ. Амьд ат айхын үлгэрээр Ц.Элбэгдорж АН-д нөлөөтэй. Адаглаад л “АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг тэр мэднэ” гэх. С.Баярцогтын хувьд АН-ын дарга болохоор сэтгэл шулуудаж, ажиллаад эхэлсэн. АН-ын энэ маргаан хэзээ эцэсэлж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх юм бол доо…
()
Discussion about this post