Б.ДАМДИН-ОЧИР
“Цагаан шонхор холдинг” ХХК-ийн захирал Ч.Энхтайвантай ярилцлаа.
-Таныг өнгөрсөн долоо хоногт Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулагчийг “гомдоосон” хүмүүсийн нэгээр зарласан. Та үүнийг эсэргүүцэж хууль хяналтын байгууллагад хандсан гэж сонслоо?
-Тэгсэн. Миний бие ажлын шугамаар гадаадад явж байсан. Тэр үед, тодруулбал 2022 оны аравдугаар сарын 28-нд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Тэр үеэр “…Ажлын хэсгээс 77877768 тусгай утасны дугаар нээж, олон нийтээс мэдээлэл авсан. Тэр дугаарт 8878…. …. утаснаас “…Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Хятадын хөрөнгө оруулалттай “Эф Жи Пи Эм” компани нь жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ч.Энхтайван нь компанийн 50 хувийн хувьцааг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаа явуулах нөхцлийг алдагдуулсан гэх мэдээлэл ирлээ” гэж зарласан байсан. Товч бөгөөд тодорхой хэлэхэд энэ бол зохион байгуулалттай, учир утгагүй гүтгэлэг. Нэр бүхий хүмүүс зориуд сэдэж, зохион байгуулсан гүтгэлгээ төрийн өндөр албан тушаалтанд хүргэж чадсан. Улмаар 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн мэдээллийн материалд оруулсан. Ингэснээр тэрхүү илтэд худал мэдээлэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэг шүүлтүүргүй тараагдсан. Тиймээс би “…8878.. ..дугаарын утсаар уг гүтгэлгийг өгсөн, мөн олон нийтэд мэдээлэл болгож тараахад оролцсон этгээдүүдийг олж тогтоон, хуулийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдлоо хууль, хяналтын байгууллагад гаргасан.
-Хүмүүс тэр мэдээллийг албан ёсных гэж үзэж байна шүү дээ?
-Тайлбарлая. Нэгдүгээрт, уг мэдээлэлд дурдсан “Эф Жи Пи Эм” ХХК-ийг би өөрөө үүсгэн байгуулсан. Компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч нь би байсан юм. Сүүлд тодорхой тохиролцоо, гэрээний дагуу компанийнхаа 70 хувийн хувьцааг БНХАУ- ын нэгэн хувьцаа эзэмшигчид шилжүүлсэн. Тэр хүн өөрийн найзаа нэмж оруулсан. Одоо би “Эф Жи Пи Эм” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг. Ийм байхад би дээрх мэдээлэл гэгчид дурдсан шиг өөрийнхөө хувь эзэмшдэг “…“Эф Жи Пи Эм” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмших зорилгоор дарамт шахалт үзүүлэх” ямар ч шаардлагагүй биз дээ. Тэгэхээр огт тийм үйлдэл хийгээгүй гэсэн үг.
Үүнийг хуулийн байгууллагууд тогтоох ёстой. Би энэ талаар л хуулийн байгууллагад хандчихаад байгаа юм. Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн нутагт жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг “Эф Жи Пи Эм” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд анх манай компанид хөрөнгө оруулж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах, харилцан ашигтай, шударгаар ашиг хуваарилж ажиллах нөхцлөөр хувьцаа эзэмшиж, компанийн үйл ажиллагааг удирдан явуулах гэрээ байгуулсан. Гэтэл тэд өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг Монголд төрж өссөн БНХАУ- ын иргэн эмэгтэйгийн хамт арваад жилийн турш олон удаа итгэл эвдсэн. Анх байгуулсан гэрээгээ зөрчиж, компанийн үйл ажиллагааг зогсоож миний эрх ашгийг хохироож байсан. Мөн тэд удаа дараа Монгол Улсын хууль тогтоомжууд, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Тиймээс өмнө нь МХЕГ, Сүхбаатар аймгийн МХГ-ын шалгалтаар акт тавиулж үйл ажиллагааг хаалгаж байсан. Улмаар 2021 онд 18 төрлийн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул уурхайн үйл ажиллагааг хаасан байна лээ. Тэгэхээр нөгөө хувьцаа эзэмшигчид маань гэрээгээ зөрчсөн. Харин надад хуулийн байгууллагад хандах, хохиролоо төлүүлэх, эсвэл шилжүүлсэн хувьцаагаа буцааж нэхэмжлэх хууль ёсны эрх үүснэ биз дээ. Гэхдээ би тэгээгүй. Байдлыг харзнасан. Гэтэл явсаар байгаад тэдний буруутай үйлдлээс болж уурхайг хаалгаж, цаашид хууль бус олборлолт явуулах аваас тус орд уурхайг хураалгах эрсдэлд оруулсан. Ийм л явдал болсон. Хамгийн гол нь, ийм байтлаа яагаад намайг “…Үйл ажиллагаа явуулах нөхцлийг алдагдуулсан” гэсэн худал мэдээллийг утсаар өгсөн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Товчхондоо, Ч.Энхтайван миний буруугаас болж “…Уурхайн үйл ажиллагаа явуулах нөхцөл алдагдуулсан” гэдэг нь худал гүтгэлэг гэдэг нь тодорхой байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын ажлын хэсгийн тусгай дугаар руу 8878…. утаснаас залгаж дээрх мэдээллийг өгсөн хүмүүс хохирогч уу, аль эсвэл би хохирогч уу гэдэг тодорхой байгаа биз дээ.
-Та яагаад хохирогч болчихов оо. Жаахан тодруулахгүй юу?
-Намайг 2020 онд ковидын хорионд ороод гадаадад байх хугацаанд “Эф Жи Пи Эм”ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигчдийн зүгээс “…Компани алдагдалтай ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй байгаа тул ашиг хуваарилахгүй” гэж мэдэгдсэн. Уг нь гэрээ ёсоор бол “…Бүх хөрөнгө оруулалтыг тэд оруулна” гэж тохиролцож 70 хувийн хувьцааг эзэмшсэн байсан. Гэтэл тэд маань өөрсдийн гэрээлсэн олборлолтын компанийнхаа хөлсийг өгөхгүй байсан байгаа юм. Түүнээс болж хоорондоо муудалцаад цагдаа, шүүхэд шалгагдсан. Одоо ч хууль хяналтын байгууллага дээр тэдний асуудал явж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин тэр явцад хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хятад эмэгтэй нь компанийн орлого болох олон тэрбум төгрөгийг хувийн данс руугаа шилжүүлж авсан байсан. Бас Монгол Улсын татварын тухай хуулийг зөрчиж, улсыг хохироосон. Хувьцаа эзэмшигч миний ашгийг ч өгөхгүйн тулд орлого нуусан худал тайлан гаргаж өгсөн зэрэг олон зөрчил илэрсэн. Иймээс би хохирчихоод байгаа юм. Үүнээс гадна, хамгийн харамсалтай нь дээрх мэдэгдлээс болж би нэр хүндээрээ хохироод байна. Энэ нь “…Нэр хугарахаар яс хугар” гэдэг өвөг дээдсийн сургаалийн дагуу олон жилийн их хөдөлмөр зүтгэлийн хүчинд хөрөнгө оруулагчдадаа бий болгосон итгэл үнэмшлийг маань үгүй хийж байна. Тухайлбал, энэ явдлаас болж урт хугацааны туршид үргэлжилсэн дөрвөн гэрээ цуцлагдсан. Манай компанийн 70 хувийг эзэмшиж байсан хүмүүс өнгөрсөн 10 жилд олон удаа намайг хохироочихоод эцэст нь гүтгэлээ. Товч хэлэхэд, тэд Монгол Улсын хууль тогтоомжийг зориуд зөрчсөн үйлдлээ нуун далдлах, хариуцлагаас зайлсхийхийн тулд өөрсдийнх нь эрх ашиг зөрчигдөж байгаа мэт, үүнд нь хэн нэгэн, тэр дундаа намайг буруутай мэт дүр зураг бий болгохыг оролдож илт худал мэдээллийг өгсөн. Засгийн газар, ХЗДХЯ-наас ийм арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа мэдээд хохирсон хүний дүрд тоглож байгаа л үйлдэл юм. Түүнээс нь болж би нэр хүнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирлоо. Тийм учраас хууль шүүхэд гомдол гаргахаас өөр зам үлдсэнгүй.
-Тэгвэл та яагаад өнгөрсөн 10 жилийн турш тэднээс гэрээгээ цуцлах, хувьцаагаа буцааж авах оролдлого хийгээгүй юм бэ. Таныг хэнд ч дээрэлхүүлэхгүй, ийм байдалд орчихгүй хүн гэж ярьдаг шүү дээ?
-Бид хуулийн засаглалтай улс оронд ажиллаж амьдарч байгаа юм бол хуулийн дагуу амьдрах ёстой. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид “…Монголын төр засаг нь байн байн хуулиа өөрчилж хөрөнгө оруулагчдыг хохироодог. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд, хууль хүчнийхэн, бизнес эрхлэгчид нар бараг бүгдээрээ, дээрээс нь ард иргэд, иргэний хөдөлгөөнүүд гэдэг нэртэй мафийн бүлэглэлүүдтэйгээ нийлээд гадаадын хөрөнгө оруулагчдыг олон янзын аргаар дээрэмддэг. Өмч хөрөнгө, орд уурхайнуудыг нь булаадаг. Ямар нэгэн аргаар татвар өгөхгүй бол үйл ажиллагааг нь зогсоодог гэх мэт түмэн аргатай” гэж ярьдаг. Бас “…Төр засаг нь дуудлага худалдаагаар лиценз олгохоор нь итгээд олон жил асар их хөрөнгө мөнгө зарцуулж хайгуул хийгээд ихэнхдээ шатна. Шатаж шатаж, аз гийж орд илрүүлээд хуульд нь заасан олон бичиг баримтыг бүрдүүлээд олон шатны хүнд суртлын дамжлагуудаар нь явж явж, эцэстээ багийн хурал гэдэг айхтар газар дээр заримдаа хэдэн жил гацна. Багийн иргэн бүр нь сар бүр сая сая төгрөг өгөхийг шаарддаг. Ямар сайндаа л Засгийн газар нь эрчим хүчний хараат байдлаас гарах гээд усан цахилгаан станц барих гээд гадаадын санхүүжилттэй иргэд, хөдөлгөөнүүдийг дийлэхгүй байгааг бид зунжин харлаа” гэж байна. Эсвэл “…Олон жил дув дуугүй хайгуул хийлгэж өчнөөн хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулаад ашиглалтын лиценз авах гэтэл “…Танай лицензтэй газарт уулсын жалганы ус бороотой үед урсдаг юм байна” гээд яг хайгуул хийж нөөцөө батлуулсан газрыг нь Урт нэртэй хуулиар таслаад авчихдаг. Танай улс чинь лицензээ олгочихоод, худалдчихаад дараа нь иймэрхүү олон янзын аргаар дээрэмдэж булааж авдаг. Эрх мэдэлтэй хүмүүс нь, эсвэл улс нь авчихдаг. Аль ч улсын уулсын жалга сувгуудаар бороо хуртай үед шар усны үер ус урсдаг шүү дээ. Гадаад улсуудад стратегийн чухал орд уурхайнуудыг ашиглуулахын тулд байнга урсгалтай гол мөрний гольдролыг нь өөрчлөхийг ч зөвшөөрдөг. Танайх улс нь газраа мэддэг хуультай болохгүйгээр уул уурхай хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар ч боломжгүй” гэдэг. Үнэхээр ч хэдхэн жилийн өмнө иргэний хөдөлгөөн нэртэй дээрэмчид гадаадын хөрөнгө оруулалттай уурхай дээр очоод мөнгө төгрөг нэхээд өгөхгүй болохоор нь галт зэвсэг ашиглаж машин техник рүү нь буудсан. Тэгэхэд тухайн үеийн хууль хүчний байгууллагын удирдлага нь “…Төрийн хар хайрцагны бодлогоор манай шилийн сайн эрчүүд хүчээ харуулах хэрэгтэй” гэж өөгшүүлдэг байсан” гэж гадна дотныхон ярьцгаадаг байсан. Дээрээс нь сонгууль ойртохоор сайд, гишүүд нь попорч, байгаль, газар нутагтаа хайртай хүн болж хувирдаг. Баахан лиценз олгосон газруудыг тусгай хэрэгцээнд авах нэрээр дээрэм хийнэ. Энэ мэтээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бэрхшээл зовлон гэж барагдахгүй. Наад захаас нь ярихад ийм байна. Цааш нь яривал барагдахгүй. Ер нь бол гадаадын аль ч улсын албан байгууллага, компани, хөрөнгө оруулагчид харилцаа тогтоож байгаа улсынхаа төр, засгийн аливаа мэдэгдэлд итгэх нь ойлгомжтой. Нөгөө талаас, яг ийм зовлон гадаад, дотоод гэлтгүй бизнесийнхэнд тохиолддог. Гадаадын хөрөнгө оруулагчид бол хаяад гарчихна. Тэгээд олон улсын шүүхээс шийдвэр гаргуулж, асар олон сая ам.долларын хохирол нэхэмжилнэ. Үүнд нь манай улсын Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийн байж байгаа байдал ч нөлөөлж байгаа юм. Тэд бараг өдөр бүр телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “…Чи их идсэн, би бага идсэн” хэрэлдэж байна. Тэр нь цаашаа, гадаадын улс орнууд руу зарлагддаг. Ийм улс орон байдаг юм уу. Тэгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин дотоодын хөрөнгө оруулагчид бол хөөрхий минь шүүхдэж л азаа үзнэ.Урьд нь манай шүүх харьцангуй шударга, хуулийн дагуу ард иргэдийн талдаа шийддэг байсан. Өмнөх хоёр Ерөнхийлөгчийн үед тэдний гар хөл болдог шүүгчээр дүүрсэн. Шударга шүүх устах аюулд орж, дээрмийн байгууллага болсон. МАНАН мафи байгуулагдаж юу ч хийхээс буцахгүй, боловсролгүй дээрэмчдийг хууль хүчний байгууллагын удирдлагаар томилдог болсон. Тэгж байгаад гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгч нарыг чөлөөтэй дээрэмдэж эхэлсэн. Сүүлдээ Монгол Улсын өөдтэй өнгөтэй орд уурхайнууд, үйлдвэрүүдийг бүгдийг дээрэмдсэн. Тэдний төлөвлөгөө нь Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлдэг гол гол үйлдвэр уурхайг бүгдийг нь дээрэмдээд, нам дамжин насаараа ноёрхох байсан гэдэг нь тодорхой байдаг. Дараагийн дээрэмчин, хулгайч нөхөр сайд байхдаа гадаадын улсын даалгавраар Монгол Улсын хөгжил дэвшлийг гацааж, улс орны мөнгө хөрөнгийг элдвийн аргаар хулгайлж идэж уучихаад шоронд орохгүйн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж “…Монгол ялна” гэж ташуур барьж, монгол сайн эрийн дүрд тоглож байгаад сонгогдож гарч ирсэн. Тэгээд МАНАН гэх мафийн системийг бүр төгс болгож, шинэ толгойлогч нь болж, улс орон, бизнес эрхлэгчид, компаниудаа чөлөөтэй дээрэмдсэн. Харамсалтай нь, иймэрхүү мэдээ баримтыг байнга сонссоноор байгаад Монголын ард түмэн дасал болсон. Харин гадаадынхан ихэнх нь хаяаад явсан. Иймээс миний бие гадаадын хөрөнгө оруулагчдаа дээрэмдсэн нэр зүүхгүйн тулд л 10 жиийн турш тэвчиж, ойлголцохыг хүсч ирсэн юм. Гэтэл өнөөдөр өөрөө гүтгүүлж том хохирол амслаа.
-Тэгэхээр түншүүд чинь таныг хохироочихоод дээрээс нь гүтгэх ямар шаардлага байгаа юм бол?
-Олон тэрбум төгрөгийн олборлолт хийж, орлогоо хувийнхаа дансаар дамжуулан авч хуурамч татварын тайлан тушааж, миний ашгийг шамшигдуулсан гэх мэт үйлдлүүд нь илэрсэн. Сандарсан байх. Тэгээд Засгийн газрын явуулж буй “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах” компанит ажлын хамгаалалтад орж хэргээс мултрах оролдлого хийсэн байна гэж би ойлголоо. Мөн сүүлийн хэдэн өдөр судалгаа хийж, мэдээлэл цуглуулж байхад Монголд амьдардаг зарим хятад цагаач иргэд, өвөрмонголчуудын бүлэглэлүүд байдаг юм байна. Тэд Хятадын хөрөнгө оруулагчид, компаниудын болон монголчуудын сэтгэлгээ, зан авир, бодлогыг маш сайн судалчихсан юм байна. Тэгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх зорилгоор ирсэн Хятадын иргэд, компаниудын удирдлагуудад үйлчилж, итгэлийг нь олоод “…Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад маш хэцүү. Монгол хүмүүс найдваргүй хулхи, дээрэмчин” гэж итгүүлдэг. Мөн “…Хятад улсад дарга нартай ойрхон хүмүүс маш амжилттай бизнес хийдэг” гэдэг хятадуудын уламжлалтай сэтгэлгээг ашигладаг. Өөрсдийгөө “…Монгол Улсын төрийн гурван өндөрлөгөөс эхлээд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг сайн таньдаг, найз нөхөд , ах дүү болсон” гэдэг үлгэр домог ярьж итгүүлдэг. Тэгэхийн тулд тэдэнтэй хамт авахуулсан зургууд үзүүлэх зэргээр итгүүлдэг гэж байгаа юм. Мэдээж хэрэг, ихэнх зураг нь хуурамч, эвлүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Гэвч бас тэдэнтэй жинхэнэ холбоотой болчихсон хүмүүс ч байдаг бололтой байгаа юм. Тэд нартаа байнга бэлэг сэлт зөөж мөнгө төгрөгөөр угждаг. Тиймээс тэднээс хариу үйлчилгээ авдаг нь ойлгомжтой. Түүнээс гадна дарга нартай уулзуулахад тогтчихсон ханштай байдаг юм байна. Мэдээж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзуулахад хамгийн өндөр ханштай. Ихэнх нь мөнгөө өгөөд хэдэн сар хүлээж байгаад хууртагдсанаа ойлгодог гэж байгаа юм. Хамгийн аюултай нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нь авч “…Та нар монголчуудтай ажиллаж чадахгүй. Би ажиллаж чадна. Харин та нар надад цалин өгөхөд болно” гэж ятгаж байгаад бүх үйл ажиллагааг өмнөөс нь төлөөлж явуулах итгэмжлэлийг нь авдаг. Тэгээд хөрөнгө оруулагчдынхаа нууцыг мэдэж аваад гартаа оруулдаг. Эсвэл Монгол Улсын хууль дүрмийг мэдэхгүйг нь ашиглаж хууль зөрчүүлэх үйл ажиллагааг зориудаар хийлгүүлж, түүнийгээ баримтжуулах гэх мэтээр гартаа оруулдаг. Давраад, нөгөө итгэмжлэлээ ашиглаж хөрөнгө оруулагчдаасаа мөнгө хөрөнгө хулгайлж, луйвардчихаад бүх бурууг монголчууд руу чихдэг. Ийм үйлдлүүд нь цаашдаа хоёр орны харилцаанд сэв суулгах аюултай. Зарим хөрөнгө оруулагчаас итгэмжлэлийг нь авчихаад таньдаг хууль хүчний байгууллагынхнаараа “хар тамга” даруулаад Монгол Улсаас хөөлгөдөг. Энд үлдэж байгаад, итгэмжлэлийг нь ашиглаж орд уурхай, хөрөнгийг нь завшдаг үйлдлүүд их болсон. Ийм жишээнүүд их дуулддаг. Манай “Эф Жи Пи Эм” ХХК дээр ч хоёр хувьцаа эзэмшигчийг төлөөлөх итгэмжлэлийг авсан Монгол Улсад төрж өссөн Хятадын иргэн Юан Мао Жин гэдэг эмэгтэй бий. Монгол нэр нь Алтантуяа гэдэг гэж байгаа юм. Тэр эмэгтэй ийм үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдэж авсан. Үнэхээр ч хоёр хөрөнгө оруулагч маань тэр эмэгтэйг шүтчихсэн, үгнээс нь огт гардаггүй луйвардуулсаар л ирсэн юм билээ. Тэр эмэгтэй өөр хөрөнгө оруулагчдыг иймэрхүү маягаар дээрэмдсэн тухай мэдээлэл бас байна. Тэгэхээр бид “…Гадаадын хөрөнгө оруулагч нэрний ард луйварчид их байдаг” гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна. Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр дангаараа хөгжих боломжгүй. Тийм учраас бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ бас болгоомжлох ёстой юм байна. Хөрөнгө оруулагчдыг луйвардчихаад монголчуудад тохдог этгээдүүдээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг энэ дашрамд хэлчихье.
-Та хууль хяналтын байгууллагад хандлаа, үр дүн гарна гэж найдаж байна уу?
-Миний хувьд ямар байдлаар хохирч байгаагаа хэллээ. Гэхдээ намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Ч.Энхтайван гэдэг хүн хэн бэ, ийм зүйл хийх хүн мөн үү, биш үү гэдгийг мэднэ. Гэхдээ энэ нь ганц миний асуудал биш болчихоод байгаа юм байна. Баримт нотолгоонд тулгуурлаагүй, зориуд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл бэлтгэж, түүнийгээ төрийн өндөр албан тушаалтны мэдээлэлд оруулах нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, дотоодын бизнесмэнүүдийн нэр хүндэд халдсан хэрэг болж байна. Цаашилбал, Монгол Улсын нэр хүнд унахад хүрч, Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд болон Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс л би “…8878.. .. дугаарын утсаар уг гүтгэлгийг өгсөн, мөн олон нийтэд мэдээлэл болгож тараахад оролцсон этгээдүүдийг олж тогтоон, хуулийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргасан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 216 (6948)
()
Discussion about this post