-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Таныг дуу дуулахгүй байна гэсэн хүлээлт байна. Хөдөө орон нутагт дуурь үзээд байх боломжгүй болохоор таныг их үгүйлдэг?
-Бид чөлөөт уран бүтээлч шиг тийм ийм цомог гаргана гэж явж чаддаггүй. Дуурийн театртаа ажиллана, сургуульд багшилна, театр сургууль хоёрын хооронд явж байдаг. Сая “Трубадур”-т дууллаа, сурагчийн өвлийн амралт эхэлсэн болохоор одоо жаахан амсхийж байна. Хувийн уран бүтээлийн хувьд өнгөрсөн жил хоёр CD гаргаж, гурван сард нэг тоглолт хийсэн. Жил өнжиж тоглолт хийдэг Энэ жил өнжинө. Олон ч концерт тоглолоо, боллоо. Залуучууд тоглог. Гэхдээ үндсэн дуурийн ажил зогсоогүй л дээ. Шинэ жүжигт дуулах хэрэг гарвал дуулна. Өөрөө дотроо бодсон юм бий. Зөндөө олон дуу ирдэг. Дууны чанар муудсан гэхэд ч хаашаа юм, би өөрийнхөө үеийн зохиолчдыг хүлээн зөвшөөрдөг. Яахав ганц нэг гайгүй зохиолчдод дуу захих маягтай, үзэж байгаад л дуулна л даа. Дуу их олон болсон, тэр хэрээр сайн шүүж байж дуулахгүй бол миний хувьд шаардлага хангах дуу бага байдаг. Тийм учраас өнгөрсөн жил CD-ндээ оруулсан дууныхаа 70 хувийг хуучин дуунаас оруулсан, сэргээж дуулах маягтай. Энэ жил видео кино концерт хийх зорилготой байна. Би 1996 онд “Би монгол бүсгүй” гэдэг кино концерт хийж байсан. Тиймэрхүү кино концерт хийе гэсэн бодол байгаа. Их мөнгө ордог юм билээ. Одоо юмны үнэ их нэмэгдсэн бүр их зардал гарах байлгүй. Гэхдээ болгоно гэж бодож байна.
-Таныг юм хийнэ гэхээр дэмжих туслах хүн олон гарч ирэх байх аа?
-Хөөрхий сайхан сэтгэлтэй, урлагт хайртай хүмүүсийн буянаар явж ирлээ ш дээ. Бид мөнгө төгрөг олох нь бага. Урлагийг, намайг хүндэлдэг хүмүүст үргэлж баярлаж явдаг. Тэр хүмүүсийн буянаар 5 цомог гаргалаа, 20 гаруй бие даасан тоглолт хийлээ. Кино концерт бүгд тэр хүмүүсийн ивээн тэтгэлгээр бүтсэн. Ямар надад юм өгөх албатай биш. Ер нь урлаг, спортод мөнгө зориулдаг хүмүүст баярлаж явдаг. Хориод жил дууллаа, одоог хүртэл миний дууг сонсох гэдэг ард түмэндээ баярладаг.
-Ардын жүжигчин цолыг нэлээд залуудаа авсан гэгддэг. Үүнд эмзэглэдэг үү?
-Залуудаа биш ээ, ид сайхан үедээ авсан. Хориод жил дуулсан хүний өмнө нүүр бардам үе, цаашдаа ч их юм хийх жил үлдсэн үедээ авсандаа л гэж боддог. Хүний урам гэж сайхан юм. Зарим улсууд төмөр энэ тэр гэж л байдаг. Төрдөө үнэлүүлэх сайхан. Тэр тусмаа албан байгууллагаас шинэ жилээр өгсөн 30 мянган төгрөг маань надад их үнэтэй байдаг. Үнэлүүлнэ гэдэг нэр алдартаа биш, хүн чинь зүгээр нэг амьдраагүй юм байна шүү, төрд үнэлүүлж түмэндээ үзүүлэх юмтай гэж урамшдаг. Ардын цолтон олон биш. 100 дотор багтдаг юм шиг билээ. Дуурийн урлагт зүтгэж Ардын жүжигчин болсондоо баяртай байдаг.
-Дуурийн театрын цалин бага. Зохиолын дуу дуулаад явбал их орлого олдог ч нэр хүнд нь арай тааруухан байдаг уу?
-Би дууг муулахыг хүсдэггүй. Дуу их сайхан ш дээ. Дуурь бол дэлхийн урлаг, харин дууг бол бүх ард түмэн сонсож байна ш дээ. Дуун дотор том жижиг, дуулдаг сонсдог дуу гэж байх л даа. Дуу дуулж байгаа хүмүүсийг доод урлаг хийж байгаа гэж хэлэх дургүй. Тэд Монголын ард түмэнд үйлчилж байгаа. Дууны урлаг нэг хэсэг хөгжлөө, ямар олон дуучин гарч ирэв. Одоо шүүгдээд хэдхэн нь тунаад үлдлээ. Тэгэхээр ард түмэн сайн шүүгч. Нүүдэлчин монголчууд дуурь сонсож яваагүй. Дуурийг ойлгодог цөөн хүрээний улс байдаг. Дуурь байх ёстой, монголын урлагийн түвшинг харуулдаг. Нийт ард түмнээ тайтгаруулах, сэтгэлийг нь баясгах урлаг бол уртын сайхан дуу, ардын сайхан дуу, нийтийн дуунууд байна. Намайг дуу дуулж жижгэрлээ гээд буруутгах гээд байдаг Би дуу дуулснаараа буруудаагүй, дуурь дуулахад нөлөөлөөгүй. Харин дуу дуулснаараа олон сайхан үзэгчтэй болсон. Би дуурьт олон үзэгчдийг уриалан дуудаж авчирсан гэж боддог. Г.Эрдэнэбат, Энхтайван, Түвшинтөгс байна, манай Шүрээ “Тагтаа”-г их сайхан дуулсан. Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хүрэхгүй.Хүний сэтгэлийн утсыг хөндөж маш нарийн нугалаа гаргаж, сэтгэлээсээ дуулж байж ард түмэнд хүргэнэ. Би нийтийн дуу дуулснаар хаа ч очсон намайг таньдаг, Долгор дуучин гэж хүндэлдэг. Дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг. Тийм учраас дуу, дуурь гэсэн хоёр жигүүртэй явсандаа харамсдаггүй. Дуурийн дуучин гэдэг дэлхийн дуучин. Миний дуулдаг нотыг дэлхийн дуучин дуулж л байдаг. Ямар дуулж байна гэдгээрээ ялгаатай байдаг байх. Дуулсан дуугаараа олон тоглолт хийсэн, цомог гаргасан, сонгодгоор ч цомог гаргасан, олон концерт хийсэн. Надад одоо боллоо гэж сэтгэл ханах юм байдаггүй. Сонгодог дуурьтаа ч гэсэн ийм дүрд тоглох юмсан гэж мөрөөдөж, нэг сайхан дуу дуулчих юмсан гэж бодож явдаг. Дотроо бодсон юм олон байдаг.
-Нэг үе дуурийн дуучин ховор хэцүү байсан. Одоо олон сайхан дуучид гарч ирж байна?
-Манай залуучууд сайхан өсөж байна. Нэг бүтэн үе гарч ирж байна. Өндөр насны тэтгэвэрт гарлаа гэхэд сэтгэл хангалуун үлдэж болохоор маш сайн хөдөлмөрч, авъяастай залуучууд. Нэг үе хэцүү байсан. Ер нь бидний үеийнхэн их хэцүү үеийг давсан. 1984 онд төгсөж ирсэн, 1989-1990 онд Италид мэргэжил дээшлүүлсэн. Ирэхэд нийгмийн шилжилтийн үе таарч юун урлаг, дуурь бүх юм хэцүү болсон. Тэглээ гээд бид ажлаа хийж л байсан. Манай урлагийнхан номхон хүлцэнгүй улс гэж боддог. Багш эмч нар жагсаж байгаад цалингаа нэмүүлж байсан. Одоо хүртэл бидний цалин бага л байна. Гэхдээ ажилдаа үнэхээр дуртай. Олон сайхан дуучид хөгжимчид зах зээлийн үед бизнес хийгээд үүргэвч үүрээд явсан. Зарим нь ч эргээд ирсэн. Ороо бусгаа үед нь тэсээд театрыг өдий зэрэгтэй авч яваа найруулагчид, дарга нар, жүжигчдээрээ бахархдаг. Одоо бол гайгүй болж байна, төр бидэн рүү хялайгаад хардаг болж байна. Сайхан зохиолуудыг худалдаж авдаг болсон байна. Дуурь жүжгэнд зохих хэмжээний мөнгө өгдөг болж. Би бага гэж боддоггүй юм. Надад болоо гэж боддог. Монголд би ганцаараа бага цалин аваад явж байгаа юм биш. 1000 долларын цалин авдаг хүн Монголд байдаг юм билээ. Сайхан байна. Би 300 мянган төгрөгийн цалин авдаг, яахав болж байнаа. Аав маань “Шантрах үедээ түүнээс хэцүү юмыг бод.Хэрвээ ингэсэн бол би яахав гэж бод. Тэгвэл чиний шантраад байсан зүйл юу ч биш болно” гэж хэлдэг. Үүнийг л их санаж явдаг. Би дуу дуулахдаа АЖ хүн гэж сая саяар мөнгө нэхээд байдаггүй. Хаана амьдарч байгаагаа, ард түмний амьдрал ямар байгааг ямагт санаж явдаг.
-Таныг хэдийд ч харсан үргэлж сайхнаараа байдаг. Нууц нь юундаа байна.Та гоо сайхны мэс засал хийлгэсэн үү?
-Би нэг удаа арьсаа татуулъя гэж бодоод. Би арьсаа татуулаад хаачихав дээ. Үрчийж л байг. 50 гарчихаад байхад үрчийхгүй хаачих юм. Хамгийн гол нь эрүүл мэнддээ анхаарах гэж боддог. Би арьсаа татуулж үзээгүй, үнэтэй цайтай юм хэрэглээд байдаггүй. Нүүрэндээ түрхэх гоо сайхны бүтээгдхүүнд мөнгө харамгүй зардаг. Хоолойгоороо хоолоо олж иддэг хүний нүүр гайгүй байх ёстой гэж боддог, анхаарал ч тавьдаг. Япон Солонгосын косметикүүд Ази гэдэг утгаараа их тохироод байх шиг санагддаг. 8 сард л нэг гоо сайханд орсон. Одоо нэг оръё доо. Яг үнэнийг хэлэхэд гоо сайханд хэвтэж байх зав гардаггүй юм. Давхар ажил хийж байгаа, тэрэндээ түүртээд байх юм. Эсвэл би хувийн зохион байгуулалт муутай байж магадгүй. Ээж маань их гялгар ээмгэнд дуртай байсан. Би дууриагаад гялгар юманд дуртай. Яаж урлагийн хүн болсон юм. Тэгээгүй бол балрахгүй юу. Намайг хүн хүндэлж байхад эргээд хүндэтгэх ёстой гэж гоё платье, ээмэг зүүлт авдаг. Тоглолтон дээр манай Шүрээ их олон гялгар юм зүүчихээр бие нь баригдаад дуулж болдоггүй гэдэг. Би гялгар юмаа зүүгээгүй бол дуулж чаддаггүй. Хоёулаа энийгээ яриад бөөн инээдэм болдог юм. Хөдөө сумд очсон хүн цөөн юм чинь муу юм өмсчихье гэсэн бодол байдаггүй. Урдаас хараад сууж байгаа хүмүүст сайхан дуулж, сайхан хувцастай харагдах юмсан гэж боддог. Би их сайн оёдолчин үсчинтэй. Тэр хүмүүсийн тус их шүү дээ. Энхээ Нараа гээд мастер эсгүүрчин оёдолчин бий, Одноо гээд үсчин бий.
-Та хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалтай хамт амьдарч байсан. Саяхан бурхан болсон.Ер нь хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Бид хоёр хэдэн жил хамтдаа сайхан амьдарсан. Хүний амьдрал их зовлонтой ш дээ. Хүмүүс багаасаа гэрлэж 40, 50 жил амьдарлаа гэж ярих нь маш сайхан санагддаг. Надад тийм хувь тохиосонгүй ээ. Хүн болгон ижил замаар явахгүй ш дээ. Би Билэгжаргалаас салсан. Ахиж өөр амьдрал зохиосон. Үүнийгээ их муухай бузар булай зүйл гэж хэзээ ч хэлэхгүй. Хүний амьдрал алагтай цоогтой янз бүр байдаг. Би Билэгжаргалтай сууж байсныгаа миний амьдралын хар өдрүүд гэж хэлээгүй. Хэлэх ч үгүй. Бид сайхан үедээ сайхан байсан. Залуу зандан оюутан цагтаа ханилж, хэдэн хүүхдийн ээж аав болсон. Яахав таарч тохирохгүй болоод хоёр тийш болсон. Бор дарс хүртээд гундуу явахад нь миний сэтгэл өвддөг, хүүхдүүд маань ч санаа зовдог байсан. Хүүхдүүдээс гадна миний хань, миний ханийн хүүхдүүд хүртэл санаа зовдог байсан. Билгээгийн талаар сайн мэдээ дуулдвал бүгд л баярладаг байлаа. Зарим нь “Долгор салсан суусан хоёр нөхрөө хоёр талдаа суулгачихаад хоол идээд бахархаад суудаг” гээд л шүүмжилдэг. Бахархаад байх юу байхав. Салж сарнилаа гэж хонь чоно болж болохгүй, үр хүүхдүүдийнхээ талаар уулзаж ярих юм байдаг. Хэрэв нэг нэгнээ үзэж чадахаа больчихвол дунд нь хүүхдүүд хэцүүднэ. Билгээ сайн хүн, сайхан авъяастан байсан. Мөрөө тод үлдээсэн, Монголын ард түмэнд олон сайхан оюуны бүтээл өв үлдээсэн хүн. Даанч богинохон насаллаа даа хөөрхий. Хэрвээ байсан бол их л юм хийх байсан даа.
-Өвдөхөд нь та их асарсан, өнгөрөхөд нь хажууд нь байж толгойг нь түшсэн гэдэг юм билээ?
-Би хажууд нь байсаан. Одоо яая гэхэв. Их хүнд байсан. Сүүлийн амьсгаа авахад нь ч би байсан. Би байх ёстой хүнийх нь нэг байх. Хэрвээ Долгор салаагүй, цуг байсан бол урт наслах байсан гэж надад буруу өгөх хүн байдаг. Бид салаад 17 жил боллоо. Ямар нэг хүнд буруу өгье гэвэл ямраар ч өгч болно. Би өөрөө амьдралтай хүн. Надад ч гэсэн хэцүү байж болно. Ингээд сайхан дуулаад амжилт гаргаад явж байна, магадгүй би талийгаачтай хамт байсан бол энэ зэргийн юм гаргаж чадаа ч уу, үгүй юу. Хоёулаа зэрэг явж чадахгүй нэг нь заавал жертвлэгдэж байдаг. Хоёр урлагийн хүний нэг нь ажлаа орхих шаардлагатай болдог. Гэхдээ бид мэргэжлээсээ болж салсан юм биш. Бид хоёрын үзэл бодол үнэхээр тохирдоггүй байсан. Би тэр хүнийг муулахгүй, түүнтэй тохирох сайхан хүн олдож болно ш дээ. Ер нь муу хүн гэж байдаггүй, ханиа л олох ёстой. Үзэл бодлыг нь хүндлэх, бие биенээ ойлгох ханиа л олох ёстой. Долгорын зөв буруу гэж шууд хэлж болохгүй. Үзэл бодол, сэтгэл санаа нь нийлэхгүй болоод салж байгаа ш дээ. Хэн тогтсон амьдралаа бусниулъя, үр хүүхдээ өнчрүүлье гэж боддог юм. Үнэхээр болохгүй болоод салдаг. Салж сарнисан хүмүүс л бид хоёрын амьдралыг ойлгоно. Хүн ямар нэг юмыг бие сэтгэлээрээ мэдэрч байж ойлгодог. Хүмүүс бурууг нь надад тохох гээд байдаг юм. Яахав тохог тохог.
–“Цахилж яваа гөрөөс” киноны дууг Билэгжаргал гуай танд зориулж зохиосон гэдэг. Танд хэлж байсан уу?
-Ер нь бид хоёр салчихсан байхад гарсан дуу шүү. Кино нь их гоё, даанч гарахгүй юм. Дуу нь кинондоо их орж өгсөн. Билгээ хөөрхий хэнд зориулсан юм мэдэхгүй ээ, уг нь кинонд зориулсан юм. Тэр үед манай Билгээ хүнтэй амьдарч байсан юм ш дээ. Түүндээ ч зориулсан юм бил үү. Тэр дуу үнэхээр гоё дуу. Билгээ надаар дуулуулахаар гурван сайхан дуу зохиож өгсөн. Өөрөө ч олон дуутай биш. “Зүүдний хайртай нутаг”, ”Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Ханийн хайлан” гэсэн дуу зохиож өгсөн. “Цахилж яваа гөрөөс” киноны дуу дандаа дуулаад байх дуу биш. Онцгой тохиолдолд талийгаачийнхаа уран бүтээлийн үдэшлэгэн дээр дуулдаг байлаа.
-Эрдэнэтунгалаг, Баясгалан хоёр авч дуулсан, хэн нь илүү дуулсан бэ?
-Баясгалан, Эрдэнэтунгалаг хоёр хоёулаа дуулж бичүүлчихээд надад сонсгосон. Би Баясгаланг “Чи их гоё дуулж болох байсан. Өөрийнхөөрөө зөөлөн намуухан аргадаж дуулсан бол их гоё болох байсан. Ширүүндүү дуулчихаж” гэж хэлсэн. Яахав хоёр залуу дуучин өөр өөрийнхөө стилээр сайхан дуулсан.Тэр хоёрыг хэн илүү дуулсныг ард түмэн шүүчихсэн. Тэгэхдээ хүн дууг маань муухай дуулахад дургүй. “Бодлын цагаан хун” дууг нэг дуучин дуулсан. Хэн ч билээ дээ. Их муухай дуулсан байсан. Тэр их зоригтой хүн. Залуучууд дууг дуулж болно. Гэхдээ тэр дуучнаас нь илүү дуулах ёстой. Зөвшөөрөл авдаггүй юм аа гэхэд. Яахав намайг дуулаад явж байгаа үед миний дууг авч дуулахаар бодоход Долгороос илүү дуулна гэж бодсон хүн л авч дуулна байх. Манай Шүрээгийн “Тагтаа” дууг нэг дуучин дуулсан байна лээ, надад таалагдаагүй. Манай Шүрээ яг л тагтаа нисэх гэж байгаа юм шиг ямар их гоё дуулдаг билээ. Эрдэнэбатын дууг Бат-Эрдэнэ аваад дуулсан нь надад огт таалагдаагүй. Эрдэнэбат өөрөө зөвшөөрсөн гэсэн. Гэхдээ анх дуулсан хүнийг давж дуулна гэдэг тун хэцүү байдаг. Тэр тал дээр залуу дуучид юм бодоосой. Дуу нь бага болчихсон юм уу, бие биенийхээ дууг хэлж нэг, хэлэхгүй нэг авч дуулаад явах юм. Эцсийн эцэст хүний өмч, уран бүтээл шүү дээ. Хүний дууг зөвшөөрөл аваад дуулна гэдэг надад алив наад идэх гэж байгаа талхаа өгөөч гэсэнтэй адилхан. Би Эрдэнэтунгалагийн “Хайрлаарай”-г авч дуулбал түүнд хүрч, гүйцэж дуулж чадахгүй ш дээ. Яахав өөд болсон Банзрагч гуай. Цэрэнчимэд агсан, Түмэндэмбэрэл агсны дууг сэргээн дуулж болох юм.
-Та гадуур болж байгаа тоглолтонд их оролцдог. Ам барьж байгаа дуучидтай таaралдана биз?
-Маш их ам барьдаг, ам барьж бүтэн концерт тоглож байна. Тэрийг даанч ард түмэн мэдэхгүй, ам барьсанд нь илүү алга ташиж байна. Нэгэнт ард түмэн тэр хүнийг хүндэлж байгаа юм чинь өөрийнхөө чадлаар байлдан дагуулах хэрэгтэй. Би нийтийн дуучдыг дэмждэг, сонсдог. Хишигбаяр Дэлгэрмаа хоёр сайхан дуулж байна. Баясгалан яалт ч үгүй ард түмний хайртай дуучин. Лосолын Болдбаатар, Эрдэнэтунгалагийн дууг сонсох дуртай. Тэд өөрсдийн орон зайг олсон. Би рок попын дуучидтай их сайхан харьцаатай. Сараа, Ариунаа, “Номин талст” “Харанга”-ын Лхагваа, Жаргалсайхан гээд бүгдийнх нь дууг сонсох дуртай.
-Таныг тоглолтоор Эрхүү явахаар галт тэргэнд суухад Сайнцог гуай үдэж өгчихөөд араас нь машинаа асаагаад дагаад Сэлэнгэд очиж уулзаж байсан гэсэн. Сайнцог хурандаа танд их хайртай байх аа?
-Миний хань ямар ч хүнийг хайрлаж чадах хүн, хосгүй сайн хүн. Хүнд сайн хань заяана гэдэг бурхны хишиг. Ер нь миний тоглолтын ард миний хань л байдаг юм ш дээ. Театртаа орж ирэх их гоё байдаг. Хандив олж өрөөгөө зассан. Өрөөгөө засахад өвгөн маань ханцуйгаа шамлаж орж туслаад, энэ абжурыг авч өгсөн юм. Хамгийн гол нь хориод настай хонгор зүстэй байхаасаа Жавзаа, Шүрээ хамт явсан. Нэг нэгийгээ анх хүнтэй суусан, хүүхэд гаргасан, эмээ болсон гээд бүх амьдралаа мэднэ. Одоо бид тавь гарч байна. Бүх амьдрал маань энд өнгөрч байна. АЖ, УГЖ болчихоод шууд л тайзан дээрээ ирж мөргөсөн. Дандаа л дуу хөгжим баяр баясгалан цалгилж байдаг ариун сүм шүү дээ, бурхан минь. Хүний амьдралд хагацал зовлон тохиолдоно. Би аавыгаа нутаглуулж ирээд орой нь энэ тайзан дээрээ гараад дуулж байсан. Дуулахгүй гээд яах юм. Жүжигчид бүгдээрээ л тэр амьдралыг туулдаг.
-Таны ханийг их романтик хүн гэдэг. Ер нь танд гэнэтийн бэлэг их барина биз?
-Өчигдөр нэг хөөрхөн зүрхэн хэлбэртэй шоколад авч өгсөн. Бид хоёр биенээ баярлуулах дуртай. Том овойж оцойсон их үнэтэй бэлэг өгөхгүй ч гэсэн нэг нэгнээ байнга баярлуулахыг боддог. Бид хоёр танилцсан ойгоо тэмдэглэдэг. Манай хүн зураг авах хоббитой. Хайртай аппаратаа алга болгочихоод. Тэгээд би гоё аппарат авч өгье дөө гэж бодоод 15 жилийн ойгоороо аппарат авч өгсөн. Их дэлгүүрээс аппарат авчихаад ил захидал дээр үгээ бичихдээ миний нулимс гараад л байсан. “Сайхан чамтай танилцаж ханилсандаа үргэлж бурханд баярлаж явдаг. Энэ аппаратаар бурхан бидэнд хэдэн жил ханилж амьдрах цаг хайрласан, тэр хүртэл бидний үр хүүхэдтэйгээ байх энэ сайхан агшин дурсамжуудыг мөнхөлж яваарай” гэж бичсэн. Тэр бэлгээ үзээд л Сайнаа уйлсан. Одоо тэр аппаратнаасаа огт салдаггүй. Наадхаа гэртээ орхиоч гэхээр “үгүй ээ” гээд л биедээ аваад явдаг. Гэр бүлийнхнээсээ гадна байгалийн зураг их авсан. Их сайхан зургууд бий. Тэрийг нь бид жаазлаад, шинэ жилээр гэртээ сугалаа сугалдаг. Түүндээ аавынх нь авсан зураг гэж оруулдаг. Ер нь тэгээд ханиасаа ганц чихэр авсан ч гэсэн гоё байгаа юм чинь. Ханьтайгаа муудалцахгүй хатуу үг хэлэхгүй юмсан гэж боддог. Хүний амьдрал богинохон, тэр тусмаа монгол хүний нас богинохон. Энэ сайхан амьдралаа муухай үгээр утаж яах юм. Уурлахаараа би дуугаа хураачихдаг. Хагацашгүй сайн ханьдаа марташгүй муу үг бүү хэл гэдэг үгийг санаж явдаг.
–Ярилцсанд баярлалаа Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР WWW.TAIZ.MN
Discussion about this post