Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эхний ээлжинд 500 сая ам.долларын урсгалыг Монголд оруулж ирэх үүргийнхээ дагуу үүрэгт ажлаа хийж байна. Энэ хүрээнд бид боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлаа танилцуулсан. Өнгөрсөн баасан гарагийн оройноос эхлээд Эрдэнэс Тавантолгойгоос Цагаан хад руу чиглэсэн машины тээврийн хэрэгслийн бөөгнөрлийг бууруулж чадсан.
Аравдугаар сарын 26-наас хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, цаашаагаа борлуулах замаар нийтдээ 15,8 сая ам.долларыг оруулж ирсэн. Энэ байдлаар энэ ондоо багтааж 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн бололцоо байна. Намайг ажлаа авахад ЭТТ 200-300 орчим тээврийн хэрэгсэл 20-30 тонн нүүрсийг экспортод гаргаж байсан. Цаашид он дуустал 500 сая ам.долларыг Монголд оруулж ирэхийн тулд ЭТТ хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг тээвэрлэх ёстой. Сардаа 2,5 сая тонн нүүрсийг экспортод гаргах ёстой. Энэ дагуу ажлаа төлөвлөж байна” гэлээ.
Түүнчлэн тэрбээр уурхайгаас ямар компани ямар өртөгөөр нүүрс олборлож байна вэ, Цагаан хад руу аль компанийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байна вэ, түүнээс цаашаа хилээр ямар үнээр гаргаж байгаа зэрэг мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгийг онцоллоо.
Эргэн сануулахад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрөгч аравдугаар сарын 26-наас эхлэн зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон.
()
Discussion about this post