ИЛЬЯ ЕФИМОВИЧ РЕПИН 19-20-р зууны Оросын уран зургийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг юм.
Тэрээр Харьков мужийн Чугуев хотын цэргийн сууринд 1844 оны 8-р сарын 5-нд төржээ.
Тэрээр Зургийн сургуульд болон Крамской, Санкт-Петербургийн Урлагийн академид суралцсан. Залуудаа дүрс, хөрөг зураачаар ажиллаж байв.
Репин жинхэнэ бодит зураглалуудыг бүтээсэн нь олныг гайхшруулдаг бөгөөд одоо ч урлагийн галерейн алтан сан хэвээр байна.
Тэрээр 28 настайдаа “Ижил мөрөн дээрх барлагууд”, 35 настайдаа “Запорожец”, 40 настайдаа “Иван Грозный хүүгээ хөнөөсөн нь” зургуудаа зуржээ. 58 настайдаа “Төрийн зөвлөлийн ёслолын хурал” хэмээх сүр жавхлантай, бараг л ид шидийн гэмээр уран зургийг, 80 настайдаа Иван Павловын мэргэн хөргийг зурсан байдаг.
Репиний зарим зургуудыг ид шидийн нөлөө үзүүлдэг гэх нь бий. Эдгээр тайлагдашгүй үйл явдлуудтай холбоотой сонирхолтой олон асуудлууд гарсныг баримтаас сонирховол:
1. Илья Репин
Тогтмол хэт их ажлын улмаас зураач өвдөж, дараа нь баруун гар нь хэсэгчлэн мэдээгүйжсэн байна. Зураач сэтгэлийн хямралд орж, хэсэг хугацаанд уран бүтээлээ зогсооход хүрч байжээ. 1885 онд “Иван Грозны хүүгээ хөнөөсөн нь” зургийг зурсны дараа гар нь бүрэн ажиллагаагүй болсон байдаг.
Үүнийг, түүний зурсан зургууд огт байгаагүй түүхэн үйл явдлыг харуулснаас хараагдсан гэх нь бий.
Гэсэн хэдий ч хожим Илья Ефимович зүүн гараараа зурж сурчээ.
Түүнчлэн Репиний “Иван Грозны хүүгээ хөнөөсөн нь” зургийг харсан Абрам Балашов гэнэт зураг руу дайрч, хутгаар сийчжээ. Үүний дараа уг зураачийг сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байдаг.
Мөн Зургийг Третьяковын галерейд дэлгэх үед олон үзэгчид уйлж, зарим нь ухаан алдаж, зарим нь бүр сэтгэлийн хямралд орж байжээ. Эдгээр үзэгдлүүд нь, Жишээ нь зотон дээх маш их урссан цусыг зурахдаа зураач жинхэнэ цус ашигласан, зураг маш бодитой зурагдсантай холбоотой гм тайлбарласан байдаг гэнэ.
1885 онд “Иван Грозный ба түүний хүү Иван ” зураг дуусч, аялагчдын 13 дахь үзэсгэлэнд тавигджээ. Зургийн түүхэн хуйвалдааны тайлбар нь Александр III-ийн дургүйцлийг төрүүлсэн тул эзэн хаан “Репиний уран зургийг” үзэсгэлэнд оруулахгүй байх тушаал буулгажээ. Олон соёлын зүтгэлтнүүд, түүний дотор зураач Алексей Боголюбовын хүчин чармайлтын ачаар хоригийг цуцалж байжээ.
*
Энд уг зургийн тухай арай тодотгож үзье:
Хэт мэдрэмтгий үзэгчдэд “муугаар нөлөөлөх аюултай” гэж тодорхойлогдсон уг зураг галерейд байхдаа хоёр ч удаа халдлагад өртөж ноцтой гэмтэж байжээ…
Уг зурагт өгүүлэгдэх түүхэн хүн болох их Оросын Догшин Иван хаан 1530-1584 онд, Ханхүү Иван Иванович 1554-1581 онд амьдарч байсан юм. Түүхэнд догшин Иван гэж нэрлэгдэн үлдсэн Оросын хаан өөрийн хүү Иваныг хөнөөснөөр 9-р зуунаас Оросыг захирч байсан Руриковичийн удам тасарч Романовын удмын хаанчлалын 300 жил эхэлсэн гэгддэг.
Зурагт: Урагдаж ярагдсан хивс, онхолдсон сандал, унасан дэр. Энэ бүхэн өрөөнд ямар нэгэн муу зүйл болоод өнгөрснийг илтгэнэ. Зургийн төвд нэг өвгөжөөр хүн цусанд будагдсан залуу эрийг түшин суужээ…
Настай хүн нь Оросын хаан “догшин” Иван бөгөөд тэрээр нэг хөлөө бохирон сууж, баруун гараараа нөгөө ертөнцөд одож буй хүүгийнхээ суларсан биеийг газраас өргөн хүчлэн барьж, зүүн гарын алгаар толгойноос нь садран урсах цусыг тогтоохыг хичээж байна.
…Ордон дотор “ширүүн маргаан” өрнөж, эцсийн дүнд хааны хилэн бадарч, ханхүүгийн толгойн тус газар хүнд таягаараа цохьжээ. Үхэдхийн унасан хүүгээ харсан даруй хаан эцэг балмагдан, “аллагын” зэвсгээ шидэж /таяг зургийн урд хэсэгт маш тод дүрслэгдсэн байна/ ухасхийн очиж тэврэн, шархыг нь гараараа дарсан ч, бүх зүйл дууссаныг тэр ойлгов.
Аяганаасаа бүлтрэн гарах гэж буй мэт айдас хурсан нүд, гүнзгий үрчлээ, судас нь тодорсон ясархаг гарны хурууны салаагаар үерлэх цус, ханхүүгийн унтарч буй харц… энэ бүхэн зургийг эмгэнэлд автуулан харагдуулна.
Ханхүүгийн толгойгоороо ойчсон хивсний хэсэгт тунасан цус маш бодитой харагддаг ба ордны хана, хивс ч бүхэлдээ улаан өнгөнд захирагджээ.
Ханхүүгийн улбар ягаан өнгийн дээл энэ зургийн хамгийн гэгээлэг хэсэг бөгөөд энэ нь хохирогчийн буруугүйг нотлох нотолгоо, харин хааны өмссөн хар хувцас түүний хардамтгай, харгис үйлдлийн илэрхийлэл гэлтэй. Хүрээлсэн улаан орчин, ханхүүгийн цайвар дээл, хааны хар хувцас зэрэг нь зураачийн зориуд бодож хийсэн эсрэг тэсрэг өнгөний дарамт юм.
Шаланд дэвссэн хивс наашлах тусмаа хээ угалзын байдал нь том хурц өнцөгтэй эрс тэрс болж, нугарал хуйлрал ихтэй болох нь зураачийн хэлэх гэсэн хүчирхийллийн санааг улам тодруулж өгнө. Хивсэн дэх гурвалжин дүрс илд мэсний ерөнхий агуулга болно.
Гэмт үйлдлээ ухаарах эмгэнэлт мөч буюу бидний өмнө дарангуйлагч биш харин уй гашууд автаж цөхрөнгөө барсан хөгшин, хүүдээ хичнээн хайртай байснаа сая л ойлгон, амь тавьж буй түүнийг тас тэврэн үнсэх тэр сэтгэлзүйн хүчтэй драмыг бид харна.
Үймээн самуунтай цаг үед амьдарч байсан Оросын хааны амьдралд тохиолдсон эмгэнэлт мөчийг харуулсан энэхүү зураг нь У.Шекспирийн эмгэнэлт зохиол болон Х.Рембрандтын уран зургийн үзэл санаан дээр тулгуурлан бүтсэн байж болох юм гэж урлагийн түүхчид бичсэн нь бий.
Хаан яагаад хүүгээ хөнөөх болсон бэ?
Энэ асуултын хариулт ярвигтай бөгөөд багадаа өнчирч хоцорсон, идэр насандаа олон дайн тулаан, булаан эзлэлт, хядлага үйлдсэн гэх мэт харгис үйлдлүүд нь яваандаа түүнийг хүүгээ хөнөөхөөс ч буцахгүй хэрцгий, хартай, энэрэлгүй нэгэн болгосон байхыг үгүйсгэхгүй ч улс төрийн зөрөлдөөн болоод гэр бүлийн дотоод асуудлууд бас байсан талаар бичигдэж үлдсэн байдаг.
Репин зургаа бүтээж байхдаа өөрөө ч цуст сэдвийнхээ дарамтад орсон гэдэг яриа бий. “Заримдаа надад аймшигтай санагдаж би түүнийгээ бусдаас нуудаг байлаа” гэж зураач өөрөө дурссан байдаг.
Зотон трс.
199,5×254 см
1883–1885 он
Москва. Третьяковын галерей
Репиний бүх зурагт оролцогчид Мусоргский, Писемский, Пирогов, жүжигчин Мерси д’Аргенто нар зургаа зуруулсны дараа жам ёсны бусаар нас барж байсан гэгддэг хачирхалтай яриа гардаг.
“Ижил мөрөн дээрх онгоц мөрдөгчид” зурагны загвар өмсөгч, эрүүл чийрэг эрчүүд ч бас нас барж, Федор Тютчев өөрийн хөрөг зургаа зураад нас барсан гэх нь ч байх ажээ.
Зураач 1903 онд “Төрийн зөвлөлийн ёслолын хурал” зургийг зурсны дараа 1905 оны Оросын анхны хувьсгалын үеэр зураг дээр дүрслэгдсэн албан тушаалтнуудын ихэнхи нь бас нас барсан байсныг тогтоосон гэнэ. Жишээ нь, Ерөнхий сайд Столыпины Киевт буудуулсан…гэх мэт
Репин “Муу нүдтэй хүн” зургаа төрөлх хот Чугуевтаа зурсан байдаг. Уг хөрөг зургийн загвар болсон алтны дархан Репиний холын хамаатан Иван Радов, хотод шидтэн гэдгээрээ алдартай байжээ. Зургийн ажлын дараа өвгөн өвджээ…
Илья Ефимович “Би тосгонд аймшигтай халуурлаа. Миний өвчин энэ илбэчинтэй холбоотой байж магадгүй юм. Би өөрөө энэ хүний хүчийг хоёр удаа мэдэрсэн” гэж найзууддаа гомдоллож байжээ.
Жамсрангийн Оюунцэцэг
Discussion about this post