Авлигатай тэмцэх газар өнгөрсөн есдүгээр сарын 28-ны байдлаар эрүүгийн хэргийн улмаас учирсан 2.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Тухайлбал, Төрийн сангийн дансанд 2.9 тэрбум, төрийн байгууллагын дансанд 142.6 сая, иргэн, аж ахуйн нэгжүүдэд 72.2 сая, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 721.3 тэрбум, Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-д 235.4 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Хохирол нөхөн төлүүлэлтийн явцад 244.9 сая төгрөгийн барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийг улсын орлогод оруулсан байна.
Түүнчлэн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны 48 зээлдэгчээс 766.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Үүнээс 86.6 тэрбумыг нь үл хөдлөх хөрөнгөөр төлүүлсэн. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2.9 их наяд төгрөгөөр тооцогдож байгаа бөгөөд одоогоор Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох 25 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АТГ-ын хохирол нөхөн төлүүлэлт сүүлийн гурван жилд тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Тухайлбал, 2021 оны эхний найман сарын байдлаар шалгагдсан авилгын гэмт хэргийн улмаас нийт нэг их наяд төгрөгийн хохирол учирсанаас 90 тэрбум төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Харин энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.1 дахин, нөхөн төлүүлэлт 18.1 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Discussion about this post