Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд ХБНГУ-ын Үндэсний баярын өдрийн мэнд хүргэлээ. ХБНГУ манай улсыг Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргаж, хоёр улсын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг дэмжих үйлсэд оруулж буй түүний хувь нэмрийг сайшааж, талархал илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод, олборлолтоос боловсруулалтад шилжих зорилготой ажиллаж байгааг Ерөнхий сайд онцлов.
ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд ардчилсан Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа хөгжих суурь харилцаа бэлэн байгааг тэмдэглэлээ.
Талууд сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын харилцааг шинэ түвшинд гаргаж, хамтарч ажиллахаар ярилцлаа.
Discussion about this post