-МҮХАҮТ–ын шинэ байрны 49 хувь нь таны мэдэлд байдаг юм уу?
-Энэ байрыг ярихгүй бол ямар ч мэдээлэлгүй хүний ой ухаанд ормооргүй Дэмбэрэл гэдэг хүний бүх амьдралынх нь туршид баримталж ирсэн зарчимд харш мэдээлэл гарсан. Бичсэн хүнийг нь зэмлэхээсээ илүү өөрийгөө зэмлэж байна даа. Яагаад гэвэл манай танхимын байрны тухай мэдээлэл олон түмэнд байдаггүй юм байна. Энэ бол МҮХАҮТ-ын байранд зориулж БНХАУ-аас Монгол улсад өгсөн буцалтгүй тусламжийн барилга. Буцалтгүй тусламж нь хуулиараа 100 хувь төрийн өмчинд байдаг юм. Яаж ч бодсон танхимын дарга нь 49 хувийг нь авах үндэслэл байхгүй. Бид Ерөнхий сайд, Сангийн сайд болон ТӨХ-нд хүсэлт гаргачихсан байгаа. Нэгэнт л МҮХАТ-ын байр юм чинь энэ танхимын нэр дээр шилжүүлж, өмчлөлд нь оруулж өгөөчээ гэж хүсэлт тавьчихсан. Энэ жил манай танхимын 50 жилийн ой болж байгаа. Манай төр засгаас байрны өмчлөлийн асуудлыг шийдээд өгвөл том бэлэг болно гэж горьдож, найдаж байгаагаа танай сониноор уламжлаад хэлчихье. Ер нь хувийн хэвшлийнхэн өөрийн гэсэн ордонтой болсон нь сайн хэрэг. Энд хүмүүс ирдэг, цуглардаг, мэдээлэл авдаг, сургалтанд хамрагддаг, бодлогынхоо өмгөөллийг хийдэг, хурал зөвлөгөөн болдог ийм сайхан газартай болчихсон. Ямар ч гэсэн МҮХАҮТ-ын 50 жилийн түүхэнд анх удаа өөрийн гэсэн байртай болж байгаа юм. Энэ нь Дэмбэрэлийн гавьяа гэхээсээ илүү МҮХАТ-ын бодит байдлыг ойлгож дэмжсэн Хятадын засгийн газарт талархах хэрэгтэй. Бид яахав их хөөцөлдсөн л дөө. Миний мөрийн хөтөлбөрт танхимыг өөрийн гэсэн байртай болгоно гэж амлачихсан. Би амласнаа хэрэгжүүлэх гээд байдаг “новшийн” зантай. Амлалтаа хэрэгжүүлж байгаа ухаан нь энэ.
-Та танхимыг удаан удирдлаа шүү?
-10 гаруй жил болж байна. Нуруугаа автал зүтгэж байна. Сая “Яргуй идсэн ямааны мах” гэсэн махны амталгаа явууллаа. Ямаа проблем олж байна. Тэгэхээр ямааны махны экспортыг боломжийн талаар пресентаци хийнэ. Танхимын экспортыг дэмжих газар дэмжээд явна. Өнөөдөр бид Тавантолгой л гэж бүгд халуурцгааж байна. Тэгтэл ард түмний амьдрал хэцүүдэж байна. Одоо Голландаас жижиг тоног төхөөрөмж хонины ноосыг хамгийн нарийн хэсгийг аваад утас хийдэг модон иж бүрдэл тоног төхөөрөмж ирж байна.
-ДНБ-ий 80 гаруй хувийг хэвшил бүрдүүлдэг. Та бизнесмэнүүдийг 10 гаруй жил удирдсан хүн өөрөө ямар бизнес эрхэлдэг вэ?
-Надад бизнес хийх зав ч байдаггүй. Ганц нэг дүүгээ бизнес эрхлэхэд нь зөвлөх маягаар явдаг. Бизнес эрхлэх орчныг нь бүрдүүлдэг байгууллага нь танхим. Энэ ажил хүнээс асар их цаг, мэдлэг шаарддаг. Монголын хувийн хэвшлийнхийгээ гадаадад танилцуулдаг. Зарим дарга нар өөрийнхөө үндсэн ажлаа мартчихаад өөрийнхөө хувийнхаа бизнесийг хийгээд байдаг. МҮХАҮТ-ын дарга гэхээр асар том бизнестэй гэж боддог байх. Тийм юм байхгүй.
-“Cоrporate” зочид буудал таных биш үү?
-Биш, манай дүү болон дүүгийн найз нарын хамтарсан зочид буудал. Тэр 4 одтой мөртлөө үйлчилгээ маш сайн гоё зочид буудал. Манай бүх клипүүд тэнд зураг авалт нь хийгдэж байна.
-Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн дарга байсан Ганболдыг таны дүү байхаа?
-Манай төрсөн эгчийн хүүхэд. Багаасаа надтай хамт байсан миний “школа”-тай хүн. Мэдэл боловсрол, хүмүүстэй харилцах соёл, даган дууриах талаас нь би их нөлөөлсөн. Тэр хүн зөв бизнесмэн байх, зөв бодолтой, сайхан сэтгэлтэй байх ёстой гэж их сургадаг байсан. Миний урмыг хугалж байгаагүй. Сайн залуу. Одоо л янз бүрээр бичээд байгаа болохоос Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр “о” заачихсан байсан. 10 хэдэн тэрбумын ашигтай болгосон. Аймаар юм хийсэн байгаа биз дээ. Одоо гэтэл ямар их хэл ам гарч байна. Ийм залуу хүн мөртлөө “Алтан гадас” аваад дахиад бас нэг одон авсан.
-Одоо АТГ шалгаж байгаа гэдэг. Юу болж байгаа бол?
Тэр худлаа, шалгаад юу ч гарахгүй. Бид хоёрыг холбохоос өөр аргагүй, ах дүү хоёр юм чинь. Сайнаар холбогдоно, муу юм гарвал ч бас холбогдоно. Азаар Самбуугийн удмынханд одоогоор өдий насалтлаа муу юманд холбогдоогүй л явж байна. Ямар ч гэсэн Дэмбэрэл гэдэг хүнийг юуны төлөө явдгийг бизнесийн хүрээнийхэн ихэнх нь мэддэг. Энэ өрөөнд хөдөө орон нутагт жижиг бизнес эрхэлдэг иргэнээс эхлээд манай бизнесийн алдартай томчууд бүгд ирнэ. Манай Монголын хэн ч мэдэхгүй жижиг компанийхан бүгд орж ирнэ. Миний ажлын онцлог амьдралыг бүтээж байдаг, ажлын байх бий болгодог хүмүүстэй их уулздаг.
-Та хувийн бизнесгүй тэгээд гадаад дотоодод Монголын бизнесмэнүүдийг төлөөлж их явна. Хэрэглээгээ яаж зохицуулах вэ. Ажил тань цаанаасаа “өндөр” байхыг шаарддаг биз дээ?
-Минийх сайдын цалинтай л ижилхэн. Сайдын цалинг сайн мэдэхгүй байна. Бодвол 600000-700000 төгрөг авдаг байлгүй дээ. Хувцаслалтын хувьд нэг их үнэтэй том брэнд өмсөөд байх шаардлагагүй. Хамгийн гол нь өөртөө тохирсон цэвэрхэн л байх ёстой. Би өөрийгөө мундаг гоё хувцасладаг гэж бодохгүй байна. Миний өмсөж байгаа костюм ямар ч брэнд биш, жирийн л нэг костюм. Гутал маань хөөрхий 100000 гаруй мянгын л үнэтэй. Тааруулж өмсөх соёл их чухал. Би гадныхантай их уулздаг, Танхимын дарга нь гээд навсайсан юм сууж болохгүй биз дээ. Эхлээд миний хувцсаар угтана. Дараа нь би Монголын тухай, эдийн засгийн тухай ярина. Тэр хүнийг ангайтал ярьж чадвал миний ухаанаар үднэ. Ийм л зарчим баримталдаг. Гадаадад бол асар их уригддаг. Монголынхоо нөхцлийг дэлхийн эдийн засагтай холбоод цаас харалгүйгээр шууд дуржигнуулаад ярьчихдаг учраас хурал удирдах, модератор хийхээр ялангуяа сүүлийн жилүүдэд их уригддаг болсон. Олон улсын хурал удирдаж байна. Саяхан гэхэд Ази Номхон далайн худалдааг дэмжих перзентаци тавилаа. Сая захиа ирлээ. Ямар ч дүрэмгүй байгууллага л даа. “Мистер Дэмбэрэл. Сая болсон хуралд маш сайхан перзентаци тавьсан тул хэрэв татгалзахгүй бол урамшуулалд нь хэдэн доллар өгөх гэж байна. Үүнийг хүлээж авч болох уу” гэсэн утгатай. Одоо олон улсын байгууллагууд хувийн хэвшлийг их сонирхдог болсон. Хуучин үед засаг төртэй их харьцдаг байсан. Ямар ч асуудлаар хувийн хэвшилтэй харьцаж шийдвэр гаргасан нь хамаагүй үр дүнтэй болдог юм байна гэсэн энгийн үнэнийг ойлгочихсон. Ямар ч гэсэн Монголынхоо нэр хүндийг 100 хувь аваад гардаг хүн дээ. Үүгээрээ бардам онгирчихъё. Хүн хувцаслалт, үс, цаг, зангиа нь зохицсон байх ёстой. Хээгүй хүн гээд анхаарахгүй байж болохгүй. Ер нь Америкууд маш муу хувцасладаг. Европ сайн, Япончууд сайн, Солонгос бүүр сайн. Азийн мода одоо Солонгосоос гарч байна. Гонконг Азийн моданы төв. Ази Европын соёл холилдсон, европжсон Азиуд тэнд байна. Манай Монгол их сайн, яагаад гэвэл даган дууриах чадвар сайн хөгжсөн. Солонгос залуучуудыг дууриагаад дорхноо л үс зүс, хувцсаа өөрчилчихдөг. Юмыг нутагшуулах чадвартай. Ааваараа жишээ авъя л даа. Манай аавын ЗИС-150 гэж модон хаалгатай машины тоормос хутга шиг болчихсон байсан гэсэн. Тэгэхэд тэр хүн янзлаад 1 сая километр явна гэдэг гайхамшиг биз дээ. Монгол залуус цахилгаанаар явдаг машин хийчихлээ. Би тэр дотор нь сууж байшингаа тойрч үзлээ. Дажгүй юм билээ. Маш бага бинзен иддэг. Манайхан бүтээх чадвар сайтай. Хээр талд байгальтайгаа харьцдаг хүний ухаан их тэлдэг. Дээр нь манай Монголын мах маш сайн. Арвайн гурил маш сайн. Би өглөө бүр арвайн гурил иддэг. Одоо арвайн гурилыг чулуугаар тээрэмдэж байна. Тэр нь бүтээмж муутай. Зэвэрдэггүй гангаар хийсэн гар тээрмийг Германаас авчрах гэж байна. Тэрийгээ арвайн гурил хийдэг хүмүүстээ лизингээр өгчихнө.
-Таныг Топ модель Одгэрэлтэй сайн найз. Орцонд салж чадахгүй уйлалдаж байсан гэж бичигдэж байсан даа.
-Одоо больё оо. Хэдэн жилийн өмнө нэг сонин дээр гарсан. Одгэрэл манай шавь. Манай танхимын дэргэдэх Гадаад худалдааны академийг төгссөн л хүн. Ийм юм ярьсны хэрэггүй ээ. Тэр хүн ч тайван амьдраг, би ч тайван амьдаръя л даа. Тэр хүн өөрийнхөөрөө амьдраад яваг л дээ. Хөөрхий эмэгтэй хүн, тэрэнтэй намайг холбоод ч яах юм, хэрэггүй ш дээ. Тэр хүн чинь бодвол гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн байгаа биз. Би ч гэр бүлтэй. Эцсийн эцэст ташаа мэдээлэл хүнд буруу нөлөө үзүүлдэг юм ш дээ.
-Та архины рекламанд тоглож байсан. Өөрөө хэр хэрэглэдэг вэ?
-Үнэнээ хэлэхэд үе үе найз нартайгаа уулзахдаа архи л уудаг. Виски вино энэ тэр ууж чадахгүй. Архи экспортонд гаргах гэсэн юм, дэмжээд өгөөч гэсэн. Хэдэн үг хэлсэн. Архийг хүмүүс муугаар боддог. Архи гэдэг чинь юу гэсэн үг вэ гээч. Чапигийн хэлсэн нэг үг байдаг юм. Их гоёор тайлбарласан. Архины тухай ойлголтыг төлөвшүүлэх их сайхан үг. “А” амтат, “р” рашаан, “х” хүндэт, “и” идээ. Амтат рашаан хүндэт идээ гэсэн үг байхгүй юу. Хүмүүс хэтрүүлэн хэрэглээд нэрийг нь унагаад байдаг. Архины рекламанд тоглохоор архи үйлдвэрлэгчид дургүйцэхээс гадна намайг мэддэг, хүндэлдэг хүмүүс дургүйцдэг юм билээ. “Боль доо, та архины рекламанд тоглоод байх даа яадаг юм. Та архи сурталчлахаар бусад нь яах юм” гээд их олон мессеж ирсэн. Тэгээд рекламаа зогсоосон. Би урьд нь “Мобиком”-ын рекламанд оролцоод. Тухайн үед “Скайтел”-ийн Эрдэнэбат их гомдож байсан. “Та одоо МҮХАҮТ-ын дарга хүн. Нэг компанийнх нь рекламанд тоглоно гэдэг шударга бус байна ш дээ” гэсэн. Би ч ойлгож “Би танай рекламанд тоглоё” гэсэн. Гэхдээ тоглоогүй л дээ. Дараа нь уулзаад нэг орой караокед ороод тайвшруулсан. Их сайн залуу байсан даа. “Мобиком”-ын рекламанд тоглоход надаар хэдэн үг магтаж хэлүүлэх гэж байсан л даа. Би өөрөө санааг нь гаргая гээд “Гайхамшигт ертөнц” гэдэг дууг тавиад би босоод явж байгаа олон үг хэлэхгүй реклам хийсэн л дээ. Одоо рекламанд тоглохгүй, танхимынхаа рекламанд л тоглоё.
-Та рекламанд тоглохоор их зохидог. Шинэ дүр төрх гэдэг шиг. Ер нь рекламанд оролцохдоо хэр их мөнгө авдаг юм бэ?
-Алинаас нь ч аваагүй. Тэд ч надад мөнгө өгөхөөс ичнэ биз дээ. Би авах ч үгүй.
-Та унах машиндаа хэр ач холбогдол өгдөг вэ?
-Танхимынхаа машиныг унадаг. Би жолоочийн хүүхэд. Миний аав Монгол улсын номер нэг жолооч байсан. Саятан жолооч Самбуу гэж хүн. Ямар ч засвар хийлгүй сая километр зам туулж тээвэр хийсэн. Энэ дэлхийг 22 удаа тойрсонтой адил тийм урт зам. Манайх 15 хүүхэд гараад 7 нь тэсч үлдээд 8 нь эндсэн. Би яг дунд хүүхэд нь. “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийг Санжидын Дэмбэрэл гэдэг дээ. Манай ээжийг Санжид гэдэг. Тийм учраас “Хүргэн хүү”-гийн Дэмбэрэл чинь бас би ш дээ. Жолоочийн хүүхэд жолоочийн гентэй мундаг машин барьдаг байх ёстой. Гэтэл би машин барьж чаддаггүй. Манай аав хүүхдүүдээ зориуд машин луу ойртуулдаггүй байсан. Энэ хүүхдийг багаас нь машин бариулаад байвал том болоод жолооч болчихно гээд өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлэхгүйн тулд намайг машин руу ойртуулдаггүй, машинд огт сонирхолгүй болгоод хүмүүжүүлчихсэн. Одоо машин жолоодож чадахгүй гэхээр хүмүүс гайхдаг. Би машин жолоодож чадахгүй, зүгээр машинд суух л хувь тавилантай хүн. Би хэзээ ч машин барьж сурахгүй. Тийм учраас тэр машины марк мэддэггүй, сонирхдоггүй.
-Хүмүүсийн үнэтэй хөөргөн дунд таны модон хөөрөг их содон харагддаг?
-Би хөөрөг сонирхдоггүй, өргөн сайхан бүс, ковбой малгайнд дургүй. Дээлээ цагаан сараар өмсөнө. Намайг олон хүн та хөөрөг бариач гэдэг байсан. Ямар хөөрөг барих вэ гэсэн чинь ийм үнэт чулуу энэ тэр гээд аймаар үнэ хэлж байнаа. Би өөр хөөрөг барина гээд настай маш мундаг урлаач сийлбэрч хүнтэй ярьж байгаад танхимынхаа логотой, эвтэй 4 амьтантай модон хөөрөг хийлгэсэн. Маш гоё болсон. Одоо Магван гуай ийм хөөрөг барьж байгаа. Би бэлэглэсэн юм. Хүмүүс маш их сонирхдог. Тайваньд үзэсгэлэнгээ гаргасан Эрдэнэчулуун гэдэг сийлбэрч залуу байдаг. Тэр “Би танд хөөрөг бэлэглэхээр шийдлээ” гэсэн. “Намайг модон хөөрөг барихаар өрөвдөө юу?” гэсэн чинь “Үгүй яалаа гэж дээ. Танай байгууллага надад их тусалсан учраас би сэтгэлийн илэрхийлэл болгож танд бэлэглэж байгаа юм” гэсэн. Цул мөнгөн аймаар хүнд хөөрөг өгсөн. Нэлээн үнэтэй байх. Одоо хоёр хөөрөгтэй болсон.
-Мөнгийг хүн болгон шүтдэг. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Дэлхий ертөнцийн хүмүүсийг 3 категорит хувааж болох юм байна. Нэгдүгээрт мөнгөнд удирдуулдаг хүмүүс, хоёрт мөнгийг удирддаг хүмүүс, гуравдугаар категори нь мөнгө ч байхгүй, удирдлага ч байхгүй хүмүүс. Дэлхий ертөнцийн хүмүүсийг хуваагаад үзэхээр пирамид хэлбэртэй. Пирамидийн ёроолд өдөрт 1 доллароос бага орлоготой 2 тэрбум хүн байна. Нэг хэсэг нь дунд хавьд нь байна. Билл Гейтс мэтийн хүмүүс орой дээр нь байна. Өнөө хүртэл дээр нь сууж байгаа хүмүүс доор нь сууж байгаагаа боддоггүй байсан. Одоо боддог болж компанийн нийгмийн хариуцлага гээд компанийн хөгжлийн шинэ модель гараад ирсэн. Яагаад гэвэл Билл Гейтс пирамидын орой дээр сууж байгаад өөрөө 100 ч хүрэхгүй насална гэдгээ мэдээд “Миланда болон Билл Гейтс” сан байгуулаад мөнгийг буяны байгууллага руу өгч байна. Мөнгийг удирддаг хүмүүс зөв удирдаж байна. Бас мөнгөнд удирдуулчихсан хүмүүс байна. Ийм хүнийг монголчууд шинэ баян цээж өвчтэй гэж маш онож хэлсэн. Ийм хүмүүс олон байна. Мөнгийг удирдаж сураагүй, хөдөлмөрлөж чаддаггүй, хувь заяагаа бусдад эсвэл хаа нэгэн далдын хүчинд даатгачихсан хүмүүс бас их байна. Мөнгийг удирддаг хүмүүс нь бүхнийг зоосны нүхээр хардаггүй юм байна. Тэд нь Туул голын хоёр эрэгт нэг нь харшид, нөгөө нь гэрт амьдарч байгаа хүн байна. Тэр хүн нэг л агаараар амьсгална, нэг л замаар явна. Агаарын бохирдол баян хүнийг тойрохгүй. Мөнгийг удирдаж чаддаг байх ёстой гэж боддог. Миний өөрийн зохиосон ганц үг байдаг юм.”100 ч хүрэхгүй наслах байж, зөв амьдарцгаая хүмүүсээ” гэсэн зарчимтай. Бид бүгд 100 наслахгүй цөөхөн л хүн 100 хүрнэ. Ийм богинохон насанд зөв амьдарчихвал ядахдаа үхэхэд ядаж л оршуулган дээр олон хүн ирэх юм даа.
WWW.TAIZ.MN
Discussion about this post