1980-аад оны хоёрдугаар хагаст ЗХУ-д эхэлсэн “перестройка” гэх маш том шинэчлэл нь СССР-ийн эзэнт гүрний дагуул социалист орнуудад ижил төстэй үйл явцыг эрчимжүүлж, улмаар коммунист ертөнцийг нураахад хүргэсэн билээ. Хоёр туйлт дэлхийн дараах цоо шинэ эрин эхлэхэд олон улсын харилцааны тогтолцоонд шинэ байр сууриа олох нь Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал болов. Олон жилийн туршид тэжээж авч явсан СССР задрснаар Монголд үзүүлдэг эдийн засгийн бүхий л тусламж зээл нь хар аяндаа зогслоо. ЗХУ 1967 онд Монголд 100 мянган цэрэг оруулж Хятадын эсрэг байршуулсан ба энэ үеэс таван жил тутамд гурван тэрбум шилжих рублийн зээл олгосоор ирсэн нь 1989 он гэхэд нийт 10 тэрбум шилжих рубль болон хуримтлагджээ. Коммунист лагерьт хэрэглэдэг биет бус нөхцөлт валют боло шилжих рублийг 1 рубль нь 0,6 америк доллартай тэнцүүл үздэг байсан болохоор Монголын Орост төлөх өр 17 тэрбум доллар болжээ.
1990 онд ардчилалд тайван замаар шилжсэн энэ улсад Зөвлөлтийн тусламж зогсоосны улмаас эдийн засгийн хүнд хямрал эхэлж, улмаар улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгаа зах зээлд шилжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон юм. Хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан газар зүйн байрлалтайн хувьд Монгол улсын цаашдын гадаад бодлогын шинэ чиглэл ноцтой сорилт боллоо. Үүний гарц нь “гуравдагч хөрш” гэсэн ойлголт болсон ба удалгүй үүнийг тус улсын гадаад бодлогын үндсэн баримт бичигт тусгасан юм. Энэний гол санаа нь Монгол Улс зөвхөн хөрш орнууд болох Орос, Хятадтай харилцаагаа бэхжүүлэх төдийгүй Өрнө, Дорнын бусад хөгжингүй, нөлөө бүхий улсуудтай (энэ бол “гуравдагч хөрш”) харилцаагаа бэхжүүлэхийг хичээж, хамтын ажиллагаагаа дээд зэргээр ашиглах ёстой. Аль нэг гүрэн эсвэл муж улсуудын хэт хараат байдлаас зайлсхийхийн тулд гадаадын бүх улстай түншлэхийг эрмэлзэнэ.
Энэхүү үзэл баримтлалд Япон улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Япон нь хүчирхэг эдийн засагтай, дэд бүтэц, технологийн өндөр хөгжилтэй, Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) хамгийн том хандивлагч. Эдгээр болон бусад хүчин зүйл нь Япон улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг тууштай баримталдагтай зэрэгцэн энэ улсыг Монголын шинэ удирдлага хамгийн тохиромжтой “гуравдагч хөрш” гэж үзжээ.
Үүний хариуд Японы улс төрийн элитүүд Монгол улстай түншлэлийн харилцаа тогтоохын ач холбогдлыг хурдан үнэлэв. Худалдаа, эдийн засаг, соёлын салбарт Японы энэ улсад үзүүлэх нөлөө нэмэгдэж, Монголын хөрсөн дэх хүмүүнлэгийн төслүүдэд оролцох, мөн Монголын нийгэмд өрнөдийн үнэт зүйлсийг сурталчлах нь өөрт нь эдийн засгийн үр өгөөж үгүй юмаа гэхэд Японы нэр хүндийг олон улсын тавцанд, ялангуяа Зүүн Азийн бүс нутагт өсгөх эерэг талтай аж. Түүгээр ч үл барам цаг хугацаа өнгөрөхөд япончууд Монгол дахь байр сууриа бэхжүүлэх нь Японы Ерөнхий сайд нарын дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” гэсэн ойлголтын нэг элемент, үүгээрээ алсын стратегийн нэг хэсэг гэж үзэж эхлэв.
Монголд захиргааны төлөвлөгөөт эдийн засаг задран унаснаар үзэл суртлын зорилгоор буй болсон үй олон хориг хязгаарлалт хар аяндаа үгүй болоход энэ байдлыг хамгийн түрүүн ашигласан орон бол Япон юм. Учир нь олон жил хаалттай нийгэмтэй байсан Монгол нь гадаадтай дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох туршлага нимгэн байсан Японтой эхэлж харилцсанаар бусад орнуултай харилцах том туршлага болж өгсөн.
1991 оны 8-р сард Японы Ерөнхий сайд Кайфу Тошики Монголд айлчилсан нь “Зөвлөлтийн хуаран”-д харьяалагдахгүй төрийн тэргүүний анхных нь байлаа. Түүнийг Монголын удирдлагатай уулзах үеэр Монголын санхүүгийн системийг шинэчлэхэд ашиглах ёстой байсан Японы санхүүгийн тусламжийн эхний багц (7 сая доллар) -ын талаар талууд тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Япон болон ерөнхийдөө гадаад улстай харилцах харилцааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм.
Улс төрийн харилцаа Эхэндээ Япон улсын хувьд Монголтой харилцах харилцааны гол элемент нь зах зээлийн загварт шилжсэний улмаас эдийн засгийн хүнд хямралд орсон, хөгжиж буй энэ улсад санхүүгийн туслалцаа үзүүлэх явдал байв. Япончуудын Монгол дахь улс төрийн сонирхол нь хоёрдогч байсан. АНУ тэргүүтэй барууны орнууд хуучин социалист орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, тэдэнд ардчилсан улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд туслах нийтлэг хүсэл эрмэлзэл дээр үндэслэсэн байсантай Японы Монгол руу хандах хандлага ижил байсан юм. Зах зээлийн эдийн засгийн загвар, түүнчлэн улс төр, эдийн засаг, соёлын салбарт нөлөө үзүүлэх. ингэснээр япончууд энэ замаар Монголтой газар зүйн болон соёл иргэншлийн хувьд ойрхон байх, мөн Азийн ардчиллын ижил загвар статустай байх зэрэг давуу талууд Японы сонирхол байсан ба үүнийг ч Монголын шинэ удирдлага хүсчээ.
1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.
Ийнхүү Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.
1991 оноос Монгопд орж ирсэн зээл тусламжийн дийлэнхийг ганц Япон даажээ. Энэ нь Японы нийт гадаад тусламжийн зууны нэг хүрэхгүй боловч хүн амтай нь харьцуулахад асар том жинтэй тусламж юм. Судалгаанд өгүүлснээр Европ, Америк нь Монголд ямар ч сонирхол, эрх ашиг байхгүйн нэгэн адил Японд ч мөн тийм сонирхол үгүй аж. Японы тусламж нь прагматик гэхээсээ симпати, романтик үзэлтэй холбоотой. Ердөө хоёр сая хүнтэй, ЗХУ, коммунизмын дарангуйлалд олон жил нухлагдсан энэ орныг эгшин зуур хөл дээр нь босгох аваас Японы нэр хүндэд сайн гэж олон хүн боджээ. Хүн ам цөөтэй, хүн амдаа харьцуулахад харьцангуй баялагтай, домог түүхээр Японтой холбоотой энэ орон нь Японы гадаад тусламжийн үр дүнг дэлхий даяар харуулах таатай хялбар үлгэр жишээ гэж зарим нөлөө бүхий япончууд бодсон бололтой. Нөгөө талаас Азийн орнуудад туслах нь Японы өөртөө хүлээсэн нэг үүрэг ажгуу.
Харин харамсалтай нь монголчууд төрийн удирдлагаасаа эхлээд энгийн ард түмэн нь хүртэл энэхүү тусламжийг хуучин ЗХУ-ын үүргийг шинээр орлон хүлээж авч байна гэж ойлгосон. Үүнд дэлхий ертөнцийг таньж мэдээгүй нь, бэлэнчлэх, тэжээлгэх сэтгэлгээтэй нь, угийн хартай нийгмийн хувьд япончуудад Монголд ямар нэг айхавтар буурьтай эрх ашиг байна гэж тааварласных нь гол шалтгаан болсон болов уу.
Зорилго нь хэт амбицтай, нөгөө талаас нүүдлийн-социализмын өвөрмөц хольц болсон сэтгэлгээтэй монголчуудын сэтгэл зүйн дадлыг ойлгоогүй учраас тусламжийн асар их мөнгө олон талаар оновчгүй байв. Үүнээс гадна япончуудын Монголтой хамтран ажиллаж байгаа үйл ажиллагаа нь дан ганц төрийнх байсан ба энэ үйлсд нь прагматик сэтгэлгээтэй Японы хувийн хэвшлийнхэн бараг оролцсонгүй. Чухам энэ талаас нь авч үзвэл Ялоны тусламж нь олон талаар хуучин ЗХУ-ынхтай их адил, өөрсдөө хүсээгүй боловч бодит байдал дээр ЗХУ-ыг орлосон шинжтэй болжээ. Төрийн үйл ажиллагаа, оролцоо ихэнхдээ оновчгүй байдаг түгээмэл хууль Японд ч үйлчилдэг аж.
Цаашид ч Япон нь ОЕСḌ-ийн хүрээнд Монголд тусалсаар байх болно, гэхдээ мөнөөх романтизм нь арилах, гутах, арга барагдах, итгэл алдрах тал руугаа нэгэнт оржээ. Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын тухайд гэвэл Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахадна.
1990 -ээд оны сүүлээс 2000 -аад оны эхэн үе хүртэл Монголын эдийн засгийн хямралын хамгийн хүнд үеийг даван туулснаас хойш Япон-Монголын харилцаанд онцолж үзмээр хандлага нэлээд өөрчлөгдсөн.
Б.Баабар /2022.09.05/
Discussion about this post