АНУ-д амьдардаг балетчин У.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Сураг нь тод ч, бараа нь харагддаггүй тэрбээр эдүгээ балетын олон улсын “World Ballet Grand Prix” уралдааны уран сайхны удирдагч юм. Сошиалд хааяа бичих нь жинтэй, Монголын үе үеийн балетчдын хүндлэлийг хүлээсэн түүнийг уншигчдадаа танилцуулахыг хүслээ.
–Холбогдсондоо баяртай байна. Таныг “Балетын домог” гэх юм билээ. Ийм алдар хүндэд хүрсэн замнал, амьдралын тань талаар сонирхож, ярилцах гэсэн юм. Та хэзээнээс Америкт амьдарч байна вэ?
-1999 оноос хойш энд амьдарч байна. Монголоосоо 1992 онд гарсан юм. Түүнээс хойш эх орондоо дөрвөн удаа, хамгийн сүүлд 2017 онд очсон.
-Бусад хугацаанд бүжиглээд завгүй байв уу?
-Ер нь бол тийм гэх үү дээ. Даруу биш сонсогдох вий дээ, санаа зовж байна. Өөрийгөө товчхон танилцуулъя. Би Улаанбаатарт төрсөн. 1981 онд 12 настайдаа ЗХУ-ын Пермь хот руу Балетын сургуульд суралцахаар явсан юм. Тэр жил найман хүү, найман охин илгээсний нэг нь би. Сургуульдаа найман жил сурч, 1989 онд төгсөн, улсынхаа Дуурь, бүжгийн театрт 2,5 жил ажиллаад, 1992 онд Москвагийн “Русский балет” театрын уран бүтээлч болсон. Тухайн үед Москвад балет тоглодог “Большой театр”, “Станиславский”, “Русский балет”, “Классический балет” гэсэн дөрвөн том театр байлаа. Ажилд орсон байгууллага маань жилийн долоо, найман сарын турш гадаадад тоглолттой байдаг байв. Барууныхан маш сайн хүлээж авдаг. Тэнд бараг 10 жил ажилласан, жилийн ихэнх хугацааг аялан тоглолтоор явж өнгөрөөдөг байсан болохоор эх орондоо очих зав олддоггүй байлаа. Социалист систем нурж, шинэ тутам ОХУ-д амьдрал сайнгүй болоод эхлэхээр нь олон жил ажилласан театраа орхиод Америкт хүрээд ирсэн. Санаа нь бол сайхан орчин, нөхцөл хайсан хэрэг. Нэг хэсэг Монголд ч, Орост ч гадаадад, ялангуяа Америкт амьдрах гоё гэж үздэг, моод болоод байлаа шүү дээ. Ирээд “Клийвлэнд Сан Хосе” гэдэг, 52 балетчинтай компанитай гэрээ хийлээ. Оросынхтой харьцуулахад цөөхүүл бүрэлдэхүүнтэй мэт тийм жижиг байгууллага. Оросын Их театр 250, бусад нь 120-140 балетчинтай байсан үе л дээ. Тэнд бол жүжгийн үеэр тайзан дээр сэлэм, жад барьж зогсдог нь ч жинхэнэ бүжигчид байдаг. Тийм мэргэжлийн талбараас сайн дурын уран сайханчдын байгууллагад орчихсон юм шиг санагдаад эхэн үедээ хэцүү байсан. Балетаар Орос илүү гэдгийг мэдсээр байж ирсэн болохоор яая гэхэв. Ажилласан.
-Стресстэж байсан байх нь ээ?
-Ер нь яггүй байсан. Гэлээ гээд буцалтай биш, дасан зохицоод амьдрахаас өөр арга байгаагүй. Москвад байхдаа гадаад орнуудаар аялан тоглолт хийх үед хоёр сар хагасын хугацаанд 60 тоглолттой байсан хүн энд улирлын тоглолтоор, арванхоёрдугаар сард долоо, найман удаа, жилдээ 20 гаруйхан удаа тоглох нь ажилгүй мэт эвгүй байлаа. Хэдийгээр принсипал буюу дээд зэргийн гоцлооч ч гэлээ тухайлбал “Жизель”-д л гэхэд ээлжилж гарах нь таалагддаггүй байсан учраас удалгүй чөлөөт уран бүтээлч болсон юм. Бүжигчин л юм бол хэзээд тайзан дээр байх ёстой шүү дээ. Компанийн харьяалалгүй болсноор эрх чөлөөтэй болж, том, жижиг янз бүрийн компаниудтай гэрээгээр ажилладаг болсон минь зөв гарц байсан. Тэгж байтал 2003 онд өмнө нь хамт ажиллаж байсан удирдлага В.Гордеев утасдаж, “Харьцангуй завтай болсон юм чинь манайхантай аялан тоглолтод яв л даа” гэснээр Америк, Орос хоёрын дунд хэсэгтээ ирэн, очин бүжиглэсэн. Тайзан дээр тоглохын зэрэгцээ Вашингтон хотын “Кировын балет” сургуульд багшилж байгаад 2008 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсан гэдэг нь өөрийн үүсгэсэн санд 65 нас хүртлээ орлогоосоо тодорхой хувийг хадгалаад байна гэсэн үг.
-“Балетын домог” хэмээх алдар хүнд аль үетэй холбоотой вэ?
-Москвад ажиллаж байхдаа боломжийн балетчин гэдгээ мэддэггүй байж. Тийм байх ёстой юм шиг л санадаг байлаа. Америкт ирээд, ер нь гайгүй уран бүтээлч байж гэж гадарласан. Орос бол балетын өөрийн гэсэн дэг сургуультай улс. Тэнд балет шилдэг таван мэргэжлийн нэгд тооцогддог. Тийм нэр хүндтэй. Ийм учраас гадаадаас балетчин авдаггүй.
-Тийм атал та аль 1992 оноос гоцлоочоор ажиллажээ?
-Москвад анхны гадаад балетчинаар нэрлэгдэж байсан минь аз юм даа гэж боддог. Тэгэх тусмаа азиуд гоцлооч байх амаргүй. Балет бол Европын урлаг. Дүр бүрийг маш нарийн бодож, тооцоолж оноодог. Балетчин өндөр нуруутай, цагаан царайтай, хөх нүдтэй байх ёстой гэж л үзнэ. Ийм орчинд америк, монгол, япон гурван балетчин хэдэн жилийн турш премьер буюу тэргүүн гоцлоочоор ажиллаж тогтсон дэг, журам, уламжлалыг эвдсэн түүхтэй. Эхэндээ хэцүү байлаа. Олны хэсэгт, тэгэхдээ бүр хойно зургаан сарын турш зогсдог юм байна. Хийдэг ажил “Жизель”-ийн Албертын сүйт бүсгүйн аавын агнасан анг үүрч авчрах, “Хунт нуур”-т тавиур дээр тавьсан дарс аваачиж өгөх. “Баядерка”-д Солорт л тоглуулах жишээтэй. Монголчууд бөх сайн мэддэг шиг, оросууд балетыг маш сайн мэддэг. Жүжигт хэдий болтол ийм үүрэг гүйцэтгэх вэ гэж бодоод, техникийн давуугаар ялгаръя гэсэн бодолтой болоод байх үед манайх Австралид тоглосон юм. “Австралийн балет” компанийн байранд бэлтгэл сургууль хийдэг байлаа. Байр шилэн ханатай тул хэн, юу хийж байгаа нь бүгд харагддаг. Нэг өдөр дасгал хийж байтал тэдний жүжигчид баяр хүргэж, алга ташаад бөөн юм боллоо. Тэгсэн, тэр орой намайг ажлаас гарах гэж байгаа гэсэн цуу яриа тарчихсан байсан. Манай дарга үнэмшсэн юм байлгүй оройн хоолны үеэр надад “Чи дараа жил уралдаанд орвол ямар вэ, “Дон Кихот”-д гол дүрд тоглоно шүү” гэх зэргээр ярьдаг юм байна. Өглөө нь балетын гоцлооч болгосон тухай тушаал гаргачихсан байсан. Түрүүн дурдсанчлан дээд зэргийн гоцлооч болгосон гэсэн үг. Энэ өдрөөс хойш гоцлоочийн олон жилийн нүсэр ажил эхэлсэн. Одоо бодоход алхаа, гишгээ, нуруу, гар, хуруу өөлөх юмгүй сайхан байж.
-Гялалзаж байж дээ.
-Тийм ээ. Москвагийн “Их театр”-аас авхуулаад Лондонгийн хатан хааны “Алберт холл”, Миланы “Ла Скала” гээд Европын бүхий л алдартай тайзуудад гоцолсон.
–Монголчууд “Ла Скала”-г сайн мэддэг. Тэр тайзнаа ганц, хоёр л монгол уран бүтээлч мөр гаргасан гэсэн ойлголттой байдаг. Гэтэл та олон жилийн өмнө бүр гоцолж байсан байх нь ээ?
-Ажлаа хийж яваа нь л тэр. Тоглоод л, нисээд өөр хотод буудаг байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Русский балет” театрынхан ирж тоглолоо л гэнэ үү гэхээс Монголын Бат-Эрдэнэ гоцоллоо гэхгүй. Бидний хэн нь ч энэ талд юм боддоггүй байлаа. Тэтгэвэрт гарсан хойноо, өөрөөр хэлбэл жаахан завтай болохоороо хэзээ, хаана, хэрхэн тоглож явлаа даа гээд бодтол үзүүлэх зураг, дүрс бичлэг гэхээр юм маш цөөн байв. Зураг бол мэр сэр бий. Гэтэл мөдхөн интернэтээс дүрс олдоод. “Русский балет”-ынхан түүхэн тоглолтуудаа youtube-д тавьсныг мэдээд, нөхөдтэйгөө холбогдож, нэлээд хэдэн бичлэгтэй болсон юм.
-Дарга тань уралдаанд оруулсан уу?
-Оруулсан. 1993 онд болсон Москвагийн уралдаанд мөнгөн медаль авсан. Дэлхийд Москвагийн, Варнагийн, Хельсинкийн, Парисын гэсэн дөрвөн том уралдаан байдгаас эхний хоёрыг спортоор бол олимп, ДАШТ-тэй зүйрлэдэг. Манай улсын балетчин, Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийнхаас хүрэл медаль хүртэж байсан юм билээ. Энэ бол А зэрэглэлийн уралдаан.
-Монголын балетын түүхэнд тодоор бичих хоёр том амжилт юм байна шүү дээ.
-Тийм гэж боддог. Сүүлдээ, ялангуяа 2005, 2006 оноос хойш балетын олон улсын уралдаанууд үндсэндээ оюутнуудынх болсон. Тэтгэлэг авах, үгүй бол сайн ажил олох гэсэн залуу балетчдын өрсөлдөөн байх болж. Жинхэнэ балетчид нь оролцдоггүй. Муу гэхгүй л дээ. Уралдаанууд нэр хүндээр өөр, өөр байх болсон тул алинд нь оролцохоо онож сонгох нь чухал гэж хэлж байгаа юм.
-Та “балетын домог” гэсэн тодотголыг тойрч яриад байх шиг.
-Энэ яах вэ, мэргэжил нэгт уран бүтээлчдийн хэлсэн үг. Хамгийн сүүлд Украины Вадим Писарев “Дэлхийн номер нэг виртуозод төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн байсан. Миний 25 жилийн өмнө гаргаж ирсэн зарим үсрэлт, эргэлтүүдийг одоо балетчид хийж эхэлж байгаа болохоор ингэж үнэлээд байгаа бололтой. Тухайн үед би их хэцүү хувилбараар үсэрч, эргэдэг байлаа л даа. Интернэтээс харж болно. Өөрийгөө бусдын хийдэггүйг хөнгөхөн гүйцэтгэж байгаагаа мэддэг байсан. Гэхдээ онгирох ч юм уу, орон орныхноос илүү байна гэж бардамнадаггүй байлаа. Чадах ёстой л гэж үздэг. Нэг ялгаа бий. Би 23 настайдаа шилбэнийхээ ясанд төмөр суулгуулсан юм. Ачаалал хэрээс хэтэрснээс яс үхжиж, хорхой идсэн мэт болчихсон байсан болохоор мэс засал хийж, эмчилсэн. Хөлийн хурууг ч хөдөлгөхөд хэцүү хүнд нөхцөлөөс өндийж дахин бүжиглэсэн юм. Олон жилийн турш үсрээд буух үед өвддөг байлаа. Гэсэн ч шүд зуугаад ажиллаад л байдаг байв. Ийм үедээ ч өөрийн бий болгосон техникийг орхилгүй, “амьтай” байлгасныг миний үеийнхний зарим нь мэддэг болохоор илүү хүндэлдэг байх.
–Тийм өвдөлтийг тэвчиж бүжиглэж л байдаг.
-Ажил юм чинь. Мэргэжлийн дур, өөрийгөө ялан дийлэхийн “өвчин” гэж бий. Балетчид хамгийн тэвчээртэй хүмүүс. УДБЭТ-ын балетын гоцлооч Б.Саруул гэхэд хөлдөө хоёр удаа мэс засал хийлгээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг бүжиглэж байна. Театрын бүхий л жүжгийн гол дүрүүдэд олон жил тоглосон энэ балетчины хөдөлмөрийг төрөөс ид байгаа үед нь үнэлдэггүй юм байх даа гэж боддог. Монголд чухал учраас хэлж байгаа юм. Эрүүл мэнд талаас зовлон ижил болохоор би дүүд хувиараа зөвлөгөө өгдөг.
-Та аргагүй домог юм байна аа. Дэлхийн балетад 25 жилээр түрүүлж алхаж.
-Баярлалаа. Гадаадынхан хэн, хаана, ямар амжилт үзүүлж байсан талаар судалгаа сайтай байдаг. Манайхан төдийлөн анзаардаггүй юм шиг санагддаг. БНСУ-д ажиллаж байгаа балетын гоцлооч О.Ганцоож “Таны тухай ерөөсөө мэддэггүй байж. Бичлэгүүд үзлээ. Та “аймаар” бүжиглэж байжээ” гэж байна лээ. Мэргэжил нэгт нөхөд, дүү нар ойлгосон байх нь аятайхан санагддаг.
-Та Орост ажилладаг балетын гоцлооч Р.Булганы амжилтын талаар бичих үедээ нэлээд бухимдсан байсан. Хүмүүс хов живийг дэвэргэж, хэрэгтэй мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон гэсэн байсан уу?
-ОХУ-ын Пермь хотын Дуурь, балетын театрт тус улсын алдарт балетчин Екатерина Максимовагийн нэрэмжит олон улсын уралдааны нээлтэд зориулж шинээр тавьсан “Анюта” балетын гол дүрд тэнд тэргүүлэх гоцлоочоор ажилладаг Р.Булган гуравхан өдөрт бэлтгээд бүтээсэн маш өндөр амжилт гаргалаа. Уг дүрийг бүтээх ёстой байсан жүжигчин өвдсөн гэл үү, юутай ч нээлтийн тоглолт нурах аюултай болсон үед тийм богино хугацаанд сураад, бас болоогүй дэлхийн балетын хаан, эдүгээ 80 орчим настай Васильевтай хамт бүжиглэсэн нь манай улсын балетчдын дунд байгаагүй түүхэн амжилт гэж бодож байгаа юм. Баяр хүргэсэн. Гэтэл Монголд энэ тухай огт сонсоогүй юм шиг нам жим байхад нь гайхаад. Балетчид бол мэдсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ дуулаагүй мэт чимээгүй өнгөрөөхөд нь суух аргагүй болоод чадахаараа фэйсбүүктээ дургүйцлээ илэрхийлж бичсэн юм. Сүүлийн үед монголчууд маань анхаарах, ач холбогдол өгөх мэдээлэл аль нь вэ гэдгийг ялгахаа байчихсан мэт. Монгол хүн мэргэжлийн, бараг байж боломгүй өндөр амжилт гаргасан тухай дуулгахад хариу байхгүй. Тэгсэн мөртлөө хэрэггүй, хов жив, хар бараан мэдээ, мэдээлэл, сураг ажигт жигтэйхэн соргог, хөөргөөд л, дэвэргээд л явчихдаг болж. Хийх юмгүй, завтай хүмүүсийн араншин юм болов уу. Битгий ийм муухай байгаач дээ гэж хэлмээр. Р.Булган “Анюта”-гийн гол дүр Анютагийн дүрийг азиудаас анхлан бүтээсэн балетчин боллоо. Мөн балетын хаан Васильевтай бүжиглэсэн анхны монгол эмэгтэй балетчин боллоо. Энэ бол маш чухал үйл явдал. Энэ охины нэрийг Оросын театрын хамгийн нэр хүндтэй “Алтан баг” (Золотая маска) шагналд нэрийг нь дэвшүүлсэн байна лээ.
–Та энэ “хаан”-тай хамт бүжиглэж байв уу?
-Нэг удаа хамт бүжиглэсэн. Бараг 30-аад жилийн өмнө юм байна.
-Уран бүтээлийн тухай яриад л баймаар байна. Сонины зай талбай хязгаартай юм даа. Бичиж байх явцдаа тоглолтын бичлэгүүдийг үзлээ. Гайхамшигтай, төгс балетчин юм байна, та. Домог гэх нь аргагүй аж. Дараа тухтай ярилцъя гэж бодлоо. Та нэлээд орой гэрлэсэн бололтой.
-Тийм ээ. 2007 онд ханьтайгаа хуримаа хийсэн юм. 36 настайдаа гэрлэж, 45-тайдаа аав болов. Миний гэргий бас балетчин. Орос, украины эрлийз сайхан бүсгүй бий. Танилцаж үерхэн, олон жил хамт амьдарсан ч, эмэгтэй хүнийг тайзнаас нь эрт буулгахгүйг хичээж, гэрлэхийг хойш тавьсаар байсан юм. Бид хөөрхөн охинтой.
-Охин нь балетаар хичээллэдэг үү?
-Тийм ээ.
Сэтгүүлч Р.Оюунжаргал “Өнөөдөр” сонин
Discussion about this post