Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртөж, цээжин тус газраа 2 удаа буудуулсан. Түүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд дэлхий нийтээрээ түүнд санаа зовж байна.
Тэнгисийн цэрэгт алба хааж байсан 42 настай Ямагани Тэцүя гэх эрэгтэй түүнийг сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байхад нь хоёр удаа ар нуруунаас нь буудсан юм .
Болсон явдлын дараа Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Ямагата мужаас шууд Токиод ирж мэдээлэл хийлээ.
Тэрээр “Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсан явдлыг сонсоод маш их харамслаа. Хоёр хоногийн дараа болох сонгуульд ямар нэг нөлөө үзүүлэх үү гэж сэтгүүлч надаас асуулаа. Бидэнд одоо хамгийн чухал нь Шинзо Абэгийн амь насыг аврах эрхэм байна. Эмч нар чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэж байна. Цаашид авах арга хэмжээг Засгийн газраас хуралдаж шийднэ” гэлээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, халдлагатай холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын штаб байгуулаад байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида сонгуулийн бүх үйл ажиллагааг түр зогсоожээ.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо руу халдсан гэмт этгээд эхний мэдүүлгээ өгчээ. Тэрээр “Би Абэд дургүй байсан, хөнөөхийг хүсэж байсан” гэж мэдүүлсэн байна.
Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, хэргийг шалгаж байна.
Японы хэвлэлээр Абэ Шинзог эмнэлэг рүү тээвэрлэх явцад биеийн байдал нь улам муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон хэмээн мэдээлж байна.
Discussion about this post