Конрад Аденуар Сангаас санаачлан хэрэгжүүлдэг Улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөр буюу KAS Political Empowerment College“ (KAS-PEC) хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос тавдугаар сарын уулзалтад Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урилгаар оролцлоо.
Уулзалтаар Украин, Оросын хооронд үүсээд буй нөхцөл байдал, үүний Монгол Улсад үзүүлэх нөлөө, Ардчилсан намын хагарал зэрэг асуудлаар ярилцлаа.
“БИ ПУТИНТЭЙ 32 УДАА УУЛЗСАН”
ОХУ-ын эрх баригчид Украин руу дайрах болсон талаар хоёр таамаг дэвшүүлж буйгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэллээ. Нэгдүгээрт, Украин НАТО-д элсэх гэж хэмээн дайрсан нь шалтаг. “Украин НАТО-д элссэн ч ОХУ руу дайрна гэсэн ойлголт байхгүй. Харин жинхэнэ шалтгаан нь Украин ЕХ-той илүү гүнзгий харилцаатай болоод эдийн засаг нь өсөж, украинчууд Европ руу визгүй зорчдог, ардчилсан, ОХУ-тай харьцуулахад илүү хөгжингүй улс болбол ОХУ-д муу жишээ болно. Өнөөдрийн Оросын удирдагч нарт муу үлгэр жишээ болно. Эрх чөлөөгөө сонгосон улс орон амжилтад хүрчих бий гэдгээс л Путин айж байна” гэв.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Путин дурсамжийн төлөө дайн хийж байна. “Би Путинтэй 32 удаа уулзсан. Тэр хүн маш олон зүйлийг бодсон байгаа. Оросын иргэдээс 20 дугаар зууны Оросын агуу удирдагч хэн байсан бэ гэж асуувал Сталин гэж хариулдаг. Үүний нэгэн адил 50 жилийн дараа ч юм уу 21 зууны Оросын агуу удирдагч Путин байсан гэдэг дурсамжийн төлөө энэ дайныг хийж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ДАЙНААР АСУУДАЛ ШИЙДДЭГ АРГА ХУУЧИРСАН ГЭДГИЙГ ПУТИН ТООЦООЛООГҮЙ
Өнөөдөр дэлхий даяараа дайныг эсэргүүцэж, жигшиж байна. Зэвсэгт мөргөлдөөн, дайны аргаар аливаа асуудлыг шийддэг арга барил хуучирсан гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ удаад тооцоолоогүй. Нэг мэхийг хоёр хийж болохгүй. 2014 онд ОХУ Крымийг эгнээндээ нэгтгэхэд дэлхий нийт яаж ч чадаагүй. Мөн тухайн үед Оросын ард түмний 98 хувь нь Путины улс төрийн бодлогыг дэмжсэн. Харин энэ удаагийн Украинд хийсэн дайнаар 2014 оных шиг дэмжлэгийг ард түмний зүгээс авна хэмжээн тооцоолж ч эсрэгээрээ болсон гэлээ.
Мөн Украинд армиа оруулсны дараа тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийг эх орноо орхиод зугтана гэж тооцоолсон ч тэрбээр “Надад унаа хэрэггүй. Харин зэвсэг хэрэгтэй” гэж Европын холбооны удирдагч нарт хэлсэн.
Харин Монголын төр, засаг энэ дайнтай холбогдуулан байр сууриа илэрхийлэх хоёр сонголт байсан гэж боддог. Нэгдүгээрт, дайныг шууд эсэргүүцэх. Ардчилсан улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдаж буй үйлдлийг эрс шүүмжилж буйгаа илэрхийлэх нэг сонголт. Хоёрдугаарт, Украин, Оросын асуудлаар түдгэлзсэн байр сууриа илэрхийлэх.
ЯЛАЛТЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОРОЛЦСОН НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ
Ялалтын баярыг тохиолдуулан Улаанбаатарт зохион байгуулсан арга хэмжээнд төрийн албан хаагчид оролцсон нь байж боломгүй үйлдэл хэмээн тэрбээр буруушаав. Энэ талаар “Төр ийм алдаа гаргаж болохгүй. Хөршүүдийнхөө өмнө юун дээр хазаараа татах, юунд буулт хийх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. ОХУ Украинд дайн зарласны дараа Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн бичиг баримтад гарын үсэг зурсан. Үүнийг хойшлуулж болох байсан. Европт хийн хоолойг хаана гэж байхад өөр нэг газар нээх талаар ярилцаж байна гэсэн Оросын сурталчилгаанд ашиглууллаа. Монгол цэргүүд Улан-Үдэд Ялалтын баярт зориулсан цэргийн парадад оролцлоо. Энэ бол байж боломгүй асуудал” гэв.
Орос, Украинд үүсээд буй нөхцөл байдал манай улсын эдийн засагт хэдийнээ нөлөөллөө үзүүлээд эхэлсэн гэдгийг тэрбээр онцоллоо. “Ер нь 1990 оноос хойш ОХУ-аас манай бараанд тавьдаг татвар маш их нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол ОХУ-ын эдийн засгийн хоригт байдаг. Монгол Улс ардчиллыг сонгосны нэг төлөөс нь энэ байв. Өнөөдөр бид ОХУ-аас шатахуун, эрчим хүчээ авахад 2 тэрбум ам.доллар зарцуулж байхад Оросууд манайхаас 100 сая ам.долларын бүтээгдэхүүн авдаг” гэлээ.
АРДЧИЛСАН НАМ ЯВАН ЧАНГАРНА
Ардчилсан намын хагарлын асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам нийлж нэгдэх хэрэгтэй. Улс төр яриад явбал улс төр хэвээрээ үлдэнэ. Ардчилсан намд үүссэн хагаралд санаа зовж, нийлэх ёстой гэж гишүүд, дэмжигчид ярьж буй нь манай нам давах ёстой даваа, орох ёстой шүүлтүүрээр орж байгаагийн нэг илрэл. Миний бодлоор Ардчилсан нам яван чангарна. Эрх баригч нам ялзрал руу явж байгаа бол Ардчилсан нам өсөлт үзүүлнэ” гэв.
Өчигдрийн /2022.05.10/ уулзалтад КАСПЕК хөтөлбөрийн төгсөгчдөөс гадна
- КАСКАП буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр, эдийн засаг, эрх зүйн ур чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр,
- Үндэсний болон Германы тэтгэлэгт хөтөлбөр,
- Залуу эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр
- Улс төрийн сэтгүүл зүйг дэмжин хөгжүүлэх хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл бүхий нийт 40 гаруй хүн оролцсон юм.
Конрад Аденуэр Сан нь залуучуудын улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх, улмаар шинэ үеийн улс төрчдийн боловсрол, хөгжлийг дэмжих зорилготой олон төрөлт хөтөлбөрүүдийг Монголд Германы ард түмний дэмжлэгээр явуулсаар гуч гаруй жил болжээ.
Discussion about this post