“Сахал” Эрдэнэбилэгийн “сахлаар оролдсон” Хөгжлийн банкны мөрдлөг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Монголын төр Д.Эрдэнэбилэг гэж “потенциальны” ганц хулгайчтай болсноо гэнэт мэдэв. Одоогоор өөр өрсөлдөгч гараагүй байна. Мөн түүний хөрөнгө оруулсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд хурааж авав. Зээлээ төлөөгүй компанийг банк хурааж авдаг гэж мэдэхээс төр авдаг тухай ойлголт өнөөдрийг хүртэл бидэнд байсангүй.

ХХБ-ны ТУЗ-ын дарга “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих тухай хүсэлтээ АТГ-аас өчигдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ. Энэ мэдээлэл өнгөрч буй долоо хоногийн гол сенсаац болов. Нийгмийн сүлжээгээр явж буй алга ташилт, уухайг үзвээс ач холбогдлоороо Ерөнхий сайдын УИХ-аар хэлэлцүүлж буй Төсвийн хэмнэлтийн хуулиас давж унах бололтой юм. Гомдолтой нь баривчлах хүсэлтийг прокурор луу илгээснээс хойш, мөн Д.Эрдэнэбилэгийг  цагдан хорилоо гэдэг мэдээ нийгмийн сүлжээгээр цацагдсанаас хойш 24 цаг өнгөрчихөөд байхад түүнийг цагдан хориогүй л байна. Хуулийнхан маань өмнөх шигээ “барилаа, тавилаа” гэдэг спорт загасчлал маягаар ажиллахаа больчихсон юм болов уу даа.

АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч залуугийн хэлснээр бол ЭХХШТХ-ийн 14.9.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа учраас” цагдан хорих хүсэлт гаргасан юм байна. Гэхдээ яг ямар үйлдлээр нь ямар гэмт хэрэгт буруутгасан бэ? гэдэг гол асуулт одоо хүртэл хариултгүй л байна. Бодвол “Хөгжлийн банкны хэргээр” л гэх байх л даа.

За, Эрдэнэбилэг гэдэг нэг хүний хувь заяа яахав. Гол нь Хөгжлийн банк маань юу болохоор болсон бэ?

Өнгөрөгч сарын сүүлээр /2022.03.29/ УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооноос энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Сонсголын үеэрХөгжлийн банкинд ажилласан УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын ажлын хэсэг, Аудитын байгууллага болон Монголбанкны шалгалтын дүнг танилцуулсан.

Тухайлбал, Засгийн газраас 2016, 2019 онд хоёр удаа ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкийг шалгасан байна. Эхнийх нь буюу 2016 оны наймпугаар сард ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг 1,4 их наядын зөрчил илрүүлжээ. Үүний дараа Засгийн газар тогтоол гаргаж,

-Шалгалтын дүнг нийтэд мэдээлэх

-1,4 их наядын зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулах,

-Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3 их наядын 371 төсөлд нарийвчилсан шалгалт хийж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм байна.

Үүнээс хойш зургаан жил өнгөрчээ. Сая УИХ дээр болсон нээлттэй сонсголын үеэр шалгалтын үр дүнг хэлэлцэх гэсэн чинь “Нууцын зэрэгт байсан тул шалгалтын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл байхгүй” гэдэг хариултыг авсан байна. Нууцаар хэрэгжүүлэхийн тулд ямар нэг далдын хар малгай мэтийн зүйл өмсдөг бололтой, тэр өөр бусад хүмүүст харагддаггүй.

2019 онд дахин шалгасан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга (одоогийн Ерөнхий сайд) ахалсан. Шалгалтын дүнг хэлэлцээд Засгийн газрын 169-р тогтоолоор холбогдох байгууллагуудад нь бас тодорхой үүрэг чиглэлүүд өгсөн байдаг юм. Хөгжлийн банкны захирал Ч.Энхбат 2021 оны нэгдүгээр сарын 17-нд “Тогтоолын хэрэгжилт 100 хувь биелсэн” тухай ЗГХЭГ-т албан бичгээр мэдэгдсэн юм байна. Одоо юу хэрэгтэй гэж?

Гэвч 2022 он гарлаа. Хөвдөн доогуур ассан түймэр шиг Хөгжлийн банкны асуудал гэнэт босч ирэв. Монголын төр “сахал” Д.Эрдэнэбилэг гэж “потенциальны” ганц хулгайчтай байснаа гэнэт мэдэв. Одоогоор өрсөлдөгч гараагүй байна. Мөн түүний хөрөнгө оруулсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд хурааж авав. Зээлээ төлөөгүй компанийг банк хурааж авдаг гэж мэдэхээс төр авдаг тухай ойлголт өнөөдрийг хүртэл бидэнд байсангүй. Өчигдөр “Улаан бал”-аар орохдоо ярьж байна лээ. Үйлдвэрийг өр зээлтэй нь хамт 41 тэрбумаар худалдаж авсан. Хуучин үйлдвэр өнөөдрийг хүртэл цоожтой байгаа, нэг ч машин асаагаагүй. Хөгжлийн банк болон арилжааны бусад банкнаас авсан зээлээрээ цоо шинэ үйлдвэрийг хажууд нь байгуулсан. (Тэгэвч олон хүн зүгээр л “сахал” Эрдэнэбилэг нь сахалгүй байсанд л гайхсан гэх) Энэ хэрийн том төсөл зардлаа нөхтөлөө багадаа 10 жил болдог юм аа гэж.

Тэгсэн яав? Яг зардлаа нөхдөг цаг дээр төр хураагаад авчихсан. Одоо МАК-ийн үйлдвэр, Монполимет хоёрыг бас яах юм байгаа юм. “Монполимет” гэхэд жишээ нь “амжилттай хэрэгжсэн төслүүд”-ийн жагсаалтанд орчихсон, тэгсэн мөртлөө хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд орчихсон яваа. Тэрийг ч гэсэн төрд авах уу?

Төрд аваад байхаар сайжирчихдаг уу? гэтэл төрийн өмчит компаниуд нь бүгд Хөгжлийн банкнаас зээлтэй, хагас нь өрөө төлөөгүй. “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК (одоо НОСК болсон) хоёр хамгийн том нь. Тэдний тухай, төрөөс томилсон захирлуудтайгаа нэг ч хариуцлага ярихгүй мөртлөө нөгөө муу хувийн хэвшлийнхнээ ноолно.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн хэмнэлтийн бодлогоо танилцуулахдаа “төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгаж, худалдах арга хэмжээ авна” гэв. Энэ бол сайн. Үр ашиггүй компаниудыг төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд, даргад дуртай хэсэг нөхдөд сандал ширээ бэлдэж өгөөд, цалин цавуугаар эрхлүүлж байхаар чаддаг, мэддэгт нь өгсөн нь дээр. Энэ үүднээсээ үр ашиггүй компаниудаа татан буулгах, зарах нь төрийн эрх. Зөвхөн төрийн өмчит компаниудын тухайд шүү дээ.

Харин яаж ч бодсон хүний хүний хувийн өмчийг “үр ашиггүй, өрөө төлж чадахгүй байна” гээд хурааж авах нь төрийн ажил бишээ л гээд байгаа юм. Хувь хүн Д.Эрдэнэбилэг Хөтөлийн цементийг дампууруулна уу, зарна уу, өөрийнх нь эрх. Хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Төр түүнд мөнгө зээлдүүлээгүй, Хөгжлийн банк бол төр биш.

Харин тэр АТГ-аас өчигдөр цагдан хорих хүсэлт гаргасан болон эрүүгийн хэргийн зүйл анги нь бол ч энэ зээлтэй холбоогүй байх аа. Зээлээ төлж чадаагүйн төлөө хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татдаггүй. Татдаг байлаа ч явдаг процесс нь, шалгадаг субьект нь ч арай өөр. Гол нь банкны зээлийн барьцаанд байгаа хувийн өмчийг төр дундаас нь хурааж, булааж болохгүй гэсэн санаа.

Нарийн яривал “Эрдэнэс Тавантолгой”-г өрөнд оруулсан хүн нь хэн бэ? гэдэг асуудал ч бас төртэй холбогдоно. Засгийн газар шийдвэр гаргаад сүүлийн 2-3 жил монголчуудын цахилгаан, дулааны мөнгийг “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлогоор төлсөн. Татварын дараах ашгаас биш, борлуулалтын орлогоос нь шууд хамсан. Хэрвээ төр өөрөө ийм ачаа үүрүүлээгүй бол ЭТТ өнөөдөр ийм байдалд орох байсан уу? Одоо тэгээд түүнийгээ татвар төлөгчдийн мөнгөөр цайруулах уу? Нэг ёсондоо төрийн хийсэн бизнесийн алдагдлыг иргэд, ААН-үүдийн халааснаас төлүүлнэ л гэсэн үг шүү дээ. Төр ингэн ингэн бизнес хийх хэрэг байна уу?

Хоёр долоо хоногийн өмнө хотын төв талбайд жагсаал зохион байгуулсан залуучууд Засгийн газарт 15 багц /270 орчим санал/ шаардлагыг Засгийн газарт хүргүүлсний 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэхтэй холбоотой саналууд байсан гэнэ. “Ажлаа хий” нэртэй энэ жагсаалын гол уриа нь юу байлаа? Хөгжлийн банкны хэргийг шударгаар шийдээч ээ, хариуцлага тооцооч ээ л гэсэн. Харин тэр хариуцлага нь зөвхөн иргэнийхээ, баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр буудаг, төр өөрөө ямар ч хариуцлага хүлээдэггүй бол энд шударга ёс тогтох уу?

Хөгжлийн банкнаас зээл олгох хуулийн шаардлагыг хангаагүй мөртлөө зээл авсан наян компанийн нэр жагсаалтад бичээстэй байна. Тэд өөрсдөө ороод мөнгөө үүрээд гарсан уу, эсвэл хэн нэгэн эрхтэн дархтан тэдэнд боломж олгож, ашиг хүртсэн үү? Нөгөө зээл олгоход хөндлөнгөөс нөлөөлсөн хорь гаруй (Ерөнхий сайдын хэлснээр бол “хорин хэдхэнээр тогтохгүй”) УИХ-ын гишүүд хаачсан бэ? Тэдний нэр ус яагаад зарлахгүй, хариуцлагын тухай сонсогдохгүй байна вэ? Энэ ч гэсэн төрийн хүлээх ёстой хариуцлага мөн.

Ядаж л 2016 оноос хойш Хөгжлийн банкинд оруулсан тэр олон шалгалтын араас (УИХ, Аудитын байгууллага, Монголбанкаас орсон шалгалтыг оролцуулаад)  юу хийсэн, яагаад өнөөдрийн нөхцөлд хүрсэн гэдгээ тайлагнах ёстой биз дээ. Эсвэл яагаад, ямар эрх ашгийн үүднээс юу ч хийхгүй өдий хүрсэн бэ гэдгээ…

inews.mn

Next Post

Discussion about this post