Монголын залуучууд нэг л өглөө улсынхаа төв талбайд ирж уриа лозунтай жагссан сэтгэл долгилуулсан мөчүүд одоо ч байн байн бодогдсоор. “Ирээдүйн өнөөдрөөс эхэлдэг”-ийг сануулсан залуусын гарт эх оронд амьдрах боломж нөхцлийг нэхсэн шаардлага атгаастай байсан болохоос эрх мэдэл, улстөржилт байсангүй. Тэр өдрөөс хойш арав гаруй хонов.“Залуусын байгууллагыг толгойлж, залуу насаар тугхийж өнөөгийн өндөрлөгт хүрсэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч Улсын Ерөнхий сайдын хувиар тэдний шаардлагад хэрхэн хандах бол?”гэдэг надад сонирхолтой байсаан. Залуусын жагсаалын индэрт балмагдсан, бадарсныг хослуулан түүний хэлсэн үгсээс илүү “Залуусын тайван жагсаал юуг өөрчлөх бол” гэдэг нь бүр ч илүү чухал байв.
Залуусын тайван жагсаалын үеэр 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 орчим саналыг Засгийн газар дор нь нягтлаад ангилчихсан гэсэн. Ингээд үзтэл 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авлига, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийг хийхтэй холбоотой саналууд байж гэнэ. Засгийн газар эдгээр асуудлуудын 60 орчим хувийг ойрын хугацаанд шийдвэрлэх, үлдсэн хувь нь тогтолцооны шинэчлэлийг хийх байдлаар дунд хугацаанд шийдэгдэх боломжтой гэж үзжээ. Мөн тэдний яаралтай томилсон судалгааны багийнхныүзсэнээр цар тахлын нөлөөнөөс үүссэн хямралаас салж ядан байхад залгуулаад ойрын хөрш ОХУ-Украины дайны нөлөөнөөс үүдсэн хямралаас болж чамлахааргүй хугацаанд үнийн өсөлт үргэлжилсэн болохоор залуучуудын тайван жагсаалыг тогтолцооны реформ шаардсан нийгмийн захиалга гэж тодорхойлсон бололтой.
Энэ дүгнэлт хол зөрөөгүй. Залуучууд суурь реформ хүссэн. Үүнд нь ч суурилж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрүүдээ гаргасан. Анхааруулж хэлэхэд “Залуу” гэсэн тодотголтой Ерөнхий сайд Залуусынхаа өмнө худлаа хэлж болохгүй. Энэ нь эргээд өөрт нь маш хортой. Тийм учраас эхний ээлжинд тулгамдаад байгаа үнийн өсөлтийн эсрэг, төгрөгийг үнэ цэнтэй болгохын төлөө юу хийх шийдвэрээ, шударга ёсыг дээдэлж хууль бус бүхэнтэй тэмцэх, төсвийн үрэлгэн байдлыг арилгах үүнд 38 агентлагийн дэд даргын албан тушаалыг deleteхийх, ингэхийн тулд холбогдох хууль тогтоомжуудадболон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгээ амласан.
“Хямд лапша, цуйвангийн бодлого”-оор хямралын шокыг давж чадах уу?
“Ажлаа хий!”шаардлагын хүрээнд арав хоногийн дотор юу хийснийг эргэн харцгаая. Хамгийн эхлээд эдийн засгийн түр хугацааны шокоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор батлууллаа.
Үүнд шатахуун импортлогчид, гурил, мах, ургамлын тос үйлдвэрлэгчид, тариаланчид хамрагдсанаас үзэхэд ямар ч байсан “лапша, цуйвантайгаа” байх дээр үнийн өсөлтгүй байх бололтой. Мөн цагаан будаа болон элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн албан татварын 5 хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болжээ. Өөчилж гоочлолгүйгээр үнэнийг хэлэхэд энэ маш чухал шийдвэр юм. Яагаад гэвэл дэлхийн улс орнууд, ялангуяа хөрш орнуудад цар тахлын болон геополитикийн хямралын шок төсөөлөөгүй олон эрсдлийг бий болгож хүнсний хангамжийн асуудал онцгой анхаарал татаж нийтээрээхүнс, шатахууны нөөцийг төрийн бодлогын хэмжээнд нэн чухал болоод байна. Хуулийг батлуулсан нөхцөл байдлын тухайд хэдэн тоо хэлье.
Юуны өмнө жагсаал болох үеийн тоон мэдээллээртухайн цаг мөчид дэлхийн санхүүгийн байгууллагуудын тооцооллоор газрын тосны үнэ 50 хувь, Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 хоногт улаанбуудайн үнэ 40 хувь өсч, мах, махан бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн таамаглалуудыг дэвшүүлж байсан. Ялангуяа хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсч, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын тооцооллоор дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэлээ гэж зарлаж байв.
Манай “гал тогооны өрөө” гэж эмгэнэлтэйгээр хочилдог БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж “Тэг-Ковид” бодлогоосоо болж хаяа хатавчаа хаачихаад байгаа нь инфляцид нөлөөлж байна. Үүнийхээ шалтгааныг ангилахаар яалт ч үгүй л өсөж 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж, шатахууны үнэ 48 хувь буюу хамгийн аймшигтайгаар нөлөөлж байна. Махны үнэ 16 хувиар, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 7 хувиар нэмэгдээд байгаа нь үнэн болохоор “лапша, цуйвангийн” бодлогыг ойлгож эвлэрэхээс өөр аргагүй мэт.
Ингээд энэ хуулиа батлууллаа, “есийн тос”-ны борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж, нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хүүгийн татаасыг төсвөөс олгохоор боллоо. Бүх төрлийнхүнсний агуулах, зоорь барих, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжинэ гэв. Хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд энэ шийдвэр нь хэрхэн нөлөөлөхийг одоо хэдүүлээ тооны машин бариад хараад суучихна гэсэн үг биш л дээ, хуулийн шийдвэрийг “хэрэглэнэ”, үр дүнг нь хүртэх эрхтэй. Шатахууны тухайд импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож, зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй холбогдох асуудлыг нь бүрэн шийдвэрлэнэ гэсэн. Төрийн чадах зүйл энэ бөгөөд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан гэж хэлсэн. Ер нь үнийн өсөлтөөр шатахуун импортлогчид ийм хөнгөлөлт эзэлсээр ирсэн байдаг л арга хэмжээ боловч Ерөнхий сайдын хувьд “Энэ арга хэмжээ шатахууны үнийг тодорхой хугацаанд тодорхой хэмжээнд тогтоон барих байх. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе” гэж онцолсон нь цаанаа “Хүсээгүй арга хэмжээ” гэдгээ залуустаа тайлбарлаж “Чөлөөт зах зээлийн эсрэг шийдвэр гаргаж буйдаа гэмшсэн, эмгэнэсэн” мэт сонсогдсон билээ. Гэхдээ бодит байдал дээр шатахуун бол яах аргагүй л суурь үнийг хөөрөгддөг учраас “юу ч хийхгүй байснаас л дээр” буюу хожмын өдөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн” асуудалд орох магадлалтайг ч өөрөө мэдэж байгаа байх. Өнөөдрийн хувьд бол түүний зүгээс үнийн өсөлтийн эсрэг хийж чадах л зүйл нь энэ биз ээ.
“Гал руу гараа дүрэх” шийдвэрүүд нь ганцаардал авчирч мэдэх ч тэр хийх ёстой
“Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар тогтлоо” гэж Ерөнхий сайд жагсагч залууст зарласан. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээнүүд нь онцгой анхаарал татсаар байна. Хэдийгээр жижиг зүйл мэт санагдаж шоолуулж буй хаана, аль дарга ямар машин унах тухай шийдвэрүүд нь чухал биш мэт харагдаж байгаа ч тоон утгаараа хэмнэлт мөн. Тэгээд ч тайван жагсаалд оролцсон залуусын маань л гараараа бичиж өгсөн шаардлага шүү дээ. Гараар бичиж өгсөн шаардлагад “Засгийн газар танаж болох зардалдаа хэмнэлт хийх.
Албаны автомашин болон албан тасалгааны шинэчлэлт үргүй зардалыг зогсоох, төрийн гурван өндөрлөгөөс бусад албан хаагч нарын албаны унааг хязгаарлах. Утасны төлбөр, шатахууны зардал, гэх мэт өөрт оногдох зардлыг төрийн хангамжаас хасах…” гэхчлэн бичсэн байсан.
Энэ шаардлагын дагуу Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, “Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ”. “Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадагшаа томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ”, “Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна”, “Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна” гэхчлэн хуулийн төсөлдөө тусгасан. Мэдээж хэрэгжүүлэхэд амаргүй зүйлүүд ч бий. Жишээ нь дээр дурдсан 39 нэгж, нэгтгэн нийлүүлэх арав, татан буулгахарван компани, ажилгүй болох 38 дэд дарга гэхчлэн гараараа гал барихтай адил халуухан шийдвэрүүд гаргасан ч залуустаа амласан болохоор хийх л ёстой.
Түүнчлэн залуусын тавьсан шаардлагуудаас хамгийн их жин дарсан гурван үндсэн асуудлын дагуу “Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгоно”, “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ”, Нийслэл хотын цэцэрлэг сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн хүүхдийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг 2 дахин нэмнэ. ААН өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасч тооцно” гэх шийдвэрүүдийг гаргасан нь Төв талбайдаа зориг, зорилгоо нэгтгэн жагссан залуус төр засагтаа эхний даалгавраа өгч чадсан хэрэг боллоо гэж үнэлж дүгнэхэд бодит байдлаас хазайхгүй байх.
Хавар ирж байна. Залуусын хавар тайван замын жагсаалтаар эхэлж гоё жишгийг харууллаа. Энэ нь Засгийн газар, Ерөнхий сайд нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж буй иргэдийнхээ өмнө “Хүндэт иргэд ээ!…” хэмээн хүндэтгэлтэйгээр гарч ирж үнэнээ хэлдэг, үүрэг авдаг жишгийг тогтоох эхлэл болоосой. Хамтдаа тэмцэж, хамтдаа ойлголцож, хамтдаа хариуцлага нэхэж, хамтдаа үүргээ биелүүлж хүнд цаг үеийг хамтдаа туулахаас өөр гарц бидэнд байхгүй.Залуусын тайван жагсаал үнийн өсөлтийн эсрэг гарц хайж, төсвийн хэмнэлтийг бодитойгоор хийх зэрэгт Засгийн газрыг цочоож сэргээж чадсан гэж үнэлээрэй, тэднийг дэмжиж байсан та бүхэн минь…
Discussion about this post