Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны зээ охин Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа “Миний өвөө Пунцагийн Жасрай” дурсамжийн ном бичсэн билээ. Энэ номноос унших болгонд хоолой зангирдаг хамгийн хайртай хэсгийг хуваалцъя хэмээн цахим хуудастаа оруулсныг хуваалцаж байна.
Энэ бол өвөө, эмээгийн маань учралын болонээжийн маань хорвоод бий болсон хайрын түүх юм:
“…Орос оюутнууд намрын ажилд явдаг учраас би 9-р сарын сүүл хүргэж байж Москвад очлоо.
Ойдовданзан уулзангуут манай сургуульд монголоос хоёр банди, нэг хүүхэн шинээр ирсэн гэж сонирхууллаа. “Хүүхнийг чинь харъя” гэлээ. Налайхад 10-р анги төгссөн даруухан бор охин байна. Надад шууд л таалагдлаа.
Ойдовданзан, Нямбуу нар урдуур энэ хүүхнийг эргүүлчихэж магадгүй шүү гэсэн битүү хардлага төрөхөөр нь “навтайсан ийм юмыг чинь хүүхэн гэдэг юм уу, та хоёрт л таарч магадгүй” гэж орхив. Дотроо тэднийг хөндийрүүлэх л гэсэн санаа шүү дээ.
Нөгөө банди нар нь Доржготов, Дашням хоёр. Энэ үеэс л Монголоос МЭСИ-д суралцах хүүхдүүд бөөн бөөнөөрөө очиж, нэг хэсэг нь эдийн засгийн чиглэлээр, нөгөө хэсэг нь тооцоолох техникийн инженерийн чиглэлээр суралцдаг болсон.
Монголын статистикчид, тооцоолох техникийн инженерүүдийг энэ сургууль бэлтгэж өгсөн гавьяатай. МЭСИ төгсөгчдөөс Монголын хоёр ч Ерөнхий сайд /Д.Бямбасүрэн бид 2/, шинжлэх ухааны хэд хэдэн доктор, дэд докторууд төрж гарсан. Р.Ойдовданзан бид хоёр Монгол Улсын гавьяат Эдийн засагч цол хүртсэн.
Хоёрдугаар ангиас эхлээд хичээлүүд сонирхолтой, харьцангуй хөнгөн болсон. Харин доод ангийн хүүхдүүдэд туслах шаардлага гардаг байлаа. Ингэж тусалж байгаад нөгөөх Налайхын навтгар бор охинтой нэг мэдэхэд дотносчихсон байсан.
Тэр бол миний эхнэр Л. Дуламсүрэн. Бид хоёр тэр цагаас хойш 50 шахам жил Монголын нэгэн айл өрх гэр бүл болж “ертөнцийн жаргал, зовлонг амсаж эдэлж” явна.
Хоёрдугаар ангиасаа эхлээд хичээлдээ дассан учраас ачааллаа арай багасгаж кино концерт үзэх, биеийн тамирын дасгал хийх зэргээр харьцангуй сонирхолтой амьдрах болсон юм даг. Дуламсүрэн бид хоёр номын санд үргэлж хамт сууна. Толгойгоо амраахын тулд унтахынхаа өмнө мөсөн гулгуур дээр тоглоно. Дуламсүрэн тэшүүрээр гулгаж чадахгүй, иймээс би түүнийг хөтөлж гулгана. Заримдаа хоёулаа сургуулиас гараад замдаа “Скольник”-ийн паркад очиж модны ёроолын цасанд цүнхээ булчихаад кинонд явна. Энэ мэтээр л бид хоёр ижил дасал болсон.
1959 оны өвөл би халдварт шар өвчнөөр өвдлөө. Өвдснөө мэдэлгүй явсаар хүндрүүлсэн юм.
Өвлийн шалгалт өгч байсан үе. Эмнэлэгт үзүүлтэл дор нь хэвтүүлсэн. Эмч нар хөдөлж болохгүй гээд хамаг хувцас хураагаад авчихлаа.
Нэг сестра хүүхэн хажуу талаас салахгүй халбагаар аманд ус хийж өгнө. Идэх юманд үнэхээр дургүй, байнга л дуслын шингэн хийлгэх. Надтай яг нэг байдалд байсан орос хүн бурхан боллоо. Ингээд л би одоо өнгөрч байгаа юм байна гэж ойлгосон.
Цаг нь тулахаар хүн үхлээс айдаггүй, харин хэрхэн амьдарснаа дүгнэж үздэг юм байна лээ. Дуламсүрэн өдөр болгон над дээр ирнэ. Нэг өдөр ирээд “би байнга дотор муухай болоод огих гээд байх боллоо” гэж байна. Тэгэхээр нь би энэ хүн надаас халдвар авлаа гэж бодоод эмнэлэгт түргэн үзүүл гэж явууллаа. Маргааш нь нөгөөдөх маань “Өвчин биш байна, би хүүхэдтэй болжээ” гэдэг байгаа.
Би нилээд бодлоо. “Миний амьдрал дуусаж байдаг. Энэ маань эцэггүй хүүхэдтэй үлдэнэ, сургуулиа дуусгаж чадахгүй байх. Би хайртай хүнийхээ амьдралыг үрлээ”….. гэсэн харамсалд автаад үнэн учрыг хэлж “Чи одоохон наад хүүхдээ авхуул, дотроо хүүхэдтэй байгаа үедээ дахиж над дээр битгий ирээрэй” гээд явууллаа.
Дуламсүрэн маргааш нь бас л ирлээ. “Чи яахав өнгөрөх л юм биз. Үр чинь үлдэг. Би авхуулахгүй” гээд уйлаад салдаггүй. Ингээд байгаа хүнийг чинь би яах вэ дээ. Их ч өрөвдсөн, их ч хайрласан. Тэгээд “За дураараа бол доо. Чиний зөв байж болно. Гэхдээ чамд л хэцүү ” гэлээ.
Тэр үед 7 хоногт нэг удаа Улаанбаатараас Монгол хэлээр радио нэвтрүүлэг явуулдаг байсан юм. Тэр нэвтрүүлгийг сонсох санаатай радионы чихэвчээ чихэндээ хийгээд хэвтэж байтал нэвтрүүлэг явлаа. Тэр дунд “далай их торгууд нутаг минь…” гэдэг ардын дуу дуулагдсаныг сонсоод “Хүн дахин төрдөг нь үнэн бол ийм дуу хууртай сайхан Монгол орондоо дахин төрөх юмсан” гэсэн бодол намайг өөрийн эрхгүй эзэмдэж билээ. Эх орон, газар шорооноос илүү үнэтэй юм хаана ч байхгүй.
Би эмнэлэгт хэвтснээсээ хойш юу ч иддэггүй байсан. Асардаг сестра маань тахианы мах, зайдас зэрэг сайхан сайхан хоол авчирна. Би хараад л огиудас хүрээд амсч чаддаггүй байлаа. Гэтэл нэг орой бусад өвчтөнд байцааны усан шөл, хар талх өгч байна. Түүнийг хараад уг шөлийг идмээр санагдлаа. “Хүн сүүлчээ хийдэг гэсэн, би харийн нутагт байцааны усан шөлөөр сүүлчээ хийх хувь тавилантай юм байж дээ” гэж бодоод тэр шөлнөөс идье гэлээ. Нэг таваг байцааны шөл идсэн чинь хар хөлс гараад бие сүрхий тавирлаа. “Би сүүлчээ хийлээ, маргааш өглөө байхгүй болсон байна” гэсэн шүү юм бодоод хэвтэж байсан чинь унтчихаж.
Өглөө нь сэрсэн чинь амьд байна аа. Тэр мөчөөс бие маань цаг цагаар сайжирч эхэллээ. Ингээд хоёр долоо хоноод эмнэлгээс гарах боллоо.
Гарахад маань эмчилж байсан эмч “бид таныг эмнэлгээс гарна гэж бодоогүй…та хачин биетэй хүн юм” гэж билээ. Эмнэлэгт нэг сар хэвтсэн.
Өвлийн шалгалт өнгөрсөн байсан. Шалгалтаа нөхөн өгөхөөр багш нар дээрээ очиход хэн нь ч шалгалт авалгүй тэр үеийн хэлээр автоматаар “тав” гэсэн дүнг сурлагын дэвтэрт маань бичиж өгсөнсөн…”
Discussion about this post