ҮАБЗ хуралдаж, гишүүн нь болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав сууж байтал Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдээлэл хийж “Монголын гурван хүн тутмын нэг нь хулгайч байна” гэж хэлэхэд төрийн гурван өндөрлөг бие бие рүүгээ хялалзсан гэх “онигоо” бий. Манайд халаасны хулгай гаарсан гэдэг нь нэгэнт ил. Халааснаасаа, цүнхнээсээ хэтэвчээ алдаж голоо харлуулж үзээгүй монгол хүн ховор. Ямар сайндаа алдартай дуучин Крис Норман тоглолт хийхээр ирээд хуучин нэрээр “Буянт Ухаа”-д буунгуутаа эд зүйлээ алдаж цагдаагийнхныг түргэн авахуулсан. Дэлхийд нэртэй дуучдыг цөөнгүй хүмүүс, тэр дундаа цагдаагийнхан хамгаалж байхад л эд юмыг нь хулгайлчихсан гэхээр манай халаасны хулгайчид хичнээн нарийн “мэргэшсэн” нь тодорхой. Гадаадын жуулчид анх Монголд ирэхдээ хэтэвч, эд зүйлээ хулгайд алдаж, цагдаа шүүх болдог байсан. Харин сүүлийн үед Монголд ирэх гэж байгаа жуулчдыг хулгайчаас нь болгоомжлоорой гэж зориуд захидаг болсон болохоор сэрэмжтэй байх болсон гэдэг. Манай улсын хүргэн, ССАЖ-ийн сайд асан Ц.Оюунгэрэлийн нөхөр үнэ хямд, царай муутайхан утас барьчихсан “Ийм муу утсыг хулгайч авдаггүй” гэж сууна гэсэн. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг. Сайхан сэтгэлтэй гэж хэлэгддэг Оюунгэрэл сайдын нөхөр нь утсаа хэд хэдэн удаа алдсан болохоор л ийм “хориг арга хэмжээ” авсан байх даа.
Discussion about this post