С.Жавхлан, Т.Баясгалан тэргүүтэй дуучид ид мандаж байхад “Бурхан Халдун”, “Бурхнаас нуусан амраг” зэрэг “тэнгэрийн” голдуу дуулсан Д.Наранхүү гэдэг залуу шил даран гарч ирсэн. Тухайн үед УДБЭТ-т харъяалагддаг байсан болохоор тэр үү, арай л “анги” байж, сайхан дуулдаг залуу гэгдэн хүмүүсийн сэтгэлд хоногшсон. Харин түүнээс хойш цомог гаргаагүй, олны өмнө гараагүй. Буриад зоны хэлмэгдлийн түүхийг харуулсан “Мойлхон” кинонд Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Баярмаатай хослон голд дүрд нь тоглосон. Дуучин Д.Наранхүү өөрт оногдсон буриад залуу Дугарын дүрийг сайн ч бүтээсэн. Тиймээс дуунд, кино урлагт дуртай бүхэн Д.Наранхүүг хааяахан санах нь бий. Дуучин Б.Наранхүү хуучин нэрээр УАДБЧ буюу Монголын Үндэсний Урлагийн Их Театрт гоцлол дуучнаар ажиллаж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-г анх 1935 онд Бөмбөгөр ногоонд тавьсан ардын дууны хувилбараар найруулж, уг жүжгийн Нансалмаад МУГЖ Цогтсайхан, Юндэнд Батмэнд, Хоролмоод Ц.Түмэнжаргал, Балганд Д.Наранхүү тоглосон нь сайн бүтээл болсон. “Учиртай гурван толгой”-г тавьсан хүрээ дууны маягаар, гучаад онд Ичинхорлоо гуай дуулж байсан “манер”-аар дуулсан ардын дууны “Учиртай гурван толгой” сонирхолтой, шинэ содон байлаа. Шинэ сонин гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл гэдэг үгтэйг Монголын Үндэсний Урлагийн Их Театр, МУСТА Д.Наранхүү харуулж чадсан гэж үнэлж байна.
Discussion about this post