Өмнөд Солонгос улс ядуу, буурай орноос хэдхэн жилийн дотор Азид аман хүзүүнд, дэлхийн 5 дахь том эдийн засагтай болж хөгжихөд өнөөгийн том корпорациудыг бий болгосон гэр бүлийн бизнес чухал үүрэг гүйцэтгэжээ. Бид сайн мэдэх “LG”, “SK групп”, “Lotte”, “Korean air”, “Samsung”, “Хьюндай” зэрэг Өмнөд Солонгосын томоохон компаниуд нь бүгд “чэбол” хэмээн нэрлэгддэг бизнесийн элит гэр бүлийн захиргаанд байдаг аж.
ЧЭБОЛЫН ҮҮСЭЛ
Анх 1963 онд Пак Чун Хи генерал төрийн эргэлт хийснийхээ дараа экспортод чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ элит гэр бүлүүдийг бодлогоор дэмжин бий болгож эхэлжээ.
АНУ-аас орж ирсэн санхүү мөнгийг томоохон төсөл хөтөлбөрүүдэд хуваарилан, тендерүүдээ “сонгогдсон” хэдхэн компаниуддаа өгч эхэлснээр эдийн засгийн асар их чадавхи, нөөц баялагтай өнөөгийн чэболууд үүсэж эхэлсэн байна. Тэднийг 1960-аад оноос хойш дэмжсэнээр улсынхаа эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон “Самсунг”, “Хьюндай” тэргүүтэй корпорациуд бий болсон. Тэр дундаа “Самсунг” нь 1953 онд солонгосын дайн дууссаны дараа тус компани нь Өмнөд Солонгосын сэргэн мандсаны бэлгэдэл болсоор ирсэн билээ. Одоо Өмнөд Солонгост 45 чэбол буюу бизнесийн элит гэр бүл байдаг аж.
ТОП ТАВАН ЧЭБОЛ гэр бүлийнхэн гэж хэн бэ?
1.Samsung
Өмнөд Солонгосын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бэлгэ тэмдэг болсон “Самсунг” корпораци нь 1938 онд байгуулагджээ. Анх Хятад руу жимс, хатаасан загас, гоймон экспортолдог жижиг компани байсан. Өнгөрсөн 80 жилийн турш тус компани нь үйл ажиллагаагаа цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц, тансаг зэрэглэлийн зочид буудал, эмнэлэг, парк, их сургууль зэргээр тэлсэн бөгөөд өдгөө хамгийн том салбар байгууллага нь “Самсунг электроникс” юм. “Самсунг” корпорацийг өнөөдөр 3 дахь үеийнх нь чэбол залгамжлан удирдаж байна. Форбес сэтгүүлд бичсэнээр тус корпорацийн эзэд нь Азийн хоёр дахь баян гэр бүл юм. “Самсунг” корпораци нь Өмнөд Солонгосын ДНБ-ийн 14 орчим хувийг дангаараа эзэлдэг.
“Самсунг”-ийг үүсгэн байгуулагчийн ургийн мод
2.Хьюндай
Үйл ажиллагаагаа 1947 онд жижиг барилгын компаниас эхэлж, яваандаа усан онгоц үйлдвэрлэл, санхүү, даатгал, цахилгаан барааны зах зээл рүү тэлсэн. Харин 2003 онд Азийн санхүүгийн хямрал болсны дээр үүсгэн байгуулагч нь нас барсны дараа 5 тусдаа компани болж салжээ. Тэдгээрээс хамгийн том нь дэлхийд машин үйлдвэрлэлээрээ гуравт ордог “Хьюндай мотор групп” юм. Түүнчлэн “Хьюндай хүнд үйлдвэр” компани нь усан онгоцны дэлхийн хамгийн том үйлдвэр.
3.SК групп компани нь 1950-аад онд байгуулагдсан бөгөөд өдгөө 80 гаруй салбар байгууллагатай. Эрчим хүч, эм тариа, хөрөнгө даатгал, усан онгоцны үйлдвэрлэл, болон барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн алдартай салбар байгууллага нь Өмнөд Солонгосын хамгийн том утасгүй сүлжээний үйлчилгээний компани болох “SK telecom” юм. Түүнчлэн “SK Hynix” салбар компани нь санах ой буюу мемори карт үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт ордог.
4.LG корпораци. Энэ нь Lucky goldstar гэсэн үгийн товчлол юм. Тус компани нь үйл ажиллагаагаа 1947 онд химийн бүтээгдэхүүн, хуванцрын салбараас эхэлсэн бөгөөд 1960-аад оноос цахилгаан бараа, харилцаа холбоо болон эрчим хүчний салбарт ихээр хөрөнгө оруулах болсон. Харин 2005 онд компани дотор задрал, хагарал явагдаж GS компани тусдаа гарсан. GS нь эрчим хүч, спорт, барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.
5.Lotte
Үүсгэн байгуулагч Шин Кюк У нь 1948 онд Токиод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа анх бохь үйлдвэрлэн эхэлж байсан, одоо ч бохины үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог. Гол үйл ажиллагаагаа явуулдаг салбар нь хүнсний бүтээгдэхүүн, их дэлгүүрүүд, зочид буудал, санхүү, даатгал, барилга, эрчим хүч, цахилгаан бараа болон энтертайнмент буюу кино театр, продакшнууд юм.
Пак генерал бууж, 1980-аад оноос Өмнөд Солонгос ардчилсан тогтолцоонд шилжих үеэр үеэр чэболын эрх мэдэл бага зэрэг хязгаарлагдсан. Гэхдээ томоохон бизнес болон Засгийн газрын хэлхээ холбоо нь хэвээр үлдсэн аж. Түүнчлэн 1997 оны азийн санхүүгийн хямралаар топ 30 чэболын 15 нь дампуурсан байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Хөгжиж буй орнуудын хөрөнгөтнүүд ихэвчлэн өөрийн хүчээр буюу хувийн бизнесээ өргөжүүлэх замаар баяжсан байдаг бол Өмнөд Солонгосын баячуудын ихэнх нь хөрөнгөө өв залгамжилж авсан байдаг аж. Тус улсын хамгийн баян 100 хүний 84 нь хөрөнгөө өв залгамжилж авсан байгаа нь солонгосын өв залгамжлах соёл бизнесийн салбарт гүнзгий шингэсэн байгааг харуулж байна.
Цөөн хэдэн гэр бүл удам дамжин бүхэл бүтэн улсын эдийн засгийн талаас илүү хувийг удирдаж байгаа нь том корпорациуд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ялгааг улам нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шударга өрсөлдөөний зарчим үгүй болж байна. Тухайлбал “чэбол”-ын эзэмшдэг компаниуд нь Өмнөд Солонгосын нийт компанийн 0.2 хувийг л эзэлдэг боловч үйл ажиллагааны ашиг нь 41 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд шинээр бий болгосон ажлын байрны орон тоо ч “чэбол”-ын компаниудад буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Чэболийг жижиг дунд бизнес, старт-апын хөгжилд саад хийх замаар эдийн засгийн өсөлтийг зогсоож байна хэмээн хүмүүс ихээр шүүмжлэх болсон.
ХУУЛЬ БУС ЯВДЛУУД ГАЗАР АВСААР
“Чэбол”-ын хувьд 2017 он хүндхэн жил байсан. Тухайлбал, Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дуулиант хэрэгт холбогдсон “Samsung” корпорацийн тэргүүн Ли Чэ Ён таван жилийн ял авсан билээ. Мөн энэ хэрэгт “Lotte” группийн ерөнхийлөгч Шин Дон Би ч бас татагдан, хэрэгтний сандал дээр сууж байв.
Ли Чэ Ёны эцэг болон олон магнатууд өмнө нь авлига, мөнгө шамшигдуулсан, татвараа төлөөгүй зэргээр буруутгагдаж байсан боловч шийтгэлээс яаж ийгээд мултарчихдаг байлаа. Учир нь тус улсын төр засгаас бизнес рүүгээ дайралт хийвэл эдийн засагт хор хохиролтой гэж болгоомжилдог аж.
Чэболууд авлигын хэрэгт холбогдож, баривчлагдах нь түгээмэл боловч тэднийг шудрагаар шүүж, хорих ял оноох нь бараг л үгүй аж. Тэд ялаа үүрэхийн оронд их хэмжээний мөнгөн торгууль төлөх, ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдах, эсвэл шүүхээс тэдний ялыг нь хойшлуулах, түдгэлзүүлэх зэргээр үйл явц өрнөдөг байна.
БНСУ-ын “чебол” буюу гэр бүлийн томоохон компанийн удирдлагууд шоронд орсон ч хуульчид болон нарийн бичгээрээ дамжуулан албан ажлаа хийдэг жишиг байдаг ажээ.
ИРЭЭДҮЙ
Чэбол нь Өмнөд Солонгосын эдийн засгийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ч маш олон улстөрч болон хөрөнгө оруулагчид үүнийг XXI зууны эдийн засгийн хэв маягт тохирохгүй хэмээн шүүмжилдэг. Тус улсын жирийн ард иргэд ч бас хөрөнгийн ихэнх хэсгийг хэдхэн баян гэр бүлүүд эзэмшиж байгаад, мөн тэдний хэрээс хэтэрсэн ааш авир гарган, гэмт хэрэгт холбогдоход төр засаг нүдээ аниад өнгөрүүлж байгааг эсэргүүцэх болсон.
Тус улсын эдийн засаг цаашид тогтвортой хөгжихийн тулд бизнесийн салбар, инновацийг “хэт төвлөрсөн том чеболь” буюу угсаа дамжсан конгломерат бүлийнхний хүрээнээс гаргах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, Японы зайбацутай адилаар тэднийг задлах цаг нь болсон хэмээн ард иргэд төдийгүй улстөрчид нь үзэх болов.
Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэн Ин ч бас сонгуулийнхаа кампанит ажлын үеэр чэбол гэж нэрлэдэг үе залгамжилсан асар том бизнес гүрнүүдийг задлах амлалтыг өгч байсан.
Өдгөө Өмнөд Солонгост тулгамдаад буй чухал асуудлын нэг бол орлогын тэгш бус байдал, жирийн ажилчдын карьераа өсгөх хязгаарлагдмал боломж болон залуучуудын дундах ажилгүйдэл зэрэг юм.
Discussion about this post