Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө. Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.
ОРОСЫН ТӨРИЙН МОНГОЛ УЛАМЖЛАЛ
Орос улс заавал аугаа том байх ёстой юу?
Заавал аугаа том байхаар заяагдсан. Өөр байх бололцоогүй. Өөр байя гэвэл дахин шинэчлэн зохион бүтээх хэрэгтэй болно. Московитын ноёд байх үеэсээ аугаа эзэнт гүрэн болох хүртлээ Орос улс үргэлж газар нутгаа тэлэх хүсэл тачаалтай байлаа. Тэд орос угсаатны уугуул нутаг дэвсгэрийнхээ эргэн тойрны бүх чиглэлд колонийн тогтолцоо бий болгосон. Одоо ч ОХУ-ын элитүүд хил хязгаараа тэлэх, нөлөө үзүүлэх боломж бүрийг алдалгүй ашиглах ёстой гэж үздэг.
Эргээд энэ туулсан замыг нь харцгаая л даа: XIII зуунд Московитын вант улс 10,000 орчим ам километр нутагтай байсан. Дэлхийн 2-р дайны дараах ЗХУ-ын нутаг дэвсгэр 22 сая гаруй ам км болсон байв. Энэ нь дэлхийн бөмбөрцгийн дөрөвний нэг гэсэн үг. Оросуудад орон зай хамгийн чухал хүчин зүйл байдагт гайхах явдалгүй. Улс орон нь ийм том нутгийг эрхшээлдээ оруулсан нь орос үндэстнийг бусдаас давуу гэж үзэхэд хүргэдэг тул үүнд онцгой ач холбогдол өгдөг. Федор Достоевский “Бид аугаа, эх болсон Орос шигээ аугаа” гэж байнга бичдэг байлаа.
Ийм аугаа хүчирхэг улсад амьдарч байгаадаа орос хүн бахархан сэтгэл ханадаг. Бусад их гүрнүүдтэй эн зэрэгцэн дэлхийн хувь заяаг тодорхойлдог, улам бүр тэлэн томрох Эзэнт гүрний иргэн юм гэсэн ухамсар л чухамдаа орос хүн гэдгээ мэдрэх жинхэнэ шалтгаан болдог. Хичнээн ядуу, өлсгөлөн, осгосон байсан ч хамаагүй. Учир нь “бид аугаа”. Хувьсгалаас өмнө ч ийм байсан, ЗХУ-д ч ялгаагүй, одоо ч ийм л байна.
Эсвэл энэхүү аугаа том газар нутаг нь Оросын хараал юм болов уу? Философич Николай Бердяев улс орны өргөн уудам нутаг дэвсгэр нь төрийн эрх мэдлийн авторитаризмд нөлөөлсөн гэж үздэг байв. “Газар нутаг маань хэт өргөн уудам учраас Оросын төр жинг нь дааж, хариуцлагыг нь үүрэх шаардлагатай болсон. Оросын газар нутгийн хүч орос хүнийг өмгөөлдөг ч, тэрээр түүнээ хамгаалж, хөгжүүлэх шаардлагатай болжээ. Чухам үүнээсээ болж эмгэг үүссэн. Төрийн ачаа улам бүр нэмэгдсэнээр ард түмнийг боомилж, ихэвчлэн устгаж байлаа” гэж тэр бичжээ. Тэрээр Оросын өргөн уудам газар нутаг, тэрнээс нь шалтгаалсан төрийн хэлбэр аяг хоорондын уялдааг тодорхойлохыг оролдсон цор ганц хүн биш шүү.
Ийм хүчирхэг улсыг зөвхөн хатуу гараар удирдах ёстой гэдгээ үе үеийн Оросын улстөрчид нотолсон. Ингэхгүйгээр бүх зүйл нурж унах болно. Тийм ч учраас Орост либерал, ардчилсан туршилт хэрэггүй – энэ нь Англи эсвэл Францад сайн байж магадгүй, харин аглаг Сибирь, Ижил мөрний уудам талд бол бүтэшгүй. Ингэж л хатуу итгэдэг удирдагчидтай улс даа.
Уг нь АНУ ч, Канад ч газар нутгаар аугаа орнууд. Тэд нийгэм, улс төрийнхөө тогтолцоог огт өөр суурин дээр босгосон. Тэнд өргөн уудам газар нутаг нь төрийн эрх мэдлийн дарангуйлал, иргэний эрх чөлөөний хомсдолд хүргэх ёстой гэж хэзээ ч хэний ч санаанд орж ирж байгаагүй. Харин хаад, генсек эсвэл Путин гэсэн Оросын автократууд огт өөр эх сурвалжийн шалтгаантай. Энэ нь л Оросын империализм!
Орос гүрий улс төрийн соёл, ертөнцийг үзэх үзэл, төрийн ашиг сонирхлыг тодорхойлох барил нь Монголын Алтан Ордын нийслэл Сарайгаас үүпэлтэй. Авсан барил, онцлог шинж чанар нь түүхийн хугацаанд бараг өөрчлөгдөхгүй явсаар өдий хүрчээ.
Оросууд монголчуудаас юу өвлөж авсан бэ?
1236 оноос эхэлсэн монголчуудын довтолгоо Киевийн Русийг сүйрэлд хүргэв. Энэ нь хамтран ажиллах чадваргүй хуваагдсан Русь дээр туссан. Бие даасан ноёд өөрсдийгөө л хамгаалж байв. Тэд мөхөж, тэдэнтэй хамт бусад бэхлэлтүүд үнс нурам болжээ. Түрэмгийллийг Чингисийн ач Бат хаан удирдсан юм.
Хотууд өөрсдөө хэрмийн хаалгаа нээж өгөхгүй бол хүн амыг бүхэлд нь хядаж байсан нь цөөнгүй. Тэд дээрэмдэж, түймэрдэж, алж хядаж байлаа. Аймшигтай бүслэлтийн дараа Киевийг эзлэн устгав. 1240 он хүртэл хойд зүгийн Новгород, Псковыг эс тооцвол дорноос ирсэн шинэ хүмүүс сүйрээгүй газар үлдээсэнгүй. Монголчууд Оросыг үүрд захирахаар шийджээ. Үнэхээр ч тэдний хаанчлал 250 орчим жил үргэлжилсэн бөгөөд Русь, дараа нь Оросын элитүүдийн сэтгэлгээ, үйл ажиллагаанд гүн тод ул мөр үлдээжээ.
Оросын ноёд, дараа нь хаад, эзэн хаад хязгааргүй эрх мэдэлт дарангуйлагчид болж хувирсан. Московитын русьчууд захирагчийн дорнын загварыг хуулан авлаа. Орос ноёд туйлын бүрэн эрхт эзэн болцгоож, тариачид, гар урчууд, бояруудын амьдрал, үхлийг шийддэг эзэн болжээ. Москвагийн захирагчид хууль дүрмийг ч тоодоггүй дураараа загнагчид. Өөрөөр хэлбэл тэд өөрснөө хууль юм. Тэд хэнийг ч, тэр байтугай хамгийн том эрхмүүдийг ч утга учир, албан тушаал, амьдралаас нь салгаж дөнгөнө.
Энэ нь Монголын эзэнт гүрний баруун хэсэгт Бат хааны байгуулсан Алтан Ордын нийслэл Сарайгаас алдарсан ёс заншлыг русьчууд шууд өвлөн авсантай холбоотой. Монгол хаадын эрх мэдэл үнэмлэхүй байсан. Гэхдээ хаан ялсан цагтаа л захирч байсан, тийм үедээ л хүчирхэг. Харин Ордод гамшиг тохиолдох юм бол шууд түүний буруу болно. Чингэвэл ихэнхдээ төрийн эргэлт гарч, чадваргүй хаан хүчээ алдаж, гол төлөв амь насаа өгнө.
Эндээс уламжлаад Орост хүчирхэг удирдагчийн тухай домог улс төр, нийгмийн уламжлалд гүн гүнзгий шингэсэн байдаг. Оросууд I Петр, II Екатерина нарыг биширдэг, тэд Сталины хядлагыг тоодоггүй, харин нацист Германыг ялж, дэлхийн хүчирхэг гүрэн болгосныг нь ихэд үнэлдэг. III Петр, I Павел зэрэг чадваргүй сул дорой удирдагчдад юу тохиолдсон бэ? Яг л Ордтой адилхан. Тэд ордны хуйвалдааны үр төлөөсөнд үхэцгээсэн.
Московитын Русийн ноёд болгон цол хэргэм, эрх мэдлээ баталгаажуулахын тулд Сарай руу биечлэн гүйлдэнэ. Ордын хаанд хүндэтгэл үзүүлж, ярлык гэж нэрлэгдэх эрхийнхээ баталгааг хүлээн авна. Харин тэндээс буцаж ирэх эсэхээ хэзээ ч мэдэхгүй. Эхнэр, хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгэж, гэрээслэл үлдээнэ. Алтан Ордын нийслэлд очоод алагдсан Московитын Русийн ноёдын жагсаалтад маш олон нэрс бий.
Нөлөөлөл, байр сууриа хадгалахын тулд, заримдаа зүгээр л амьд үлдэхийн тулд хуйвалдаан гэх мэт төөрөгдөлд оролцох хэрэгтэй болдог. Азийн тал нутгаас шууд оруулж ирсэн хүчирхийллийн улс төрийн соёлд дасан зохицохоос өөр аргагүй болдог. Ямар нэг зүйлийг хэлэхийн тулд харгис, хэрцгий, шийдэмгий байж л хэн нэгэн болж чадна. Энэ уламжлал Орост маш удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд, Хаант засгийн үед ч, ЗХУ-д ч ийм байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл энэ хэвээрээ л байна.
Хэрэв Владимир Путин сул дорой ноён болж хувирвал оронд нь өөр хүн гарч ирэх үү?
Үүнийг хэн ч мэдэхгүй. Бидний мэдэх зүйл бол Орост Хаант төрийн устгал байсан. ЗХУ-д Никита Хрущевын үе хүртэл улс төрийн өрсөлдөгчдийг цаазаар авах замаар засгийн эрхээс зайлуулах нь тогтолцооны хэм хэмжээ байв. Ийм байдлаар устгагдсан сүүлчийн улстөрч бол Сталиныг нас барсны дараа засгийн эрхийг авахыг оролдсон Лаврентий Берия байв. 1953 оны 12-р сард тэрээр хэд хэдэн хамтрагчдынхаа хамт буудуулжээ.
Хожим нь СССР-т залгамж халаа арай жаахан соёлтой болж, эрх баригч элит нарын хүчний тэнцвэрээр асуудал шийдэгдэх болсон. Одоогийн Кремлийн элитүүд ямар загварт хандах эсэхийг дүгнэх боломжгүй. Харин XIV зуунд лалын шашин, турк хэлийг хүлээн авсны дараагаас Татаар гэж нэрлэгдэх болсон монголчууд зөвхөн эрх мэдлийг хэрэгжүүлэх, хувийн асуудлаа хэрхэн шийдэх үлгэр жишээг оросуудад үлдээсэн гэдгийг санах нь зүйтэй. Эзлэх, тэлэх, хил хязгаараа өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэсэн гүн гүнзгий итгэл үнэмшил тэдэнд бий.
Московитын русьчууд, дараа нь оросууд үргэлж гадагшаа тэлэн, шинэ газар нутаг эрэлхийлсээр ирсэн. Европ, Ази, тэр байтугай Хойд Америкт. Энэ “ховдоглол” нь гайхмаар. Энэ бол ердөө л монголчуудаас олж авсан өв соёл нь. Нүүдэлчид угаасаа шинэ бэлчээр нутаг эрэлхийлэн эзлэх хувь тавилантай хүмүүс. Тиймээс эзэлсэн газрынхаа орон нутгийн хүн амыг эрхшээлдээ оруулах ёстой болно. Монголчуудын хувьд тэлэлт нь төр оршин тогтнох цорын ганц зөв үндэслэл.
Гэхдээ тэд эзэлсэн улсынхаа орон нутгийн асуудалд хөндлөнгөөс оролцдоггүй байв. Русьд ч тэд мөн ингэж, засаг захиргааг нутгийн ноёдод үлдээсэн. Харин Алтан Орд дээд эрх мэдлийг нь атгаж, тэр байтугай Их ван цолыг хүртэл хэнд олгохыг мэднэ. Тухайн ноён нутгаа хэрхэн захирч байгааг Ордын хаад огт сонирхсонгүй. Ноёд алба гувчуураа өгч, хааныг дуудсан цагт цэрэг цуухаа дайчилж л байвал, бусдаар бол хүссэн бүхнээ хийж болно. Хэрэв ноён энэ үүргээ биелүүлэхгүй бол тэр даруйд нь шийтгэлийн аянд илгээж, тэрслүү ноёныг даруй эмх цэгцэнд нь оруулна.
Орос улсын төрийн тогтолцоо дор хаяж XIX зууны эцэс хүртэл яг ижил зарчмаар тогтсоор иржээ. Тэд ч аль нэг улсыг эзлэн авахаараа засаглалыг нутгийн элитүүдийн гарт үлдээдэг. Хэрэв тэд Оросын царь, Эзэн хаанд үнэнч байж, татвар тогтмол төлж, цэрэг элсүүлэх ажил жигдрээд байвал төр тэдний дотоод хэрэгт оролцдоггүй.
Монголчуудтай хамтран ажиллах нь Русийн ноёдод ашигтай байсан уу?
Монголчуудтай хамтрах гэж ноён бүр дор бүрнээ хичээж байлаа. Энэ нь XV зуунд Алтан Орд доройтон сулрах хүртэл үргэлжилжээ. Русийн ноёдын хамгийн том өсөрхөгчид нь татаар монголчууд гэхээсээ өөрсдийнх нь бусад ноёд байсан юм. Монголчууд ирснээр энэхүү ах дүү нарын хоорондын хэрүүлийг улам амжилттай хөгжөөн үргэлжлүүлжээ. Тэд “хувааж байгаад захир” тактикийг маш амжилттай ашигласан.
Тэр нь ч үр дүнгээ дор нь харуулсан. Түрэмгийлэгчтэй хамтран ажиллах нь амьд үлдэх нөхцөл төдийгүй орон нутгийн шатлалд өөрийгөө болон гэр бүлээ дээш авч явах боломж байв. Хэдий чинээ хичээнгүйлэн хамтран ажиллана, төдий чинээ дээшлэх боломж олдоно.
Московитын Рюрик удмыхны карьер нь юун түрүүнд тэдний монголчуудтай идэвхтэй хамтран ажилласнаар эхтэй. Өөрөөр хэлбэл Москвитын Рурик удмыхны толгой эргэм карьер нь Монголын буулган дор, үндсэндээ бүх Оросыг эзэмдсэн хэрэг. Москвагийн язгууртнууд л бусдыгаа бодвол Алтан Ордын дэмжлэгийг ихэвчлэн авдаг байлаа. Тэд Ордын хаадын таалалд найдаж, байр сууриа бэхжүүлж, нийт Оросын газар нутгийг нэгтгэх эрхэм зорилгоо эхлүүлэв. Гэхдээ тэд бас Орос дахь татаар монголчуудын ноёрхлыг эцэслэн дуусгасан гэдгийг анзаарахгүй байхын аргагүй. Тэгээд өөрснөө бүх Оросын Хаан сэнтийд суув.
Москва дахь Рюрик овгийнхон яагаад илүү амжилтанд хүрсэн бэ?
Московитийн Рюрик овгийн удмыхны карьерын эхлэлийг тавьсан хүн нь Невийн Александр юм. Тэрээр Оросын үндэсний баатруудын нэг. Оросын эртний шастируудад түүнийг алдаршуулж байсан бол, Хаадын болон коммунист Орос улсад хөшөө дурсгалуудыг босгох болсон. Одоо ч Путины Орост мөн ялгаагүй.
Одоогийн эрх баригчдын үзэж буйгаар Оросын түүх чухамдаа латин угсаат барууныхныг эсэргүүцсэн захирагч Невийн Александраас эхэлдэг. Монголчуудаас биш. Гэхдээ монголчуудтай ойр хамтран ажиллаж, тэдний дэмжлэгээр олж авсан эрх мэдлээ Александр ах дүү нарынхаа эсрэг ашигласан.
Александр бол Новгородын хунтайж байсан бөгөөд 1240 онд Нева мөрөнд шведчүүдэд хүнд цохилт өгсөн (түүний Невийн гэх алдар нь эндээс үүдэлтэй) бөгөөд хоёр жилийн дараа Чуд нуурын мөсөн дээр Ливоны рыцариудыг ялсан юм. 500 орчим рыцарь алагдаж, удирдагч нь олзлогдов. Орос үндэстний ой санамжид энэхүү мөсөн дээрх тулаан нь маш чухал утгатай байдаг.
Эдгээр амжилтын дараа Александр байр сууриа улам бэхжүүлэв. Тэрээр Алтан Ордтой хамтран ажиллаж, Киевийн ван, дараа нь Их Оросын вангийн ярлик хүртжээ. Киев, Владимир, Новгородод Александр хяналтаа тогтоосон. Тэр маш хүндтэй хүн болж өссөн. Александрыг нас барсны дараа түүний хөвгүүдийн нэг Даниел тэр үеийн бяцхан хот байсан Москвагийн засаглалыг гартаа авчээ.
()
Discussion about this post